Ш.Сайхансамбуу: МАН зүтгэсэн хүндээ халтай нам

2017 оны 9 сарын 08

УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуутай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та сайхан намаржиж байна уу. Тантай уулзсаных нэг зүйлийн талаар ярилцмаар санагдлаа. Тухайлбал, өнөөдөр УИХ-д суудалтай МАН-ын 65 гишүүний 30 нь Засгийн газраа унагаах асуудлыг хөндөж нийгэмд дуулиан тарьж байна. Та энэ бүх үйл явдлыг ямар өнцгөөс харж байна вэ?

-Сайхан намаржиж байна аа. Миний хувьд  Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагаахыг дэмжиж байгаа. Яагаад гэвэл маш муу ажилласан. МАН-ын удирдлагуудын энэ муухай хор хутгадаг ажлыг зогсоохын тулд маш зөв гэж харж байгаа.

-Хамгийн гол нь Засгийн газар ажлаа дөнгөж эхэлж байгаа шүү дээ?

-Юу гэсэн үг вэ. Эд Засгийн газрыг удирдаад бүтэн нэг жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хооронд маш их ажил хийх боломж байсан шүү дээ. Тэд тэгээгүй.

-Олон нийт Засгийн газраа огцруулах 30 гишүүнийг хоёрдугаар ээлжийнхэн  хоолондоо орох гэж яарч байна гэж үзэж байгаа?

-Мэдээж тэр нь үнэн шүү дээ. Өөрөөр хэлбэл, энэ гарын үсэг зурсан 30 гишүүний 10-аад хүн нь сайд болно хэмээн гарын үсгээ зурсан. Яадаг юм, болж байг л дээ. Учир нь тэд сонгуульд маш их хөрөнгө зарсан. Эрх мэдэлтэй албан тушаалтай болж гарын үсэг зурж шархаа нөхөг л дээ. Юу нь болохгүй байгаа юм бэ. Тэгэх гэж л энэ хүмүүс УИХ-ын гишүүн болсон штээ. Түүнээс би чамтай нэг их эх оронч гишүүд энэ тэр гэж худлаа яриад яах вэ.

-Уг нь эдгээр нэр бүхий 30 гишүүн сонгогчдодоо өгсөн амлалт гэж байгаа биз дээ?

-/Инээв/. Мэдээж тэд худлаа сайхан уран донгодож байж сонгогчдын итгэлийг авна биз дээ. Түүнээс тэднийг өөрсдийнөө эрх ашгийн төлөө парламентэд суух гэж байгаа гэвэл хэн сонгох юм бэ. Үгүй чи бодоод үз л дээ. Тиймээс МАН, АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд бүгд л нэг зорилгоор энэ УИХ-ын танхимд орж ирж байгаа гэдгийг та надаар хэлүүлэлтгүй мэдэх байлгүй дээ. Тэдний зорилго бол тендер авах, өөрийн хүмүүсээ яам, агентлагт ажилд оруулах гээд маш олон ажил байгаа. Тэдний энэ хүслийг Ж.Эрдэнэбатын Засгийн газар биелүүлээгүй учраас тэд огцоруулах гэж үхэн хатан зүтгэж байгаа юм. Ердөө л цаад санаа нь энэ гээд л ойлгочих.  Учир нь энэ гарын үсэг зурсан 30 гишүүн чинь бүгд эрх мэдэлгүй сул гишүүд учраас ингэхээс өөр арга байхгүй. Харин ч Ж.Эрдэнэбат тэдний энэ зовлонг ойлгоод тендерийг нь өгөөд, хүмүүсийг нь ажилд авсан бол өнөөдөр Засгийн газрыг унагана гэсэн асуудал үүсэхгүй байсан. Би эдгээр 30 хүн дотроос Т.Аюурсайхан гэдэг залууг онцолмоор байна. Энэ залуу ямар нэгэн улс төрийн халаасанд оролгүй өөрийнхөө хүсэл зорилгоор Засгийн газрыг огцруулахаар явж байгаа шүү. Харин үлдсэн хэсэг нь бүгд эрх мэдлийн төлөө явж байгаа хүмүүс.

-Одоогийн Засгийн газрыг унагах ажлыг Шадар сайд У.Хүрэлсүхийн хийсэн ажил гэж МАН-ын гишүүд яриад байгаа. Энэ талаар?

-У.Хүрэлсүх бол хамгийн хорчин, муухай улстөрч. Энэ хүн МАХН гэдэг нэрийг сольсноос болж 2012 онд одоогийн МАН УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль гээд маш олон сонгуульд ялагдал хүлээсэн. 2012 онд МАН УИХ-д цөөнх болоод байж байхад энэ хүн эхнэр маань өвдлөө би УИХ-ын гишүүнээсээ татгалзаж байна гэж хэлээд өөрийнхөө оронд Д.Сарангэрэлийг гишүүн болгож байсан биз дээ. Нам ялагдсаны гол шалтгааныг тавьсан У.Хүрэлсүхтэй МАН-ын удирдлагууд тухайн үед ямар ч хариуцлагын асуудал яриагүй. Энэ хүнийг улам ихэр даврааж, төрийн бүхий л өндөр албан тушаалыг хашуулаад одоо өөрсдийнхөө толгойг цустуулж байгаа биз дээ. У.Хүрэлсүх МАН-аас Н.Энхбаяр гэдэг хүнийг яаж хор хутгаж байгаад зайлуулж байлаа. Монголын ард түмэн бүгд мэднэ штээ. МАН-д У.Хүрэлсүх гэдэг хүн гай болсон уу гэхээс биш тус болоогүй. Одоо ч хор хутгасан хэвээр л явна. Товчхондоо бол У.Хүрэлсүх хамгийн муу хүн гээд л ойлгочих. Бас нэг инээдтэй зүйл байна. У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тагнаж чагнасан гэх асуудал сая зөндөө яригдлаа. Түүнийг Ерөнхий сайд яасан гэж тагнаж, чагнах  юм бэ. /инээв/. У.Хүрэлсүх бол зүгээр л нэг сайд биз дээ. Гэтэл өөрийг нь тагнаж, чагнасан гэж нийгэмд дуулиан тарьж байгаа нь үнэхээр инээдтэй санагдсан. Өөрийнхөө зохиосон зохиол дээр өөрөө уначихлаа шүү дээ. Энэ хүний яаж хор найруулж намайг шахаж байсан тухайг би удахгүй  ярина.

 

-Та 2012 онд Нийслэлийн МАН-ын дэд даргын албан тушаалыг хашиж байсан байх аа?

-Үүнийг ярихаасаа өмнө жоохон түүх ярья л даа. 2012 онд намайг ганцааранг минь унагаасан хүн нь У.Хүрэлсүх. Тэр хурлыг У.Хүрэлсүх өөрөө удирдсан юм. Тэгэхэд сонгуульд нэр дэвшигч гаргах юм болцгоогоод, намайг Д.Оюунхоролтой Завхан руу явуулах юм болсон. Тэгэхэд манайх гурван мандаттай байсан болохоор Д.Балдан-Очир хасагдсан. Гэтэл У.Хүрэлсүх намайг унагааж байгаад Д.Балдан-Очирыг нэр дэвшүүлэхээр болж байгаа юм. Би явсан бол Я.Санжмятав бид хоёр гарчих гээд байхгүй юу. Тэгэхээр Д.Оюунхоролыг гаргахын тулд л намайг унагаасан хэрэг. Харин Д.Оюунхоролыг Д.Балдан-Очиртой явуулбал хэн унах нь тодорхой. Д.Балдан-Очир унаад, Д.Оюунхорол гарна. Эсрэгээрээ намайг Д.Оюунхоролтой явуулсан бол би гарах байсан юм. Ер нь иймэрхүү муу юмыг наад хэд чинь маш сайн тооцоолж чаддаг. Тэгээд тэр Бага хурлыг У.Хүрэлсүх удирдаад, миний эсрэг 130 хүн саналаа өгсөн. Тэдгээрийн зарим нь У.Хүрэлсүхийнх, зарим нь Д.Оюунхоролынх. Д.Балдан-Очирын хүмүүс ч байсан. Би ч энэ хурал бүтэхгүй юм байна гээд гэртээ хэвтэж байсан юм. Тэгсэн чинь Нийслэлийн намын хороо хуралдахад Э.Мөнх-Очир намайг заалнаас Нийслэлийн намын хорооны даргад нэр дэвшүүлж л дээ. Гэтэл Ц.Сандуйг бодлогоор дарга болгож намайг Нийслэлийн намын хорооны дэд даргад томилсон. Ингээд би дэд даргаар ажиллаад үзье гэж шийдсэн. Гол нь би Ц.Сандуйгийн аавыг мэдэхийн хувьд энэ хүнтэй хамтарч ажиллахад болно гэж үзсэн юм. Тэр үед би Ц.Сандуйд хандаж “Аюултай юман дээр суужээ чи” гэж хэлж байсан. Түүнд би энэ ажил чинь толгой цустах ажил шүү гэдгийг ч анхааруулсан. Би байсан бол шал өөрөөр ажиллана, харин чи дарга нартаа үйлчлэх маягаар ажиллах гээд байна гэж хэлж байсан. Гэтэл одоо яг миний хэлснээр л болж байна. МАН хүнийг бүх юманд ашиглаж, зарж, гүйлгэчихээд хэсэг нөхдийн хуйвалдаанаар унагаадаг процесстой болчихсон. Манай улс төр буруу замаар явсан, хэцүү, ярвигтай. Барууны соёлтой орнуудынх шиг биш.

-Энэ Засгийн газрыг унагачихвал дараагийнхыг нь яаж бүрдүүлэх бол гэж бүгд харж байна. Олонхи нь гарын үсэг зурсан 30-ийг шинэ засагт багтана гэх юм. Та энэ нөхцлийг яаж харж байгаа вэ?

-Яг тэгнэ. Одоо эд шархаа л нөхөх гэж Засагт орно. Хууль санаачлахгүй, ажлын хэсэгт орохгүй, уншаад ч ойлгохгүй. Хийдэг юм нь хэрүүл, шуугиан тарих, бужигнуулах. Би УИХ-ын гишүүн байхдаа “Урт нэртэй хууль”-ийг бусад найман гишүүний хамт санаачлаад, батлуулсан. Өнөөдөр энэ хуулийн ачаар Ноён уул байж байна. Мөн ажлаа авмагцаа л Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ярьсан. Угаасаа Үндсэн хуулиас болж манай улс дампуурах эрсдэлтэй.

-Үндсэн хуулийг ярих үед та аль нэг бүлэг, фракцад байгаагүй шиг санагдаж байна?

-Би ганцаараа л үзэлцэж байсан. Оюутолгойн асуудал руу бол Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ хоёртой хамт орж байлаа. Гэхдээ өөр олон зүйл рүү ганцаараа орж байсан. Үндсэн хууль, Оюутолгой, энэ зах замбараагүй олон шагнал гээд олон ч асуудал гаргаж тавьсан, араас нь хөөцөлдсөн дөө. Миний ярьсан зүйлсээс хамгийн том нь Эрүүгийн хууль. Энэ Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийг өөрчлөхгүй бол маш олон хүн хэлмэгдэж, ялтан болж, шоронд орж байна.

Би өөрөө хэд хэдэн удаа баривчлагдаж, хоригдсон хүн. Тэгээд тэр дотор хэвтэж байхдаа маш олон залуу хүн яаж хэлмэгдэж, хийгээгүй хэргийнхээ  төлөө ял үүрч байгааг харсан юм. Хэдийгээр одоо тэдгээр хуульд өөрчлөлт орсон ч бас хэцүү. Би тэр асуудлыг сөхөхдөө хуульч С.Нарангэрэлээр ахлуулсан 11 хүний багтайгаар маш сайн ажилласан. Хэрвээ тэр хуулийг баталсан бол нөгөө олон асуудал, гажуудлыг засах боломжтой байсан гэж боддог. Одоо яах вэ, болсон. Гэхдээ эхлээд Х.Тэмүүжин, дараа нь Д.Дорлигжав, тэгээд С.Бямбацогт гээд олон хүний гараар дамжиж байж дууслаа.

-Таныг ажил авах үед Нийслэлийн МАН-ын хороо хэцүүхэн байсан. Нам нь  ч ялагдчихсан. Гэхдээ та нар ялалт байгуулаад, өдий хүрснийг тод санаж байна. Та тэр үед нөхцөл байдал ямар байсныг хамгийн сайн мэдэх хүн. Ер нь АН-ыг ялна гэх итгэл бага сага байв уу, эсвэл санамсаргүй зүйл болчихсон уу?

-Яг үнэндээ өнөөдөр энэ их амжилтын төлөө Ц.Сандуй маш сайн  ажилласан. Тухайн үед МАН-ын төв аппарат болон Нийслэлийн намын хороо орох оронгүй, ямар ч хүнгүй байсан үе шүү дээ. Тэр хэцүү үед Ц.Сандуй охиныхоо гурван өрөө байраа хүртэл зарж хүмүүсээ хоолтой нь залгаж байсан. Тодорхой тайлбарлавал, Нийслэлийн намын хороо гэх байгууллага хүмүүстээ өгөх цалингүй, байрлах байргүй, төсөв хөрөнгөгүй байсан гэсэн үг. Тэгэхэд Ц.Сандуй байраа зарж тэр бүх зардалд нэмэрлэж байсныг одоо түүнийг гэмт хэрэгтэн болгоод буй хүмүүс маш сайн мэдэж байгаа. Өөр олон байдлаар Нийслэлийн намын хороог өөд татах гэж зүтгэж байж өдий зэрэгтэй болгосон. Угтаа бол  ялагдсан намд юу ч байгаагүй. Нийслэлийн намын хороог бол зүгээр хаячихсан, орхигдуулсан байсныг өдий зэрэгтэй болгож өнөөдөр НИТХ болон УИХ-ын сонгуульд энэ их амжилтыг авчирсан хүнээ өнөөдөр хорвоогийн хамгийн муу хүн болгож адлаж байгаад харамсч байна. Одоо түүнийг буруутгаад, зүхээд байгаа хүмүүс хаана, юу хийж байсан юм бэ. Яг үнэндээ хүнд хэцүү үед нь хаяад явсан хүмүүс шүү дээ. Юу үнэн гэвэл өнөөдрийн болж бүтэхгүй байна гээд бахираад байгаа хүмүүс нам унангуут бүгд алга болсон хүмүүс. Усанд хаясан чулуу шиг л алга болцгоочихоод одоо энэ хүнийг боорлоод байгааг ойлгохгүй байна. Угтаа бол  Нийслэлийн намын хороо байтугай өөрсдийгөө яахаа ч  мэдэхгүй болчихсон хүмүүс байсныг би хамгийн сайн мэдэх хүн нь. Тухайлбал, Ц.Сандуйг ажил авахад хороонд арав хүрэхгүй л хүнтэй, Залуучуудын холбооны хойшоо харсан өрөөнд конторлодог байсныг Э.Бат-Үүл хөөж гаргаад, очих ч газаргүй болсон. Тэгэхэд Э.Бат-Үүлтэй ганц үзэлцэж, Нийслэлийн МАН-ын хороог ялалтад хүргэсэн хүн нь Ц.Сандуй. Намын удирдлагууд, би хүртэл Үүлийг барахгүй гэж бодож байсан ч эцэстээ Ц.Сандуй ялсан нь өнөөдрийн энэ их ялалт шүү.

-Одоо харин хамгийн муухай хүн болчихоод байдаг. Энэ хүнээс салж байж МАН эрүүлжих юм яриад байгаа?

-Харин ийм л муухай явдал болоод байна. Ц.Сандуй муу муухай байгаад, МАН чухам түүнээс салж байж сайн сайхан болно гэвэл том эндүүрэл. Гэтэл нөгөө талд байгаа этгээдүүд НИТХ-ын даргын суудалд л санаархаад байх юм. Үгүй тэгээд, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга болоод яг юу хийх юм бол. Ямар ашигтай юм бэ, энэ алба.

-Үүнийг харин танаас асуумаар санагдлаа?

-НИТХ-ын дарга болоод ямар ч ашиггүй. Ямар ч эрх мэдэл байхгүй. Хурал удирдах л ажил байна. Гэхдээ дарга болохын өвчтэй хүмүүст бол сайхан л санагдах байх. Дээр үед л дарга болох сонирхолтой нөхөд олон байсан. Одоо тийм өвчин буцаад элбэгшиж байгаа юм байлгүй. Одоо НИТХ-ын дарга болно гээд байгаа С.Амарсайхан гэдэг нөхрийг би л лав сайн танихгүй. Нэвтрүүлэгч Ичинхорлоогийн нөхөр гэдгээр нь л мэднэ. “Оюуны ундраа”-гийн С.Отгонбаярын дүү гэдгээр нь мэднэ. Тэрнээс хийсэн, бүтээснээр нь бол ёстой танихгүй юм байна. Би ганц л юм хэлье. Өнөөдөр Ц.Сандуй гэдэг хүнийг огцруулах гэж гарын үсэг зурсан 16 төлөөлөгч зүгээр л өөрсдөөсөө ичих хэрэгтэй. Эдгээр нэр бүхий 16 төлөөлөгч хэний хүчинд энэ сонгуульт ажлыг хийх болсон юм бэ. Энэ хэний гавьяа байсан бэ гэдгийг зүгээр л мартчихаж. Угтаа бол тэд өдгөө НИТХ-ын төлөөлөгч гэдэг сонгуульт ажлыг Ц.Сандуй гэдэг хүний хөлс хөдөлмөрөөр олж авсан юм. Гэтэл өөрсдийнхөө төлөө олж авсан мэтээр энэ хүнийг харлуулж, гүтгэж байгаа нь тэднийг хэр хол явахыг нь хэлээд өгч буй юм. Өөрөөр хэлбэл, өөрсдийг нь өдий зэрэгт гаргасан хүнээ тэд өнөөдөр адлаж, нийлж дайрч байна. Би хэдэн жил улстөрч явсан хүний хувьд, бас 2012 онд хов хоосон Нийслэлийн МАН-ын тамгыг хүлээж авсан Ц.Сандуй гэх залууг ямар их хөдөлмөр гаргаж өнөөдрийн энэ их амжилтыг авчирсан бэ гэдгийг нь нүдээрээ харсан болохоор хэлж байна. Тиймээс л МАН зүтгэсэн хүндээ халтай гэж хэлээд байгаа юм шүү дээ. Гурав хоногийн өмнө Нийслэлийн прокурорын газраас Ц.Сандуйгийн нэр холбогдоод байсан 60 тэрбумын асуудлыг хэрэгсэхгүй болгосноо зарлалаа. Тэгэхээр УИХ-ын гишүүдийн, НИТХ-ын төлөөлөгчдийн адлаад байгаа 60 тэрбумын хэрэг Ц.Сандуй гэдэг хүнд ямар ч хамаагүй болж гэмт хэрэгтэн биш ээ гэдгийг нь зарлаад хэлчихлээ. Тиймээс Ц.Сандуй одоо Нийслэлийн МАН-ын дарга болон НИТХ-ын даргын албан тушаалаа өгөх шаардлага байхгүй штээ. Нэгэнт энэ хүн хийгээгүй хэргийнхээ төлөө бүтэн жил адлууллаа. Одоо буруутан биш болчихлоо. Гүтгэж доромжлоод байсан хүмүүс нь уужуу сэтгэл гаргаж уучлалт гуйх хэрэгтэй штээ.

-2020 онд МАН иргэдийн итгэлийг авч чадах болов уу?

-Авч чадахгүй. АН, МАН хоёулаа авч чадахгүй. Энэ хоёр намд одоо хэн итгэх юм бэ. УИХ-д 65 уулаа суучихаад дотроо ажил хийсэн хүнээ хэмлэж, улс төрөөс арчих ажлыг хийж байхад ямар хүн итгэх юм бэ. Одоо энэ хоёр нам хоёулаа өнгөрсөн.

-Тэгвэл гуравдагч нам гарч ирнэ гэсэн үг үү?

-Мэдээж шинэ залуу боловсон хүчинтэй чадварлаг залуусаас бүрдсэн шинэ нам гарч ирнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45
0 эможи
keyboard_arrow_up