Ц.Сандуй өөрийн хүсэлтээр ажлаа өглөө
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өнөөдөр өгчээ.
Тэрбээр зөвхөн НИТХ-ын даргын суудлаасаа татгалзаад зогсохгүй, нийслэлийн МАН-ын хорооны даргын албан тушаалаасаа огцрох хүсэлтээ ч мөн гаргасан байна. Ц.Сандуй "2012 онд хөсөр хаягдсан нийслэлийн ман-ын хороог авч 2013 оноос хойш тасралтгүй ялалт байгуулсан. 2016 онд таамаглаагүй ялалтыг авчирсан ч 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулиар нийслэлийн дүүргүүдэд ялагдсан учир нийслэлийн ман-ын хорооны даргаа өгч байна.
60 тэрбумын хэрэг 3 дахь удаагаа шалгагдаж байна. Уг хэрэгт холбоогүй учир өмнө ч хэлж ажлаа өгч шалгуулахаа намынхандаа хэлж байсан. Гэвч намын удирдлаг зөвшөөрдөггүй байв. Харин энэ удаадтэд зөвшөөрөхгүй байгаа ч нитх-ын хурлын даргаа өгч энэ хэргийг шалгуулж буруугүй гэдгээ тогтоолгохын тулд ажлаа өгнө" хэмээн сая намынхандаа мэдэгджээ.
НИТХ-ын МАН-ын бүлгийн гишүүд Ц.Сандуйг огцруулахыг шаардсан албан бичгийг хэд хоногийн өмнө өгөөд байсан билээ. Нийт 16 төлөөлөгч гарын үсэг зурсан албан бичигт Нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, НИТХ-ын Хуралдааны дэгийн заалтыг үндэслэн НИТХ-ыг зарлан хуралдуулж, НИТХ-ын даргыг өөрчлөх, НИТХ-ын тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхийг тусгасан байсан юм. Энэхүү санаачлагыг НИТХ-ын АН-ын бүлэг дэмжиж түүнийг албан тушаалаасаа огцрох ёстой хэмээн мэдэгдээд байсан юм.