АН, МАН-ын нэр дэвшигчид тодорлоо

2017 оны 5 сарын 04

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр эрх баригч Монгол Ардын намаас Намын дарга М.Энхболд, Ардчилсан намаас Х.Баттулга нар тодорлоо.

 

Ардчилсан нам лхагва гарагт нийт гишүүдийнхээ дунд санал асуулга явуулахад Х.Баттулга хамгийн өндөр буюу 2740 оноо авч тэргүүлсэн байна. Харин түүний араас 2374 оноотойгоор Р.Амаржаргал бичигдсэн талаар Ардчилсан намаас мэдээллээ. Үүнээс өмнө МАН-ын VIII бага хурал хаалттай горимоор хуралдаж, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээр Намын дарга М.Энхболдыг сонгосон юм. Ингэснээр МАН-ын дараагийн дарга хэн болох, нөхөн сонгуульд хэн өрсөлдөх вэ гэсэн асуулт гарч ирж байгааг ажиглагчид онцолж байна. Ирэх бямба гарагт болох Ардчилсан намын VIII их хурлаар нэр дэвшигчээ батламжилна. Харин Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх гурав дахь мандатыг эзэмшиж байгаа МАХН баасан гарагт бага чуулганаа хуралдуулж, нэр дэвшигчээ тодруулахаар хүлээгдэж байна. Хэдий тийм боловч гол өрсөлдөөн АН, МАН-ын нэр дэвшигчдийн дунд өрнөнө.

УИХ-ын дарга М.Энхболд нь 1999-2005 онд Нийслэлийн засаг даргаар ажиллаж байсан, Ерөнхий сайд, Шадар сайд зэрэг өндөр дээд албан тушаалуудыг хашиж байсан. 2013 оноос МАН-ын даргаар ажиллаж байгаа юм.

Харин түүнтэй өрсөлдөх Х.Баттулга нь "Женко", "Баянгол зочид буудал", "Мах Импекс" зэрэг компаниудыг удирдаж байсан, одоо хувь эзэмшдэг, мөн УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдон ажилласны дээр Засгийн газрын гишүүнээр хоёр удаа ажиллажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43210
0 эможи
keyboard_arrow_up