МАН: Энэ долоо хоногт 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар Отгонтэнгэр ууланд авиралт хийхээр гараад сураггүй болсон 17 иргэний мэдээлэл сонсч, мөн энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал болон зарим дэд хороо, байнгын хорооны дарга нарыг томилох асуудлаар бүлгийн гишүүд санал солилцлоо.
Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатар “Завхан аймгийн Отгонтэнгэр ууланд 2017 оны аравдугаар сарын 22-ны өдөр 30 иргэн авирч байх үед цасан нуранги үүсч ноцтой осол гарсан мэдээллийг сонслоо. “Гурван жолооч уулын бэлд үлдсэн. Нийт 27 хүн ууланд авирснаас 10 хүн буцаж ирсэн. Харин 17 хүн тодорхойгүй байна” гэсэн мэдээллийг бидэнд өгсөн. Энэ асуудлаар Улсын байнгын онцгой комисс хуралдаж, тодорхой шийдвэр гарган ажиллаж байна.
Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг тухайн асуудлаар газар дээр нь ажиллахаар явлаа. Нийт 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг газар дээр нь ажиллаж байна.
Дараагийн асуудал нь төсвийн тодотгол юм. Энэ долоо хоногт 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж дуусгах зорилготой байна. Мөн төрөөс баримтлах 2018 оны мөнгөний бодлогыг хэлэлцэх эсэхийг шийднэ. Өнгөрсөн хоёрдугаар сард УИХ-д өргөн барьсан Төрийн албаны тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг энэ долоо хоногт хийхээр хэлэлцлээ.
Мөн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018, 2019 оны төсвийн төсөөллийг энэ долоо хоногт хэлэлцэхээр шийдвэрлэсэн.
Түүнчлэн зарим байнгын хороо, дэд хорооны дарга нарыг Монгол Улсын сайд, УИХ-ын албан тушаалд томилсон учраас байнгын хорооны дарга нарыг томилох асуудлыг бүлгийн хуралд оруулж ирсэн.
Энэ асуудлаар бүлэг түр завсарлаад байна” гэлээ. Хэвлэлийн хурлын дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Төсвийг хугацаандаа хэлэлцэж амжих уу. Энэ оны төсвийн тодотголыг эргүүлж татах уу?
-Төсвийн холбогдох хуулиудад 2018 оны төсвийг арваннэгдүгээр сарын 15-ны дотор УИХ-аар эцэслэн батлах ёстой. Төсвийг шинэ Засгийн газар байгуулагдаж, удирдлага бүрэлдэхүүн өөрчлөгдөж буйтай холбогдуулан эргүүлэн татсан. Тэгэхээр энэ долоо хоногт багтаагаад 2018 оны төсвийг УИХ-д өргөн бариад, хуулийн хугацаандаа багтаагаад төсвийг батална. Төсвийн тодотголтой холбогдуулж гишүүдээс санал гарч байгаа. Энэ долоо хоногт төсвийн тодотголын 3, 4 дүгээр хэлэлцүүлгийг хийж төсвийн тодотголыг хэлэлцэж дуусгана. Тодотголыг баталснаар 2018 оны төсвийн суурь үзүүлэлт бүрдэнэ гэж харж байгаа.
-Бүлгийн хурал дээр ОБЕГ-аас мэдээлэл хийсэн байна. Хамгийн сүүлд гурван цогцос олдсон гэсэн мэдээлэл байна. Албаны хүмүүс энэ талаар мэдээлсэн үү?
-Мэдээлэл сонсч байх үед гурван цогцос олдсон гэсэн мэдээлэл ирсэн. Үүнийг тодруулаад эргээд мэдээлнэ гэсэн.
-Бүлгийн хурлаар дэд сайдын асуудлыг хэлэлцсэн үү?
-Энэ удаагийн бүлгийн хурлаар дэд сайдуудтай холбоотой мэдээллийг яриагүй. Дэд сайдын албан тушаалыг бүлгийн хурлаар ярихгүй, нам дээр хэлэлцэнэ.
-Ирэх оны төсөвт төрийн албан хаагчдын цалинг нэмэх асуудлыг хэрхэн тусгах вэ?
-Шинэ Засгийн газрын сайдууд ОУВС болон бусад олон улсын байгууллагууд хооронд хэлэлцээр хийж, Засгийн газарт нэгтгээд оруулж ирэх байх.