Ц.Сандуйд хариуцлага тооцох үндэслэлгүй гэж үзжээ
МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан өчигдөр 11.00 цагаас товлогдсон ч ирц хүрэлгүй хүлээгдэж, 14.00 цагийн орчимд эхэлсэн юм.
Хуралдаанаар 60 тэрбумын схем тойрсон асуудлыг хэлэлцэж, намын зарим гишүүдэд хариуцлага тооцон, НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулж, намаас хөөх шийдвэр гаргасан талаар зарим хэвлэлээр мэдээлсэн. Гэвч тус намын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар 60 тэрбумын бичлэг бол эвлүүлэг учраас Ц.Сандуйд хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй гэж үзжээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Удирдах зөвлөлийн хурлын үеэр багагүй маргаан гарсан аж. Тухайлбал Шадар сайд У.Хүрэлсүх М.Энхболд, Ж.Эрдэнэбат нарт хандан бүгдээрээ ажлаа өгөөд асуудлаа шийдэхийг уриалсан бол УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж мөн намын Удирдах зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг УИХ-ын гишүүд болон танхимын гишүүдээ тагнаж чагнадаг ажлаа зогсоохыг шаардсан байна.
Тус намын Удирдах зөвлөлд нийт 31 гишүүнтэй бөгөөд үүнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн О.Содбилэг, Ч.Хүрэлбаатар, Д.Сумьяабазар, С.Бямбацогт, Ц.Нямдорж, НИТХ-ын дарга Ц.Сандуй нар багтдаг юм.