МАН-ыг МАН хэвээр нь үлдээх эсэхийг Бага хурлын 330 гишүүн шийднэ
МАН-ын Бага хурал ирэх Даваа гарагт болно.
Энэ Бага хурлаас ямар шийдвэр гарахыг олон нийт анхааралтай ажиглаж байх шиг байна. Ингэх нь зүй ёсны хэрэг юм. МАН бол Монгол төрийн эрхийг барьж буй. Тиймээс тэд ямар шийдвэр гаргахаас Монгол Улсын, монголчуудын амьдрал хамаарна.
Энэ намд сүүлийн хэдэн сарын турш юу юу ч болоод өнгөрөв дөө. Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш хоёр хуваагдаад баахан дайтав. Ингэсээр ээлжит бус чуулганыг хуралдуулж, Засгийн газраа унагааж авсан. Засгийн газар огцорсноос хойш задрал нь улам явагдаж, өнөөдөр хэд ч салаад байгаа юм, бүү мэд.
Одоо энэ намынханд хэн Ерөнхий сайд болж, хэн хэнийг сайдаар томилох нь чухал байгаа мэт харагдаж байна.
Ийм үйл явц өрнөж байгаа учраас олон нийт ч ингэж хараад эхэлсэн байна. Гэхдээ зөвхөн энэ өдрүүдэд болж байгаад ийм дүгнэлт хийж байгаа хэрэг биш байх. Учир нь МАН-ынхан Монголын улс төрийн түүхэнд байгаагүй мөн ч олон явдлыг Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш ард түмэнд харуулсан даа. Ялангуяа цахим сүлжээнд бие бие рүүгээ дайрсан, доромжилсон мэдээ, нийтлэл замаа алдсан.
Энэ хооронд МАН-ын Удирдах зөвлөл хэд хэд хуралдлаа. Хамгийн сүүлийнхийг эс тооцвол өөр хоорондоо элдвийн үгс шидэлцсэн тааруухан маягийн хурлууд болсон байна. Бас УИХ дахь МАН-ын бүлэг урьд хожид байгаагүйгээр хэрэлдэж хуралддаг болсон. МАН-ын Удирдах зөвлөлийн хийгээд УИХ дахь МАН-ын бүлгийн хурлын протокол нийтийн хүртээл болох юм бол нэлээд хошин шог, эсвэл эмгэнэлт драм маягийн юмыг ард түмэн олж үзэх бололтой юм.
Уг нь энэ намынхан ийм жижиг улс төр хийх учиргүй юм. МАН бол түүхтэй. Бүр арвин түүхтэй нам юм. Тэртээ 1921 оноос хойшх Монголын түүхийг бүтээлцсэн нам. Ямар сайндаа соц нийгмийн үед “...Энхрий хайрт нам, засаг” гэсэн хэлц шахам үг гарах вэ дээ. 1990-ээд оныг хүртэлх бүтээн байгуулалт, нийгэм эдийн засгийн өөрчлөлтийг энэ намтай холбохоос өөр аргагүй. Хүссэн ч, эс хүссэн ч хүлээн зөвшөөрөх үнэн бол энэ юм. АН-ынхан ч тэнгэрээс бууж ирсэн улс биш. “Нам, засаг”-ийн үед л хүмүүжиж, боловсрол эзэмшиж, ажил хөдөлмөр эрхэлж байсан хүмүүс одоогийн АН-ыг удирдаж байдаг.
Ардчилсан хувьсгалаас хойш ч шинэ маягаар зохион байгуулагдсан МАН засгийн эрхийг салалгүй барилцсаар ирсэн. 1990-ээд оны шилжилтийн үед энэ нам ч бас өөрчлөлтийг хийж, улмаар 2000 оны УИХ-ын сонгуулиар үнэмлэхүй олон 72 суудлыг авч байлаа. Тэр үед МАН-ын дарга Н.Энхбаяр байв. Түүнээс хойшх сонгуульд ялсан, бас ялагдсан. Унасан ч УИХ-ын хүчтэй сөрөг хүчний үүргийг гүйцэтгэсээр ирсэн байдаг. Ингэж явсаар 2016 оны УИХ-ын сонгуульд дахин үнэмлэхүй ялалт байгуулж, 65 суудлыг авсан. МАН-ын даргаар М.Энхболд ажиллаж байсан.
Ийн 100 шахам жилийн түүхийн алдаа, оноо нь Монгол Улсынхтай хамт байдаг нам бол МАН. Тэр хэрээрээ МАН-д өөрийн үнэт зүйл, сахилга дэг журам, үзэл баримтлал бий. Өнгөрсөн хугацаанд тус намын нэг цул эв нэгдэлтэй байж ирсэн зарчим бол намын дүрмээ шат шатанд хатуу чанга мөрдүүлдэгт л байсан байдаг. Өөрөөр хэлбэл, намаасаа урвасан, намынхаа эсрэг, нэр дэвшигчийн эсрэг ажилласан тохиолдолд хариуцлага тооцдог дүрэмтэй гэсэн үг.
Ерөнхийлөгчийн сонгуулиас хойшх МАН дахь улс төрийн үйл явцыг харвал энэ сонгуулиар намынхаа нэр дэвшигчийн эсрэг ажилласан тохиолдол нэг биш нилээн хэд байгаа бололтой юм. Ингэхээр намынхаа дүрэм журмын дагуу энэ удаагийн Бага хурлаараа хариуцлагын асуудлыг хөндөж таарах байх.
Ер нь МАН-ын Бага хурал бол тус намын Их хурлаас төлөөлөн сонгогддог удирдах дээд байгууллага нь юм. МАН Бага хурлаараа л улс төрийн чухал шийдвэрүүдийг гаргасаар ирсэн туршлагатай. Энэ удаад ч урьд урьдынхаас илүү түүхэн шийдвэрийг гаргах үүрэг МАН-ын Бага хурлын 330 гишүүнд оногдож байгаа юм. Учир нь өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд явагдсан УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн хуваагдалд цэг тавих учиртай.
Яг үнэндээ энэ зэргийн асуудал МАН-ын хувьд нэг их сүйдтэй зүйл биш байх. Хэдхэн хүний зөрчлөөс болж 100 жилийн түүхтэй нам дампуурна гэж юу байхав. Гэхдээ энэ бол сануулга гэдгийг мартаж болохгүй. МАН хэзээнээс зангидсан гар шиг атгалцаж явсан уламжлалаа, дүрмээ санах ёстой. Тиймээс үүнийг хэвээр үлдээх шийдвэрийг МАН-ын Бага хурлын 330 гишүүн гаргах нээ гээд байгаа юм.
Нуур амгалан бол нугас амгалан гэдэг дээ. Түүн лүгээ төрийн эрхийг баригч МАН хэрхэхийг ард түмэн анхааралтай ажиж байгаа юм.