”Ерөнхийлөгч иргэдийг зээлийн дарамтаас салгах хуулийн төсөл боловсруулж байгаа”
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд мэдээлэл хийх үеэр УИХ-ын гишүүн, бүлгийн дэд дарга Ж.Батзандан Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдийг зээлийн дарамтаас салгах хуулийн төсөл боловсруулж байгаа талаар дуулгалаа. Ингэхдээ “Хэрэв Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг цуцалбал энэ хуулийг батлах, хэрэгжүүлэх ямар ч боломжгүй болно.
Бид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг үргэлжлүүлэн судална. Хуулийн төслийг хэн, хэзээ, хэрхэн боловсруулсан нь бүрхэг. Нэг нам дангаараа хүч түрэн Үндсэн хуулийг өөрчлөх гэж байна. Энэ талаар бид нухацтай ярилцах ёстой” гэв.
Иргэдийн цалингийн, оюутны болон тэтгэврийн зээлийн нийт хэмжээ 5 орчим тэрбум төгрөгт хүрсэн. Хаанаас, ямар эх үүсвэрээр эдгээр зээлийг эргүүлэн төлж, иргэдийг зээлээс чөлөөлөх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. УИХ-ын гишүүн З.Нарантуяагаар ахлуулсан баг энэ асуудлыг судлан, шийдэл гарган танилцуулах үүрэг хүлээсэн гэв. Гэхдээ зээлээс чөлөөлөх нь хурдан хугацаанд хийх ажил биш, 4-5 жил шаардлагатай гэдгийг тэрбээр онцлов.