С.Бямбацогт: Улс орон, ард түмэнд нэн чухал хуулийн төслүүдээр зөвшилцөнө

2014 оны 6 сарын 09

Улс орон, ард түмэнд нэн чухал хэрэгтэй хуулийн төслүүдийн талаар УИХ-ын төвшинд цаг алдахгүй зөвшилцөх шаардлагатай гэж УИХ дахь МАН-ын бүлэг үзэж байна. Парламентад суудалтай улс төрийн намуудтай зөвшилцсөний үндсэн дээр асуудлыг шийдэхгүй бол сандал ширээтэй зууралдсаар цаг их алдаж байгааг  МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт онцоллоо.

 

УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс өргөн барьсан хуулийн төслүүд бүгд эдийн засгийн агуулгатай байгаа учраас төрийн байгуулалт, нийгмийн хамгааллын салбарын хуулийн төслүүдийг орхигдуулж болохгүй, энэ чиглэлийн хуулийн төслүүдийг ч хамтад нь хэлэлцэн батлах ёстой гэж МАН-ын бүлгийн гишүүд үзлээ.  

Сөрөг хүчний бүлгийн гишүүдээс санаачлан өргөн барьсан монгол хүн, Монгол Улсад маань хэрэгтэй хуулийн төслүүд өнөөг хүртэл хэлэлцэхгүй дарагдсаар байна. Тухайлбал, Бүсийн нэмэгдлийн тухай, Хувь хүний орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл бүтэн гурван жил хүлээгдэж байна. АН-аас 2012 оны сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан "Цалин, тэтгэврийг үнийн өсөлттэй уялдуулан жил бүр нэмэгдүүлнэ" гэсэн зорилтыг МАН-ын бүлгээс биелүүлэхийг шаардаж  хуулийн төсөл болгон өргөн барьсан ч өнөөдрийг хүртэл хэлэлцээгүй. Малчдын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, малчдын тэтгэврийн насыг наашлуулах хуулийн төслийг ч хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахгүй байгаа юм. Тиймээс хэлэлцүүлгийн шатанд хүлээгдэж байгаа улс орон, ард түмэнд хэрэгтэй хуулийн төслүүдийг хэлэлцэх талаар зөвшилцөх шаардлага үүсээд байгаа гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдээллээ. Тэрээр "Парламент дахь олонхи МАН-ын бүлгийн гишүүдийн санаачилсан хуулийн төслийг хүлээж авахгүй байх, эсвэл УИХ-ын дарга хүлээж авсан ч гэсэн хэлэлцэхгүй сунжруулж байна. Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслүүд чанаргүй, дутуу түүхий боловсруулснаас болж УИХ-ын босго давахгүй унаж байна. Ашигт малтмалын тухай, Хяналтын тухай, Газрын тосны тухай хуулийн төсөл үнэхээр түүхий болсон. Гэвч олонхи бодлогоо хамгаална гэдэг утгаар асуудалд хандаж байна. Шаардлага хангахгүй ийм хуулийн төслүүдийг битгий хүлээж аваач гэж УИХ-ын даргаас бид шаардаж байгаа. Засгийн газар хуулиа сайн боловсруулаад оруулаад ирвэл МАН-ын бүлэг дэмжиж ажиллана. Харамсалтай нь дэмжихийн аргагүй, тордоод ч сайжирдаггүй хуулийн төслийг өргөн барьж цаг их алдаж байна. Иймд улс орон, ард иргэддээ нэн чухал, хэрэгтэй хуулиудыг яаралтай баталъя гэдэг дээр АН-ын бүлэгтэй зөвшилцөхөөр шийдсэн" гэлээ.

Газрын тухай хуулиар бэлчээрийн асуудлыг зохицуулах боломжгүй,  бэлчээрийн асуудлаар тусгайлсан хууль гаргах нь илүү оновчтой гэдэгт МАН-ын бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэлээ. Бэлчээрийн даац хэтэрсэн, өвсний төрөл чанар муудаж байгаа өнөө үед бэлчээрийг хуваарьтайгаар эзэмших, ашиглах асуудлыг зохицуулах нь нийгмийн захиалга болж байгаа. Монгол Улсын газар нутгийн 72 хувийг бүрдүүлж буй 112 сая га бэлчээрийн газрыг хэрхэн хуваарьтайгаар эзэмшиж ашиглах, малчдын хооронд үүсч байгаа маргаан мэтгэлцээнийг яаж шийдэх вэ гэдэг асуудлаар ул суурьтай ярилцах ёстой гэж МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол мэдээллээ. Мөн Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болсон газар нутаг бүрэн бүтэн байх ёстой. Хот суурингийн газрыг гадаадын иргэнд 60 жилээр эзэмшүүлэх, 40 жилээр сунгах эрхийг олгож болохгүй гэж үзэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4182
0 эможи
keyboard_arrow_up