Сэхэж буй эдийн засагт улстөр хэрэггүй
Хүчирхэг эдийн засагт орнуудын нөлөөтэй нөлөөгүй манай эдийн засаг саарч буурч, бас мандан бадарч ирсэн зохиох аргагүй өөрийн гэсэн цаг үеийн товчоонтой. 2008-2012 оны эхний хагасын байдлаар Монгол Улсын эдийн засаг 17.5 хувьд хүрч байсан нь ёстой л гэгээн сайхан түүх болон үлджээ. Харин ийм өсөлттэй байсан эдийн засаг маань аажим аажмаар унасаар 2015 оны сүүлийн хагас гэхэд хоёр хувьд ч хүрэхгүй болж улмаар 2016 оны эхний хагаст туйлын хүндэрсэн эдийн засгийг Ж.Эрдэнэбатын танхим хүлээн авсан нь үнэн. Гадаад зээлийн өрийг бол дурдахын ч хэрэггүй. Нөгөө талаар гуравдагчдын мөрөөдөлд автсан Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нарын Засгийн газрын бодлого нь гаднын хөрөнгө оруулагчдыг цааш харуулсан, тэр тусмаа өмнөд хойд хөршүүдтэй харилцах харилцаанд сэв суулгасан байв. Энэ харилцаанаас болж БНХАУ-д гаргадаг нүүрсний үнэ тийм ч таатай байсангүй. Нэгэн жишээ татахад 2011-2016 онд буюу бүтэн зургаан жилд нийтдээ 268.4 тэрбум төгрөгийг татварт төвлөрүүлсэн түүхийг статистик баримтаас харж болно.
Тэгвэл 2016 оноос хойш Ж.Эрдэнэбатын Засгийн газар оновчтой зөв бодлого гаргаж ажилласны үр дүнд "Эрдэнэс Тавантолгой" компани нь 255.7 тэрбум төгрөгийн орлого олж, улсын төсөвт 149.2 тэрбум төгрөг төвлөрүүлсэн статистик баримт бий. Зөвхөн 2017 оны эхний улиралд 76.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бол хоёрдугаар улиралд 179.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж 78 тэрбумыг татварт төвлөрүүлсэн байх юм. Үүнээс харвал 2011-2016 оны хооронд бүтэн зургаан жилийн туршид улсын төсөвт төвлөрүүлсэн мөнгийг "Эрдэнэс Тавантолгой" компани ганцхан жилийн дотор төвлөрүүлж чадсан байна.
Энэ нь аливаа Засгийн газар зөв бодлогоор аль аль талдаа хариуцлагаа ухамсарлаад ажиллахад болохгүй зүйл үгүйг харуулсан хэрэг. Өдгөөгийн Засгийн газрын зөв бодлого, гадаад дотоод харилцааны уян байдлаас үүдсэн хэрэг байж таарна. Дэлхийд эхний аравт багтах аварга том орд газрын баялгийг бид ганцхан БНХАУ-д экспортолдог. Тиймээс гадаад бодлого, ялангуяа өмнөд хөрштэй харилцах харилцаандаа уян хатан бодлого барьж "хар алт" хэмээх нүүрснийхээ үнийг бага багаар өсгөөд явахад хямралаас төвөггүй гарч болохыг харуулж байна. Олон сая тонноор олборлож байгаа нүүрсний тонн тутамд нэг ам.доллар ч гэсэн нэмэхэд л манай эдийн засаг тэлэх үүд хаалга тэр хэмжээгээр нээгдэнэ. Тиймдээ ч "Эрдэнэс Тавантолгой" компани Засгийн газрын өгсөн чиг үүргийн дагуу нүүрснийхээ тонн тутамд нэг ч атугай цент нэмэх бодлого барьж байгаа нь бидэнд анзаарагдаж байна. Өнгөрөгч 2016 оны нүүрс олборлолтыг нэмэгдүүлснээр өнөөдөр нүүрсний олборлолт хоёр дахин нэмэгдэж, 20.5 сая тоннд хүрсэн мэдээ ч бий. Энэ бол өнөөх л гадаад харилцааны бодлого зөв замаар явж байгааг харуулж байна.
Бидний мэдэж байгаагаар Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулагдсан даруйдаа эдийн засгийг сэргээхэд бүхий л анхаарлаа хандуулсны үр дүнд өнөөдөр дотоодын зах зээл дээр эргэлдэх мөнгөний хэмжээ нэмэгдэж, төсвийн орлого 579 тэрбум төгрөгөөр даван биелж байгаагаас харвал эдийн засагт эерэг үр дүн гарсан төдийгүй саяхан хоёр хувьд хүрэхгүй уруудсан эдийн засаг 5.3 хувьд хүрсэн сайхан мэдээ бий.
Үүнээс үүдэн 2017 оны эхний хагас жилийн эдийн засгийн үзүүлэлтийг нэг жилийн өмнөх үетэй харьцуулаад үзье. Төсвийн алдагдал гэхэд 740 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеийнхээс 383 тэрбум төгрөгөөр буурсан статистик баримтыг хэн ч мэднэ. Нэгэнт дээш нь алдчихсан байсан ам.долларын ханш 2400 төгрөг орчимд тогтвортой байгаа нь цаашид ханш буухын дохио мөн. Гадаад хөрөнгө оруулалт бараг зогсчихсон байсан бол 2017 он гарсаар 200 гаруй сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийгдсэн мэдээлэл ч байна. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын хувьд өнөөдөр ийм л замаар явна. Тэдний хэтийн зорилгод тусгаснаас харвал, нэгдсэн төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хувийг 2018 онд 9.5, 2019 онд 6.9, 2020 онд 5., 2021 онд 3.6 хувь болгон бууруулах, улмаар төсвийн тэнцлийг ашигтай гаргах боломж бүрдүүлэхийн төлөө чармайж байгаа аж.
Ингэхийн тулд бидэнд тогтвортой Засгийн газрын зөв бодлого, тэр тусмаа тогтвортой улстөрийн нөхцөл байдал хэрэгтэй. УИХ-д үнэмлэхүй суудал авсан улстөрийн ууган хүчин олдсон боломжоо дүүрэн ашиглаж, эх орны тусгаар оршихын шалтгаан болсон эдийн засгаа аврахад бүхий л хүчээ дайчлах нь чухал болохоос биш ямар ч улстөр хэрэггүй.
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин