МАН-д сонгуулийн хариуцлагыг хүлээгээгүй Д.АМАРБАЯСГАЛАН л үлдээд байна
У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрдлээ. Одоо МАН-ынхан ирэх арваннэгдүгээр сард болох Их хурлынхаа бэлтгэлийг базааж эхлэх юм. Энэ хурлаар хэлэлцэх хамгийн гол асуудал бол МАН-ын дарга хэн болох вэ гэдгийг шийдэх юм. Үүнтэй холбоотойгоор 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хариуцлагын асуудал бас яригдаж эхэлнэ. Учир нь МАН-ын удирдлагууд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсний хариуцлагыг хүлээнэ гэж эхнээсээ мэдэгдээд байгаа.
МАН-ын нэр дэвшигч нь АН-ын Х.Баттулга, МАХН-ын С.Ганбаатар нартай өрсөлдөөд Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний санал хураалт /2017.6.26./-аар авсан саналыг тоолоход Архангай, Булган, Говьсүмбэр, Дорнод, Дундговь, Өмнөговь, Хэнтий, Орхон болон нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Налайх дүүрэгт нөгөө хоёрынхоо ард буюу гуравт орсон. Харин 2017 оны долдугаар сарны 7-нд болсон хоёр дахь санал хураалтад Х.Баттулгатай өрсөлдөж, санал хураахад нийслэлийн есөн дүүргийн хоёроос бусдад нь ялагдал хүлээсэн байдаг.
Энэ сонгуулийн дараахан зарчим ёсоор МАН-ын дарга М.Энхболд хариуцлага хүлээж, намын даргын албаа өгнө гэж мэдэгдсэн. Мөн дараагаар нь Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй сонгуулийн хариуцлага хүлээж НИТХ-ын даргын ажлаа өгсөн. Харин МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан энэ талаар ам ангайлгүй өнөөг хүрэв. Уг нь Д.Амарбаясгалан 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-ын Сонгуулийн штабыг удирдсан хүн билээ.
Харин сонгуулийн дараагаас МАН-ынхан толхилцоод эхлэхэд нөгөө л “хойд хар овоохой” гэгчээр МАН-ын дарга М.Энхболд, нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй нарт хамаг бурууг чихээд өнгөрөх шиг болно лээ. Бас МАН-ынхан Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг энэ ялдагдалд буруутгаж байгаа юм. Харин сонгууль зохион байгуулсан, удирдсан Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн талаар ярьдаг хэлдэг хүн цөөн байна.
Үнэнийг хэлэхэд, хариуцлага Д.Амарбаясгалангаас л эхлэх учиртай юм.
Сүүлийн үед Д.Амарбаясгалангийн талаар нэгэн мэдээлэл ид яригдаж байна. Тодруулбал, МАН-ын Их хурлаас түүнд хариуцлага тооцож, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ажлаас нь огцруулах байх. Энэ бол өөрийнх нь тооцоолол гэсэн.
Хэрэв Д.Амарбаясгалан огцорвол очих газраа хэдийнэ товлочихоод байгаа аж. Тэрээр Ц.Сандуйгийн оронд нийслэлийн МАН-ын дарга болоод, Су.Батболдын оронд Хотын дарга болно гээд явж байгаа гэж байна. Гэвч Д.Амарбаясгалан нийслэлийн МАН-ын дарга, Нийслэлийн Засаг дарга болох юм бол Ерөнхийлөгчийн сонгуулийн хариуцлага хүлээгээд бууж байгаа юм биш, харин дэвшиж байна гэсэн үг гэж намынхан нь ярьж байна.