ИЧИХГҮЙ БОЛ АН-Д ЗАСГАА ӨГЧИХГҮЙ ЮУ
УИХ-ыг дангаараа шахам бүрдүүлж байгаа улстөрийн хүчин дотор гал асч байгаа нь нэгдүгээрт, төрийн тогтворгүй байдлыг бий болгож, энэхүү тогтворгүй байдал нь сэргэж ядан буй эдийн засагт томоохон дарамт болж байна. Хоёрдугаарт, Ж.Эрдэнэбатын Засгийн газар унаж, У.Хүрэлсүхийн Засгийн газар томилогдлоо ч насгүй, ахиад засаг унах болно. Энэ бүхний эцэст улс орон, ард түмэн л хохирч үлдэнэ. Гуравдугаарт, МАН дотор ассан энэ галыг ухаалгаар шийдэж унтраахгүй бол айсуй 2020 оны сонгуульд ялагдал хүлээх өндөр магадлалыг авчирч байна. Товчхондоо өнөөдөр маргаашийн улстөрийн хандлага ийм байгаа ч маргаашийн төлөө өнөөдрийн эрх ашгаа орхих хэрэгтэй. Засгийг огцруулахаар тэмцэж байгаагийн цаана хувь улстөрчдийн өчүүхэн эрх ашиг байгааг Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах үндэслэлээс нь харж болно.
Огцруулах үндэслэлд дурдсан асуудалд "Хүүхдийн мөнгө олгосон явдал", "Концессийн долоон гэрээ", "Төрийн албыг 60 тэрбумаар наймаалцах" гэсэн зүйлс л бий. Өнгөрөгч 2016 оны сонгуулиар "Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгоно" гэсэн амлалт ч бий, мөрийн хөтөлбөр ч бий. Концессийн асуудал бол Ж.Эрдэнэбатын Засгийн газарт бараг хамааралгүй гэхэд болно. Яагаад гэхээр үүний дийлэнхийг өмнөх засгийн үед гэрээлсэн юм билээ. Өдгөө олны анхааралд байгаа "60 тэрбум төгрөг"-ийн асуудал ч аанай л энэ засагт ямар ч хамаагүй, Нийслэлийн МАН-ын хорооны удирдлагуудтай шууд холбоотой болохыг өөрсдөө мэдэгдээд байна. Энэ бүгдээс харвал төдийлөн ач холбогдолгүй асуудлыг Засгийн газарт нааж, асуудал үүсгэж байгаагийн цаана хувь улстөрчдийн эрх ашиг нуугдаж байна. Миний дээр дурдаснаар энэ байдал цаашид үргэлжилбэл, УИХ-д есхөн суудалтай АН-ын тоглолтод өөрийн эрхгүй орчихсон харагдаж байна.
Ж.Эрдэнэбатын Засгийн газар хэрвээ унахдаа тулбал ахиад ч засаг унана, энэ бүгд нь эргээд АН-ын тоглолтод орж, ард түмний эрх ашиг, улс орны байдал хүндрэхийн дээдээр хүндэрнэ гэдгийг хаа хаанаа мэдмээр юм даа. Үнэмлэхүй ялалт байгуулсан улстөрийн хүчинд засаглах эрх нь бүрэн дүүрэн байгаа ч ийнхүү дотоодын дайн дэгдээгээд байвал эцэстээ ялагдал хүлээж, МАН-ын мянга мянган эгэл жирийн гишүүдийн итгэл үнэмшил дээр дэвсэлсэн хэрэг болно. Үнэхээр засаглаж чадахгүй хямрахдаа тулсан бол сонгогч олны итгэл дээр нэг мөр дэвслээд АН-аар засгаа бариулахгүй юу. "Төрийн тогтвортой байдлыг хангаж ажиллана" гэсэн амлалтаасаа ухарч байгаа бол, үнэхээр дотоодын хямралыг хүсээд байгаа бол, хэрвээ сонгогч олноосоо ичихгүй бол Засгийн газраа АН-д өгчих л дөө.
Х.БААТАР