Эдийн засаг эрчимжих биш улам эрэмдэг болжээ

2014 оны 6 сарын 20

"ЭЗЭН-100" хөтөлбөрийн ажлын явцатай холбоотойгоор УИХ дахь сөрөг хүчний байр суурийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр танилцууллаа. Хаин сөрөг хүчний байр суурийг бүрэн эрхээр хүргэж байна.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:

Шинэчлэлийн Засгийн газар 100 хоногийн хугацаанд эдийн засгийг эрчимжүүлэх Эзэн 100 хөтөлбөрөө зааснаас хойш 42 хоног дээрээ УИХ-д хийсэн ажлаа тайлагнаж байна. УИХ-д цөөнхийн үүрэг гүйцэтгэж буй МАН-аас “Эзэн 100” хөтөлбөрийг дэмжиж урмын үг хайрлаж байсан бол одоо бодит байдалд тулгуурлан дүгнэлтээ хийх цаг нь болжээ. Эрх баригчид Ардын нам ардын засгаас тамгаа гардаж аваад хоёр жилийн босгон дээр “Эзэн 100” хөтөлбөрийн тал хугацаа нь өнгөрлөө. Тиймээс “Эзэн 100” хөтөлбөрт тусгагдсан эдийн засгийн тал нь нь ч гэсэн биелж улс орны эдийн засаг дэвжин дээшлээсэй хэмээн олон хүн хүлээж байна. Харамсалтай нь “Эзэн 100 “ төслийн хүрээнд өнгөрсөн хугацаанд дорвитой ажил хийсэнгүй. Та бүхний өнгөрөн хугацаанд хийсэн тайланд уулзалт хийв, зөвшилцөв, хэвлэлийн бага хурал хийв, илтгэл тавив, хуралдав, хэлэлцүүлэг зохион байгуулав хуулийн төсөл өргөн барив  гэсэн хэдэн үгээр л хэмжигдэж байна. Өөрөөр хэлбэл эдийн засгийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудаа хийж чадаагүй байна гэж үзэж байна. Эдийн засаг эрчимжих биш улам эрэмдэг болж, нийгмийн бухимдал ихээр нэмэгдэх боллоо. Эдийн засгийг эрчимжүүлэх нэрээр хуулийн төсөл бодлого шийдвэрүүд нь олон түмний ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч эргэлзээ, гайхлыг төрүүлж эхлэв. Эдийн засгийн хямралыг даван туулах гэсэн халхавчийн дор олон булхайтай үйлдэл хийх санаархал байгааг олон түмэн харж байна. Тиймээс “Эзэн 100” хэмээх төлөвлөгөөнд туссан ажлуудаас таван асуудлыг онцгойлон сонгож асуулт хариулт нэхэж байна.

Үүнд нэгт нь:

“Эзэн 100” төлөвлөгөөт ажил №27 газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөлийг бүрдүүлэх ажлын хүрээнд газрыг гадаадынханд эзэмшүүлэх хууль гаргаж ард түмний ширүүн эсэргүүцэлтэй тулгарлаа. Жишээ болгож нэг иргэний утаснаас ирсэн мессежийг уламжилъя.

“Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би итгэж найдаж байсан. Та нар энэ суудал дээрээ төрөхдөө л сууж байсан мэт эндүүрч байна. Би бол жирийн нэгэн төрийн албан хаагч. Цалингаас цалингийн хооронд амьдарч хоёр идэхгүй хоосон хонохгүй  ажилдаа явган алхсан ч үүнээс өөр зүйл хийж чадахгүй байгаа нь миний буруу гэж өөрийгөө зэмлэж хэн нэгнийг буруутгалгүй өдийг хүрсээр байгаа. Гэтэл миний татвараар та нар дураараа дургиж хүссэн бүхнээ хийж юу дутлаа гэж бидний үр хүүхдүүдэд үлдэх алга дарам газрыг ийнхүү гадаадуудад наймаалах гэж байна вэ? Бидний ард түмний, үеийн үеийн хөрөнгө болсон газар шорооноос наад бохир сарвуугаа тат” гэв. Энэ мэтээр ард түмний эсэргүүцлээс эмээж өнөө өглөө энэ хуулиа татаж авлаа. Та бүхний газар нутгаа харийнханд эзэмшүүлж эдийн засгаа эрчимжүүлэх ажил энэ маягаар л үргэлжилж байна.

Хоёрт: “Эзэн 100” дахь төлөвлөгөөт ажил №57. Өрийн удирдлагыг нэвтрүүлэх гэсэн ажлынхаа хүрээг өрийн хэмжээг 70 хувьд хүргэх гэсэн шийдвэрийг ард түмэн ихээхэн эсэргүүцэж залуучууд энэ санаачилгын эсрэг эвлэлдэн нэгдэх болсон тухай мэдээлэл тасрахгүй байна. МАН-ын бүлэг ч гэсэн ард түмнээсээ асуухгүйгээр өрийн хэмжээг огцом нэмэгдүүлж байгааг эсэргүүцэх болно. Монголын залуучууд бид өрөнд орж гадаадынхны улыг шагайж амьдармааргүй байна. Ард түмэн ирээдүй хойч үеэ бодож улсад татвар төлдөг болохоос биш ямар ч бодлогогүй зарцуулж байгаа өрийг төл гэж татвар төлдөггүй гэдгийг хэлье.

Гуравт: Төлөвлөгөөт ажил №27. Далд эдийн засгийг ил болгох нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засгийн хөгжлийн тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх гэсэн зорилгынхоо хүрээнд Бизнес эрхлэгч, хувь хүн гэхээсээ илүү Улаанбаатарыг утаагүй болгох нэрээр ард түмнээс хулгай хийсэн Цэвэр агаар сангийнхан Дэнзэн матийн албан тушаалтнууд цагаан захтангуудыг юу гэж ойлгох вэ? Засгийн газраас мэдүүлсэн хөрөнгө оруулгын мэдүүлгээ буруу бөглөсөн, гадаадад нуун дарагдуулсан хөрөнгөө ил болгосон, бусдын нэр дээр авсан хөрөнгөө илрүүлсэн хүмүүст зориулж эдийн засгийн эрчимжүүлэх малгайн дор хууль гаргаж байгаа нь шударга ёс мөн үү? Хамгийн хачирхалтай нь өршөөгдсөн хүмүүсийн хөрөнгө оруулалтын тайланг устгахаар болсон нь ил тод байх гэсэн Ардчиллын үнэт зүйл хаана байна вэ? Энэ талаар хэвлэн мэдээлэхийг хориглосон заалт ирлээ.

Дөрөв: Төлөвлөгөөт ажил №40. Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулж хайгуулын лиценз олгохыг зөвшөөрөх гэсэн зорилгын хүрээнд Төрийн хамгаалалттай болон дархан цаазтай газруудыг хилийн зурвас, нутгийн ашигт малтмалыг хувьчлах гэж байгааг эсэргүүцэж байна. Энэ асуудлыг ард түмнээсээ асууж шийдвэрлэх ёстой.

Тав: Төлөвлөгөөт ажил №30. Төрийн өмчийн томоохон аж ахуй нэгжүүдийг хувьчлах зорилтот ажлын хүрээнд улс орны хөшүүрэг болсон томоохон аж ахуй нэгжүүдийг хувьчлах гэж байгаа нь анхаарал татаж байна. Ард түмнийхээ өмчийг авч эзэн суух гэсэн санаа ил боллоо. Энэ мэтээр хийж байгаа ажлыг нь дүгнэж үзвэл эдийн засгийг эрчимжүүлэх ард түмнээ хямралаас гаргах нэрийдлээр газраа харийнханд хувьчилж, Дархан цаазат болон тусгай хамгаалалт газрын зурвасыг ашиглах боломжийг олгох, ард түмний нэрээр энд тэнд өр тавих төрийн гайгүй гэсэн аж ахуй нэгжийг хувьчлан авах, авилгал, хээл хахуульд нэр холбогдсон тушаалтнуудаа өршөөх ажил хийж байгааг МАН шүүмжилж байна. Бид ард түмнийхээ талд зогсож асуудал болгонд ул суурьтай хандахаа мэдэгдэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4749
0 эможи
keyboard_arrow_up