МАН-ын нэр дэвшигчийг дэмжиж ажиллахаа илэрхийллээ
Монгол Улсын тав дах ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболдыг дэмжин, хамтран ажиллах зорилготой иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагуудын төлөөлөл өнөөдөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалантай уулзаж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Үүнд, “Эвтэй Монголын төлөө Иргэний хөдөлгөөнүүдийн нэгдсэн холбоо”, МАХН-ын гишүүд дэмжигчдийн холбоо”, “Үндэсний хас хөдөлгөөн”, “Эрс шинэчлэлт хөдөлгөөн”, “Жудагтай монгол”, “Монголын оюутны холбоо”, “Монголын их дээд сургуулиудын консорциум”, “Монголын багш нарын холбоо”, “Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо”, “Монголын тариаланчдын холбоо” зэрэг нийт 60 гаруй холбоо, төрийн бус байгууллага багтаж байна.
Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Өнөөдөр та бүгдтэй уулзаж, нэр дэвшигчийнхээ мөрийн хөтөлбөрийг танилцуулж, цаашид хамтран ажиллах чиглэлээр санамж бичигт гарын үсэг зурах гэж байна. Эвтэй монголын төлөө нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг иргэний нийгмийн байгууллагууд болоод төрийн бус байгууллагууд дэмжиж байгаад баяртай байна” гэсэн юм.