Д.Амарбаясгалан: Мөрийн хөтөлбөрийн уялдаа холбоо, гол зарчмуудыг нарийн тооцоолон хэлэлцсэн

2017 оны 5 сарын 04

МАН VIII Бага хурлынхаа шийдвэрийн талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Өчигдөр МАН Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулж, мөрийн хөтөлбөрийг хаалттай байдлаар хэлэлцсэн байна. Монгол ардын нам Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулахдаа 170 мянган намын анхан шатны гишүүд, санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 50 мянган иргэнээс судалгаа авчээ.
Судалгааг өнгөрсөн жилийн 12 дугаар сараас эхлэн эх орны өнцөг булан бүрт нийтдээ 8 удаа хийсэн байна. Хамгийн гол нь энэ судалгаанд хэн нэгэн нэр дэвшигчийн нэрийг оноогоогүй, зөвхөн МАН-аас чухам хэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших ёстой вэ гэх ганцхан асуултаар явуулжээ.

Иргэдийн өгсөн саналд МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, Шадар сайд Ч.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, өмнөх сонгуульд өрсөлдсөн БХ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нар хамгийн олон удаа дурдагдсан байна.
Энэ таван хүнээс МАН-ын удирдах зөвлөл сонгуульд өрсөлдөх боломжтойгоо илэрхийлсэн МАН-ын дарга М.Энхболд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нарыг VIII бага хуралд танилцуулж санал хураажээ. Санал хураалтаар 85.7 хувийн саналаар М.Энхболд Монгол ардын намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч болохыг зарласан байна. Хамгийн гол нь МАН ерөнхийлөгч хэн байх вэ гэдэг дээр төвлөрөхөөс илүүтэй, Монгол Улсын хөгжил, цаашдын хувь заяанд Ерөнхийлөгчийн институцын оролцох байр суурь ямар байх ёстой вэ гэдэг дээр нэгдсэн нэг бодлоготой болж чадсан хэмээн МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээллээ. Нэр дэвшигчээ тодруулсны дараа МАН-ын 8-р бага хурлаар сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцүүлсэн байна.
Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгууль МАН-ын хувьд төдийгүй улс орны цаашдын хувь заяа, нэгдмэл байдалд чухал ач холбогдолтой гэж үзсэн учраас мөрийн хөтөлбөрийн уялдаа холбоо, гол зарчмуудыг нарийн тооцоолон хэлэлцсэн гэв. Хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчид МАН-ыг энэ удаагийн сонгуулиар МАХН-тай эвсэж оролцсон эсэхийг сонирхож байлаа. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар 70/30-ын харьцаагаар эвсэх санал байсан боловч МАХН-ын дарга Н.Энхбаярын тавьсан болзлыг хүлээж авах аргагүй тул эвсэхээс татгалзаж дангаар сонгуульд оролцож ард түмнийхээ итгэлийг хүлээсэн. Гэхдээ цаашдаа нэгдэх асуудлыг ярихыг үгүйсгэхгүй. Энэ удаа бол хамтрах талаар ямар нэгэн байдлаар санал солилцоогүй гэлээ.

Хоёр ч удаагийн сонгуулиар Монгол Улсын Ерөнхийлөгчийн суудлыг сөрөг хүчинд алдсан МАН-ын хувьд энэ удаагийн сонгуульд хариуцлагатай оролцох цаг болсныг сануулж байна. Тиймээс тэд энэ удаагийн сонгуулийг Монгол Улсын нэгдмэл байдал, төрийн бодлогын тогтвортой тууштай байх зарчмыг хангахад чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа юм байна.

Гэрэл зургийг MPA.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43234
0 эможи
keyboard_arrow_up