“33”-ын бүлгийн задрал буюу тохиролцооны үр дагавар
У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар бүрдэж, ажилдаа орлоо. У.Хүрэлсүхийн Засгийн газар хэрхэн бүрдэхийг хүлээсэн хүлээлт нийгэмд байсан юм.
Гэвч энэ хүлээлтийн хариуг У.Хүрэлсүх чухам яаж барьсныг одоо дүгнэхэд бэрх. Магадгүй, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимаа бүрдүүлсэн шийдэл олон нийтийн хүлээлтийг унагасан байх.
Учир юу гэвэл У.Хүрэлсүхийн Засгийн газрын сайд нар өөрөөс нь бусад нь “давхар дээл”-тэй.Уг нь ард түмэн У.Хүрэлсүхээс ийм засаг хүлээгээгүй юм.
Тиймээс сайд нарынх нь “давхар дээл”-ээс эхтэй зөрчил цаашдаа ч үргэлжлэх төлөвтэй.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх бол ирэх сарын 22-нд, ердөө ганцхан сарын дараа болох МАН-ын Их хурлаар намын дарга болчих хүсэлтэй байгаа.
МАН-ын Их хурлын төлөөлөгчдийн олонхын саналыг авч байж л намын дарга болно. Тэгэхээр У.Хүрэлсүх олонхыг удирдан, чиглүүлж байдаг бүлэглэлүүдтэй тохироо хийхээс өөр арга байгаагүй гэдгийг улс төрийн ажиглагчид шууд хэлж байна.
Ингээд харахаар У.Хүрэлсүх Ерөнхий сайд болоод хийсэн эхний алхам нь тун хөгийн харагдаж байгаа юм. Уг нь тэрээр нийгмийн захиалга болсон, “давхар дээл”-гүй хэдэн сайн сайдаар засгаа бүрдүүлчих ёстой байсан юм. УИХ саналыг нь хүлээж авахгүй ч маш сайн хэдэн сайдын нэр халааслаад нам руугаа, бүлэг рүүгээ орчих байсан гэсэн үг. Гэвч тэрээр бүлэг, фракцуудтайгаа тохироо хийж Засгийн газраа бүрдүүлсэн. Энэ нь олон нийтийн итгэл, хүлээлтийг алдахад хүргэсэн гэхэд болно.
Нөгөөтээгүүр У.Хүрэлсүх гэдэг хүн Ерөнхий сайд болонгуутаа бүлэглэлүүдтэй яриа тохироо хийж эхэлсэн. Энэ нь бас нэг үргэлжилсэн том хар үйл явдлын эхлэлийг тавьсан байж мэдэхээр болоод ирлээ. У.Хүрэлсүх бол УИХ-ын 33 гишүүн, дээрээс нь АН-ын арваад гишүүний дэмжлэгтэй л энэ суудалд хүрсэн.
Гэтэл тохироо нэрээр дандаа УИХ-ын гишүүнийг сайдаар сонгосон. Тэр бүү хэл, анх удаа сонгогдсон гишүүн хүртэл Засгийн газрынх нь сайд болсон. Намынх нь гишүүд УИХ-д үнэмлэхүй олонх байгаа үед ийм сонголт хийсэн нь буруу гэдгийг улс төрийн хүрээний хашрууд өмнө нь хэлээд л байсан. Одоо ч хэлж байна.
Яагаад гэвэл олдвол өлдөнө гэдэг шиг юм болж байна. Хэрвээ МАН нь УИХ-д уламжлалт маягаар 20-30 гишүүнтэй байсан бол байдал өөр. Тэдэнтэй учраа олж болно. Харин одоо цаана нь сайд болоогүй, танхимд нь багтаагүй 50 гишүүн байна.
Тэдгээр 50 гишүүнд ч бас эрх ашиг бий. Тэд одоо Ерөнхий сайдыг өөртэй нь яаж харьцахыг л харж байгаа гэчихэд буруудахгүй. Тиймээс сайд болоогүй 50 гишүүн нөгөөх 15-даа таатай хандахгүй. Харин эрх ашгийг нь дэмжээд өгвөл энэ засгийг дэмжинэ л гэцгээх байх. Энэ нь ч илрээд эхэлсэн.
Гэхдээ энд нэг зүйлийг онцлоход УИХ-ын дарга М.Энхболд чуулганы хуралдаанаар сайд нарыг хэлэлцэх хугацааг хангалттай тавьж өгсөн. Хоёр өдөр хэлэлцсэн. Ингэж сайд нарын сайн мууг нь, хийх хийхгүйг нь тултал хэлэлцүүлсэн юм. Ер нь бол энэ бүхний дараа сайд нар хийж чадахгүй бол хэлэх үггүй л сууна гэсэн үг. Хэрэв өмнөх УИХ-ын дарга З.Энхболд тэр чуулганыг удирдсан бол юу болох байсныг бас л бодох хэрэгтэй юм.
Үүнээс гадна сайд болсон гишүүдийн эзгүй орхисон Байнгын хороодын даргын суудал, 9:6 хувилбараар тохирсон дэд сайд нар, Төрийн нарийн бичгийн дарга нар, агентлагийн дарга нарын томилгоо удахгүй эхэлнэ. Энэ “арга хэмжээ”-нд МАН-ын 50 гишүүн оролцоно гээд л үзчихнэ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэр үед хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага мэт л болно гэсэн үг.
За тэгээд, томоохон улсын үйлдвэрийн дарга нарын суудал ч ганхаад эхэлсэн. Бас яамдын газар хэлтэс, агентлаг доторх дарга нарыг солино гэдэг тодорхой.
Хамгийн түрүүнд дэд сайд нараа яах ийхийг шийднэ. Дэд сайдтай байна гэдэг дээр бараг тохирч байгаа гэсэн. Учир нь дэд сайдын орон тоо гэдэг овоо юм шингээдэг “сав” гэж улс төрийнхөн ярьдаг юм. Одоо байгаа дэд сайд нараас нэлээдийг солино гэдэг мэдээлэл байгаа. Солих дэд сайд нарын тэргүүнд БХБ-ын дэд сайд Ш.Лхамсүрэн /ММСУХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч байсан/, ХНХ-ын дэд сайд С.Мөнгөнчимэг /НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга байсан/ хоёрын нэр байна гэж буй.
Мөн “33”-ын бүлгийн сайдтай яаманд “32”-ын бүлгийн дэд сайдыг томилно гэх маягаар зөрүүлж тавихаар ярьсан гэж байна. Яг л МАН-ын сайдтай яаманд АН-ын дэд сайдтай байна гэдэг шиг юм. Гэхдээ дэд сайдын тухайд эцсийн шийдлийг Ерөнхий сайд гаргах бөгөөд сайд болон гишүүдтэй санал солилцох зарчмаар томилох юм байна.
Үүнээс гадна алдарт “33”-ын бүлгийн хүч суларч эхэлснийг эх сурвалжууд ярьж байна.Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр УИХ-ын дэд даргын суудалд хэнийг тавих вэ гээд хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан олонхын дэмжлэг авсан. Гэхдээ тэр хүртэл хөшигний ард их юм болжээ. УИХ дахь МАН-ын бүлэг өмнөх шигээ 33-аараа нэг талд, 32-оороо нөгөө талд хуралдсан байгаа юм.
“32”-ын бүлэг бол Л.Энх-Амгаланг олон таван үггүйгээр УИХ-ын дэд даргад дэмжсэн байна. Харин “33”-ын бүлэгт бөөн асуудал үүсжээ. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Т.Аюурсайхан хоёр өрсөлдсөн байна. Ингээд ганцхан хүний саналын илүүгээр Ж.Энхбаяр нь нэр дэвшихээр болжээ. Тэгээд бүлэг рүүгээ оруулж санал хураалгатал 33-ын бүлгийн найман гишүүний санал Л.Энх-Амгалан руу явж, Ж.Энхбаярыг 25 гишүүн л дэмжсэн байна. Тэр найман гишүүн хэн хэн байсныг тодорхой болгож чадалгүй тарцгаажээ.
Энэ бүхнийг тоочсон нь учиртай. У.Хүрэлсүхийг дэмжиж гаргаж ирсэн цөм болох “33”-ын бүлэг задарч эхэлсэн байна.
Бас У.Хүрэлсүхийн тохиролцож байгуулсан Засгийн газрын дараа ч УИХ дахь МАН-ын бүлэг нэгдэж чадаагүй байна. Нэгдэх байтугай дахиад хэд ч задарч мэдэхээр байгаа тухай мэдээллүүд цацагдах болов.
УИХ хавиар МАН-ынхан иймэрхүү байдалтай байна. Тэд элдэв томилгооноос гадна ирэх сарын 22-нд болох намынхаа Их хурлыг хүлээж байна. Хэн МАН-ын дарга, хэн генсек болох вэ гэдэг тэр Их хурлаар тодрох юм.
Тиймээс УИХ дээр ийм зөрчилтэй байгаа гишүүд энэ чигээрээ явсаар намынхаа Их хурлыг бужигнуулбал хэдэн хүний хоорондын тохироо юу ч биш болно гэдгийг улс төрийн хүрээнийхэн бас ярьж л байна.