Aрдчилсан нам ҮБХ-ны гишүүдээ батламжилжээ
Ардчилсан намын дотоод сонгууль өнгөрсөн долоо хоногийн ням гаригт болсон. Сонгуульд нийт 565 хүн өрсөлдсөн билээ. Үүнээс Үндэсний бодлогын хороон /ҮБХ/-нд 511, нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны дарга 54 хүн нэр дэвшжээ.
Дотоод сонгуулийн дараа Ардчилсан намын дарга С.Эрдэнэ мэдээлэл хийж, нийслэлийн Ардчилсан намын даргад өрсөлдсөн Д.Баттулга илүү санал авсныг мэдэгдсэн. Мөн Сэлэнгэ аймгаас Үндэсний бодлогын хорооны гишүүнд нэр дэвшсэн С.Баярцогтыг түр түдгэлзүүлээд байгаа юм. Шалтгаан нь намын гишүүдээс гомдол ирсэн хэмээн Ардчилсан намын дарга тайлбарласан юм. Уг асуудлыг Үндсэн дүрмийн хороогоор тун удахгүй хэлэлцэх аж. Ингэхдээ С.Баярцогтыг шалгаад, зөрчилгүй гэж үзвэл дахин Үндэсний бодлогын хорооны гишүүнд нэр дэвшүүлэх эрх олгох аж.
Дашрамд дуулгахад Ардчилсан намын дүрмээр Үндэсний бодлогын хорооны нийт гишүүдийн гуравны нэгийг жил бүр дахин сонгодог байхаар тусгасан байна. Тиймээс С.Баярцогтын хувьд дахин сонгогдох боломж байгаа аж.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ардчилсан намын дотоод сонгуульд ялалт байгуулсан гишүүдээ өчигдөр /2017.04.06/ батламжилж дууссан байна. Тэдний дунд С.Баярцогтын нэр багтаагүй аж. Учир нь Үндсэн дүрмийн хороо түүний асуудлаар хуралдаагүй байгаа тул С.Баярцогтыг Үндэсний бодлогын хорооны гишүүнээр батламжлах, эс батламжлах шийдвэр гараагүй байгаа гэнэ.
Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн энэ үед тус намынхан дотоод сонгуультайгаа удаан “зууралдах” нь сөрөг нөлөө ихтэй. Иймд яаралтай Үндэсний бодлогын хорооны гишүүдээ батламжилж, хуралдуулаад наймдугаар Их хурлаа зарлах шаардлагатай байгаа юм. Их хурлаар Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч тодорно.
Намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагааг тавдугаар сарын 6-ны өдрөөс эхэлж, тав хоногийн хугацаанд дуусгах ёстой.
Иймд Үндэсний бодлогын хорооны анхны болон наймдугаар Их хурал хэзээ хуралдах төлөвтэй байгааг зарим гишүүдээс тодруулахад тавдугаар сарын 2-7-ны хооронд болно гэсэн таамаг байгааг хэллээ.
Ингээд Аймаг, нийслэлийн даргад өрсөлдөж, ялал байгуулсан хүмүүсийн нэрсийг хүргэж байна. /урьдчилсан байдлаар/
№ |
Аймаг, нийслэл |
Сонгогдсон гишүүн /хамгийн олон санал авсан/ |
1 |
Нийслэлийн АН-ын даргад |
Д.Баттулга |
2 |
Архангай |
М.Батжаргал |
3 |
Баян-Өлгий |
Е.Зангар |
4 |
Баянхонгор |
Д.Ширмэн |
5 |
Булган |
Б.Ариун-Эрдэнэ |
6 |
Говь-Алтай |
Ц.Нанзаддорж |
7 |
Говьсүмбэр |
Д.Сүрэнжав |
8 |
Дорноговь |
Б.Батбаяр |
9 |
Дорнод |
П.Алтангэрэл |
10 |
Дундговь |
Ц.Мөнхбат |
11 |
Өвөрхангай |
Хяналтын тооллого дуусаагүй |
12 |
Өмнөговь |
Р.Сэддорж |
13 |
Сэлэнгэ |
Хяналтын тооллого дуусаагүй |
14 |
Төв |
Ц.Мэндсайхан |
15 |
Ховд |
Ч.Чинбат |
16 |
Хөвсгөл |
Ш.Идэрбаясгалан |
17 |
Хэнтий |
Ш.Батдэлгэр |
18 |
Дархан-Уул |
Г.Гантулга |
19 |
Орхон |
Д.Алтанхуяг |
20 |
Увс |
Ч.Чимид |
21 |
Багахангай дүүрэг |
Ц.Алтанцэцэг |
22 |
Хан-Уул дүүрэг |
Хяналтын тооллого явагдаж байна |
23 |
Чингэлтэй дүүрэг |
Г.Баярсайхан |
24 |
Сонгинохайрхан дүүрэг |
М.Чинболд |
25 |
Налайх дүүрэг |
М.Дашхүү |
26 |
Багануур дүүрэг |
Ч.Очирхүү |