Ууган эмнэлгийн эмч, ажиллагсад М.Энхболдын мөрийн хөтөлбөрийг дэмжлээ
Улс үндэстний үндэсний аюулгүй байдлын гол тулгуур нь эрүүл хүн, эрүүл иргэн. Иймээс Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн хувиар улсын ууган эмнэлгийнхэнтэй уулзаж байгаагаа МАН-аас нэр дэвшигч М.Энхболд уулзалтын эхэнд тодотголоо.
Анх нэг орос, гурван монгол эмчтэй, 15 ортой байгуулагдаж байсан “Ардын эмнэлэг” өнөөдөр 774 эмч, ажилтантай, 568 ортой, улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг оношилгоо, эмчилгээ, сургалт, эрдэм шинжилгээний лавлагаа төв болон хөгжжээ. Нэр дэвшигч М.Энхболд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 2005 онд эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт 84.1 тэрбум төгрөг байсныг 2007 онд 127 тэрбум төгрөг болгож, клиникийн нэгдсэн эмнэлгүүдийг түшиглэн оношилгоо эмчилгээний хоёр төв байгуулж, “Эрүүл Монгол хүн” хөтөлбөрийг орон даяар санаачлан хэрэгжүүлж байсан юм. Харин 2016 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газар “Төрөөс эрүүл мэндийн салбарын талаар баримтлах бодлого”-ын баримт бичиг, “Халдварт өвчнийг хянах сэргийлэх”, “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд”, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгаад эрүүл мэндийн салбарынхан талархалтай хандаж явдгаа энэ үеэр илэрхийлсэн. Нэр дэвшигч М.Энхболдын ээж Цэдэв сүрьеэгийн эмч, насаараа эрүүл мэндийн салбарт ажилласан нэгэн. Тэрээр “Би эмч ээжийн хүү. Би эмчийн амьдрал, эмч хүний гэр бүл, эмч хүний хүүхдийг сайн мэднэ. Эмч нар гэр бүлээ орхиод хүний амь нас, эрүүл мэндийн төлөө зүтгэж байдаг эрхэм хүмүүс байдаг” хэмээн онцлов.
Албан ёсны эх сурвалж eagle.mn