С.Эрдэнэ: АН шиг үндэсний хэмжээний намаас гарах улстөрч бий гэдэгт итгэхгүй байна
Намын гишүүдийнхээ олонхын саналаар сонгогдож, их хурлаараа батламжлагдаад буй АН-ын дарга С.Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр намын даргын сонгуульд ялснаасаа хойш анх удаа хэвлэлд дэлгэрэнгүй ярилцлага өгч буй нь энэ.
-Намын даргаар сонгогдож, албаа аваад удаагүй байгаа танд баяр хүргэе.
-Баярлалаа.
-Ажлаа юунаас эхэлж байна вэ?
-Хийх ажил маш их байна. Намын Хэрэг эрхлэх газрын бүтцийг өөрчилж, шинэчлэх, намын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг хангахаас ажлаа эхэллээ. Намын шинэ байраа нээлээ. Мөн намын шинэчлэлийг эрчимжүүлэх бэлтгэлээ хангаж байна.
-Намын шинэчлэлийг хэрхэн эрчимжүүлэх гэж буйг тань сонирхож болох уу?
-Дөрөвдүгээр сарын 6-нд дахин нийт гишүүний санал хураалт явуулахаар төлөвлөж байна. Энэ санал хураалтаар 21 аймаг, есөн дүүрэг, 338 сумын намын дарга, 152 хорооны үүрийн дарга, намын удирдах байгууллага, намын хорооны гишүүдийг сонгоно.
Энэ бол цар хүрээ ихтэй, бэлтгэл шаардсан том ажил. Хугацаа маш бага байгаа тул энэ ажил руугаа нэлээд эрчимтэй орж, гол ачаалал энд төвлөрч байна.
21 аймаг, есөн дүүрэгт сонгууль зохион байгуулах салбар хороод байгуулах, санал хураалтыг зохион байгуулах бэлтгэлийг хангах ажил эхэлсэн.
Манай намын шинэчлэл цаашдаа эрчимтэй үргэлжилнэ. Үүнийг зогсоохгүй. Даргаа бүх гишүүнээрээ сонгуулсан нь намын шинэчлэлийн хамгийн том ажил байлаа.
Одоо анхан, дунд шатны намын дарга нар, удирдах байгууллагын гишүүдийг нийт гишүүнээрээ сонгуулснаар намд маш том реформ хийгдэнэ.
-Хэрэг эрхлэх газрынхнаа бүхэлд нь өөрчилсөн гэсэн мэдээлэл байсан. Шинэ ажил авсан хүн багаа бүрдүүлэх нь зүй ёсны хэрэг байх. Та ямар хүмүүстэй хамтарч ажиллах вэ?
-Хэрэг эрхлэх газрын хуучин бүтцийг хүчингүй болгож, шинээрбаталсан. Бүтцийн өөрчлөлтийн дагуу зарим хүн солигдоно. Бүгд бол биш. Бид нэг намынхан. Нам дотроо хэн нь хэн бэ гэдгээ гадарлана. Ер нь бол намд олон жил ажилласан, туршлагатай, чадвартай, боловсролтой хүмүүсээ түлхүү сонгож ажиллуулна гэж бодож байна.
-Та ажлаа авахдаа бүлэглэл, фракцад үйлчлэхгүй гэдгээ мэдэгдсэн. Хамтарч ажиллах хүмүүсээ сонгохдоо ямар зарчим баримтлах вэ?
-Фракцуудад албан тушаал тэгш хуваарилдаг зарчмаас би шууд татгалзаж байгаа. Нэгэнт фракцгүй болно гэж байгаа бол тэдэнд албан тушаал хуваарилахаа зогсоох ёстой.
Үүний оронд гишүүд рүүгээ хандсан үйл ажиллагаа явуулж, гишүүдийнхээ дэмжлэгийг илүү авч байгааг нь сонгож ажиллуулна. Би нийт гишүүнээсээ сонгогдсон намын дарга. Аль нэг фракцын нөлөөнд автах, тэдний эрх ашгийг хамгаалах, намынхаа гишүүдийн нэгийг нөгөөгөөс илүүд үзэх эрх надад байхгүй.
АН-ыг бүх гишүүнийхээ саналаар үйл ажиллагаа нь явдаг, бодлогын нам байлгахын төлөө ажиллана.
-Намын зарим гишүүн таныг дэмжиж ажиллахаа мэдэгдсэн. Фракцууд тантай хамтарч, дэмжихээ илэрхийлж байна уу?
-Би ямар ч фракцаас хамтарч юм уу, дэмжиж ажиллах санал хүлээж авахгүй.
АН-ыг аль нэг фракцын эрх ашгийг илэрхийлдэг, тэдний бодлогод тулгуурлаж явдаг нам байлгахгүй.
-АН-ын хамгийн том зовлон, ялагдлын шалтгаан нь фракцуудын хагарал гэж гишүүд дүгнэсэн. Фракцгүй болно гэж хэлээд л болчихдоггүйг З.Энхболд дарга харуулсан.
-Би АН-ыг гишүүдийн оролцоотой, бодлогын институцын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, боловсон хүчнээ бэлддэг, Монгол Улсын хөгжлийн бодлогыг тодорхойлдог улс төрийн тэргүүлэх хүчин болгохын төлөө ажиллана.
Ингэхийн тулд хэсэг бүлэг хүний эрх ашиг, тэдний тулган шаардалтаар ажил явдаг биш, бүх гишүүний оролцоо, тэдний гаргасан шийдвэр дээр тулгуурлаж үйл ажиллагаагаа явуулдаг болгож өөрчилнө. Бүх гишүүний оролцоотой шийдвэр гаргадаг бүлэглэл, фракцуудад оршин тогтнох орон зай үлдэхгүй.
АН-ын гишүүд үнэ цэнээ мэддэг, намынхаа төлөө зүрх нь цохилдог байж, намын бүх албан тушаалтан, удирдлагыг сонгоход оролцдог болбол нам нэг цул болно. Хэн нэг хүн улс төрийн карьер хөөе гэвэл гишүүд рүүгээ очдог, тэднээсээ санал авч чаддаг байж дээшээ явна.
Гишүүддээ үнэлэгдэж чаддаггүй хүн бол явахгүй. Фракцын дэмжлэгээр бус гишүүдийн дэмжлэгээр улс төрийн карьер хөөх нөхцөлийг бий болгох хэрэгтэй. Ингэж чадвал фракц байхгүй болно.
Дөрөвдүгээр сарын 6-нд болох бүх гишүүний санал хураалт маш том шинэчлэл авчирна. Үүний дараа бүлэглэл, фракц гэж ярих хэрэггүй болно.
-Фракцын буянаар албан тушаалд хүрээд амташчихсан хэсэг хүн нөлөөллөө алдахаараа цухалдах, намаа задлах эрсдэл байж болох юм?
-Би бол тэгэхгүй гэж найдаж байна. Гишүүдийн саналаар асуудлаа шийдэж байхад түүний эсрэг явсан бүлэг, фракц хэн ч биш болно. Намын нийт гишүүний эрх ашгийн эсрэг бүлэглэлийн эрх ашгийг тавих хүн гарахгүй байх.
-Сая таныг батламжилсан их хуралд л гэхэд Н.Алтанхуягаас эхлээд нөлөө бүхий хүмүүс ирсэнгүй?
-Цөөн хүн ирээгүй. Олонх нь ирсэн. Ер нь бүгд ирэх албагүй шүү дээ. Хэн ирсэн нь ямар нэг зүйлийг илэрхийлэхгүй. Хувь хүнд ямар ч шалтгаан байж болно.
-Гэхдээ нийт гишүүнээс сонгогдсон шинэ даргаа батламжлах нь чухал арга хэмжээ шүү дээ. Ялангуяа намын шинэчлэл, эв нэгдлийн тухай ярьж буй өнөө үед?
-3400 хүний төлөөлөлтэй намын их хурал урьд хожид болж байгаагүй. Тэр дотор хэдхэн хүн ирэхгүй байх нь нэг их ач холбогдолтой биш. Тэд гишүүдийн тодорхой хувийг төлөөлж чадахгүй.
Баянхонгороос ирсэн Бат, Дорж, хэн нэг Алтанхуяг, Баярцогт нар яг адилхан шүү дээ. Ялгаа юу байгаа юм бэ. Адилхан л АН-ын гишүүн.
Нэг л саналын эрхтэй. Дарга байсан гээд хоёр саналын эрх эдлэхгүй шүү дээ. Тиймээс тэднийг бусдаас онцлоод байх хэрэггүй.
-АН-ыг нэг цул болгоход хатуу гар хэрэгтэй. Гэхдээ хатуу гараар барих оролдлого хийхэд тарж бутрах аюул бас бий. Та өөр нам байгуулж явсан, тэгээд эргэж нэгдэж үзсэн хүн байх аа?
-Би нам байгуулсан. Дараа нь олон намыг нэгтгэж, том нам байгуулахад оролцсон. Түүнээс би аль нэг намаас гарч, хэн нэгэн шиг урваж үзээгүй.
-Ямартай ч нам нэгдмэл байж гэмээнэ хүчирхэг болдгийг хамгийн сайн ойлгох хүний нэг нь та. Намын лидерүүд намаас гарах ч юм уу, өөр нам байгуулах тухай яривал та тэднийг ятгаж, хориглох уу?
-Би хүмүүсийн шийдвэрийг хүндэтгэнэ. Хүнд тэг, ингэ гэж тулгах, зөвлөх эрх надад байхгүй. Тэгээд ч улс төрийн намд нэгдэх, эсэх нь хүний өөрийн сонголт. Би нэг зүйлд хатуу итгэдэг. АН шиг үндэсний хэмжээний намаас салах улстөрч байхгүй байх. АН-ын гишүүд салж, нийлэхийн алдаа, оноо, жаргал, зовлонг ханатлаа амссан.
Бид хамтдаа байж л амжилтад хүрдэг болохоос салж давхиад сайнзүйлдхүрсэн түүх байхгүй. Том модноос салсан навч шарладаг гэдэг. Тэгэхээр АН хэмээх том модноос салах хүн гарахгүй болов уу л гэж найдаж байна.
Харин ч энэ намаа улам хүчтэй, Монголын улс төрд өөрийн орон зайг эзэлсэн, төрийн эрхийг барьдаг нам болгохын төлөө хамтарч ажиллах шаардлагатай.
-Намаа “Шонхор тауэр” руу нүүлгэсэн нь бас нэлээд шүүмжлэл дагуулж байна. Тийш нь нүүлгэх хэрэг байв уу?
-Өөр яах юм бэ. Хуучин байсан байранд нь хүн багтахгүй, арваадхан хүн л суудаг, ашиглалтын хугацаа нь дуусаад, дотор нь үйл ажиллагаа явуулахыг хориглосон мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарчихсан шүү дээ.
Тэгээд ч энэ байр манай намын өмч биш. “Шинэ дэвшилт холбоо”-ны өмчлөлд байдаг байрыг манай нам гэрээгээр ашиглаж байсан. АН-ын өмчлөлд байсан “шилэн байр”-ыг өмнөх удирдлагууд зарчихсан юм билээ.
Ямар ч байсан нам өөрийн өмчлөлийн байртай болтолоо хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлж, хуучин байранд байсан шигээ чихэлдэхгүй, тохилог орчинд чөлөөтэй ажиллахаар боллоо. Хуучнаа бодвол АН-ын нүүр царай өөр болж байна.
-“Шилэн байр”-ыг зараад Ерөнхийлөгчийн сонгуулийн зардал болгочихсон гэсэн мэдээлэл байсан?
-Ямар нөхцөлөөр яах гэж зарсан, мөнгө төгрөгийг нь юунд хэрэглэсэн талаар нарийн мэдээлэл аваагүй байгаа учраас тэгсэн, ингэсэн гэж баттай хэлэх зүйл алга. Хөндлөнгийн аудит оруулж, шалгуулан нөхцөл байдлыг тодруулж, үр дүнг нь гишүүдэд нээлттэй мэдээлнэ.
-Үндэсний зөвлөлдөх хороог татан буулгаж, Үндэсний бодлогын хороо (ҮБХ) байгуулахаар болсон. ҮБХ-ны гишүүдийг хэрхэн сонгох вэ?
-УИХ-ын мандат тутамд таван хүнээр тооцож, ҮБХ 380 гишүүнтэй байна. Тэднийг нийт гишүүний саналаар сонгоно. Энэ намын бүх шатны удирдлагыг нийт гишүүнээр сонгуулах зарчмыг би хатуу баримтална.
Зарим хүн хагас төлөөллийн зарчимтай байя гэх мэтийн санал хэлдэг. Би бол “Үгүй ээ, шууд гишүүдээрээ сонгуулна” гэж байгаа. Ингэж байж энэ нам аливаа бүлэг фракцын нөлөөгүй, нэгдмэл нэг цул болно.
-Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийг томилчихсон байгаа. Энэ хүнээ хэзээ жинхлэх вэ?
-ҮБХ-ны гишүүд сонгогдож, бүрдтэл үүрэг гүйцэтгэгч ажиллана. ҮБХ-г бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхлэхээр намын дарга санал оруулж, ерөнхий нарийн бичгийн даргыг томилуулах ёстой.
-Та үүрэг гүйцэтгэгчээр томилсон хүнээ жинхлүүлэх бодолтой байна уу. Эсвэл өөр хүн гаргаж ирэх үү?
-Би эцсийн шийдвэр гаргаагүй байна. Ямар ч байсан шилжилтийн шатанд ажлыг хамгийн сайн хийж чадна гэсэн хүнээ л томилсон.
-Намын гишүүд тань таны томилсон ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчид сэтгэл хангалуун бус байх шиг санагдсан. Залуустаа итгэл хүлээлгэх байсан юм гэсэн байр суурь нэлээд сонсогдсон?
-Ц.Тувааныг хөгшин гэж хэн хэлээд байгаа юм. Дөнгөж 40 гарч яваа, Ерөнхийлөгчийн насанд ч хүрээгүй хүн. 40 гэдэг эр хүний идэр нас. Хэн нэг хүн “Би очвол залуу, өөр хүн бол хөгшин” гэж харж болохгүй. МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон залуу бас л 40 дөхөж яваа юм билээ.
Энэ хоёрын насны зөрүү гарын таван хуруунд багтана. Улс орны ачааг ид үүрч яваа нэг үеийн залуусын төлөөлөл. Хэн нь гарахаараа болдог, хэн нь болдоггүй юм бэ. Ийм яриаг болих хэрэгтэй. Ажлаа хийж чадах үгүй нь үйл ажиллагаагаараа харагдана.
-Өмнө нь аль нэг фракцаар дамжин өчнөөн албан тушаал хашаад, улстөрийн буулга дуулганд орчихсон гэж харж байгаа юм болов уу даа гэж ойлгосон?
-Харин ч төрийн алба хашиж, туршлага хуримтлуулсан нь түүний давуу тал. Огт юу ч мэдэхгүй хүнийг үндэсний хэмжээний том намын гал тогоог барих албан тушаалд томилж болохгүй. Энэ бол маш том үүрэг, хариуцлага. Аливаа улс төрийн нам ахмад, дунд, залуу үеийн хэлхээ холбоог хангасан, залгамж чанартай байж үйл ажиллагаа нь хэвийн бөгөөд хүчтэй явна.
Дан залуус байвал хэцүү шүү дээ. Жишээ нь, 1990 онд дан залуучууд ардчилсан хувьсгал хийсэн. Би л гэхэд 26 настай байлаа. Өнгөрсөн 27 жилийн түүхийг харахад бидэнд оносон зүйл олон бий. Гэхдээ маш олон зүйлийг алдсан. Алдсан шалтгаан нь бидэнд залгамж чанар байгаагүй. Бидэнд суралцах, зааж зөвлөх өмнөх үе байгаагүй, бүгдийг шинээр эхлүүлж, өөрсдийнхөөрөө хийсэн учраас олон том алдаа хийсэн.
Магадгүй, өнөөдөр илүү өндөр түвшинд хүрчихэж болохоор байсан боломжийг ашиглаж чадаагүй нь тэр үед залууст тусалж дэмжих ахмад үе байхгүйгээс болсныг үгүйсгэх аргагүй.
Одоо АН-д ахмад, дунд үе бий болж байна. Залуу үеэ бэлдэх ёстой.
-Харин тэгээд л залуусаа дэмжсэнгүй гэсэн яриа гараад байгаа байх?
-Залуу үе гэдгийг юугаар нь тодорхойлоод байгаа юм бэ. Гишүүдийн оролцоогоор нь хэлээд байна уу. Төрд ажиллаж буй хүмүүсийн насыг харахад МАН, АН хоёрт ялгаа байхгүй. АН-д залуучууд хангалттай бий. Залуучуудын байгууллагатай. Тэдний оролцоо багадаагүй. Засгийн эрх барьж байхад олон залуу хариуцлагатай албан тушаал хашаад явж байсан. Одоо ч намд залуус ажиллаж байгаа.
-Өнгөрсөн 27 жилд МАН-д хэдэн үе солигдчихоод байхад АН-д нөгөө л хэдэн хүн нь яваад байгаа харагддаг?
-Үгүй л дээ. МАН бол 90 гаруй жил болчихсон хөгшин нам. Манайх бол дөнгөж 27 жилийн түүхтэй. Тэгж яривал, МАН үе солигдох бүртээ ямар алдаа гаргаж, яаж мундрыг нь хутгадгийг мэдэх үү. Одоо ч мундрыг нь хутгаж л байна.
-Яадаг гэж...
-Хэдэн арван хадгаламж зээлийн хоршоо, хэдэн банк дампууруулж, мөнгөөр нь казинод тоглоод, зарим нь нэгнээ хутгалж алаад л... Юу нь сайхан байна. Аливаа зүйлд бэлтгэгдсэн, боловсорсон байдлыг нэн тэргүүнд харах ёстой. Түүнээс энэ залуу юм, үүнийг тавьчихвал сайхан харагдана гэж хандаж болохгүй. Залуу нас гэдэг бол шалгуур биш.
Дэлхийн улс орнуудын улстөрчдийн дундаж насжилтыг хар л даа. Залуу байх нь шалгуур юм бол АНУ-ын ард түмэн яагаад 70-тай Трамп, 69-тэй Хиллари нарыг өрсөлдүүлээд байгаа юм бэ. Азийн орнууд ч гэсэн ялгаагүй. Гэтэл манайд дөнгөж 40 гарангуут хөгшин гэдэг.
Өвөг дээдэс маань 40 хүрсэн эр, дөрвөө дарсан ат гэдэг байсан биз дээ. Сурдагаа сурч, амьдрал үзэж, туршлагажаад, ид жагсах насандаа хүрэнгүүт нь хөгшин хөвөөгөөр нь дуудаж, жагсаалаас гаргаад дөнгөж оюутны ширээнээс боссон залуусыг ажиллуулна гэвэл улс орны ачааг үүрэх төлөвшсөн дунд үе байхгүй болно.
Хүнд дадлага туршлага гэж чухал зүйл байна. Амьдралын баялаг туршлагатай болж байж дараа нь төрийн ачааг үүрэлцдэг юм.
-АН шинэ дүрмээр хоёр дэд даргатай байхаар боллуу?
-Хэдэн дэд даргатай байхыг ҮБХ-гоор шийднэ. Намын дэд дарга, ерөнхий нарийн бичгийн даргыг ҮБХ-гоор шийдэж, шаардлагатай зарим бүтцийн байгууллагыг байгуулна.
-VII их хурлаас Үзэл, баримтлал, үндсэн дүрмийн зөвлөл байгуулах шийдвэр гарсан байсан. Өнгөрсөн хугацаанд боловсруулаад гишүүдээрээ хэлэлцүүлсэн дүрмийн төслөө өөрчилнө гэсэн үг үү?
-Энэ зөвлөл нэг удаа үзэл баримтлал, үндсэн дүрэм боловсруулаад зогсохгүй, цаашид байнга судалгаа шинжилгээ хийж, үндсэн дүрэм, үзэл баримтлалд шаардлагатай нэмэлт, өөрчлөлт оруулж байх юм.
VII их хурлаар баталсан үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлт бол дунд шатны шинэчлэл явуулах эрх зүйн орчинг бий болгосон. Тавдугаар сард хуралдах их хурлаар бид үзэл баримтлал, үндсэн дүрмийн эцсийн хувилбарыг батална.
-АН-ын үзэл баримтлал, үнэт зүйл яаж шинэчлэгдэх вэ?
-2000 онд баруун, баруун төвийн, зүүний чиглэлийн үзэл баримтлалтай, таван тэс өөр нам нэгдэж, одоогийн АН-ыг байгуулсан шүү дээ. Энэ намууд нэгдээд үзэл баримтлал, онолын тулгуур зарчмаа тохирч, үзэл санааныхаа тугийг босгож, үнэт зүйлээ тодорхойлж чадаагүй.
Энэ нь бидний маш том алдаа байсан. Тэгэхээр одоо АН үзэл баримтлал, онолын тулгуур зарчмаа зөв тодорхойлж, үзэл санааныхаа тугийг босгох ёстой. Гишүүд нь үзэл баримтлал, үнэт зүйлээ тойрч нэгдэж нягтарсан АН-ыг бий болгох ёстой.
Үндсэн суурь зарчим бол байсан. Түүнийгээ хадгалж, улам тодорхой болгоно гэж ойлгож болно.
-АН Монголын улс төрийн хоёр гол хүчний нэг хэдий ч дангаараа төрийн эрх барих хэмжээнд иргэдийн итгэлийг авч чадахгүй өдий хүрлээ.
-АН хэзээ ч дангаараа олонх болж байгаагүй, хоёр удаа олуулаа болсон. Тэр тоолондоо аль нэг улс төрийн хүчинтэй хамтарч, эвслийн Засгийн газар байгуулж ажилласан.
Өнгөрсөн дөрвөн жилд л гэхэд “Шударга ёс” эвсэлтэй хамтарсан. Тэр ч бүү хэл өнөөгийн эрх баригчид хүртэл Засгийн газарт хамтарч байсан шүү дээ.
-Монголчуудын хүсэн хүлээсэн нийгмийг АН авчирна гэж та хэлсэн байсан. Үнэхээр чадах уу?
-АН шинэчлэгдэж, гишүүдийн нам болж чадвал Монголын төр иргэдийн төр байна, иргэдэд нээлттэй төр байна. Би үүнийг итгэлтэй хэлж байгаа.
-Та намаа дангаараа, хэд хэдэн удаа дараалж эрх барьдаг улс төрийн тэргүүлэгч хүчин болгоно гэж амалж чадах уу?
-Түүний төлөө л ажиллана. Амлах, хийхэд алд дэлэм зөрүү гарах үе байдаг. Хий хоосон амлах бус, хийхийн төлөө зүтгэнэ.
-Шинэ ажил авч байгаа хүнд, ялангуяа АН-ын даргын ажлыг авч буй хүнд ямар нэг том зорилго, мөрөөдөл байх ёстой гэж бодоод байна л даа?
-Би бол хийхийн төлөө зүтгэнэ. Фракцын эрх ашигт хөтлөгдөж, хуваагдсан намаа нэг цул, гишүүдийн саналд тулгуурлаж үйл ажиллагаа нь явдаг, бодлогын нам болгох нь миний гол зорилго. Намыг нэг цул байлгах хамгийн гол гарц нь гишүүдийн нам болох, гишүүдийн оролцоо, тэдний санал дээр тулгуурлаж аливаа шийдлээ гаргах.
Шинэчлэгдсэн, гишүүдийн хүсэн хүлээж буй нам болгохын төлөө би хатуу зогсоно. Энэ зарчмаасаа алхам ч ухрахгүй. Зөв ч бай, буруу ч бай энэ зарчим дээрээ зогсож байгаад эцсийн үр дүнг харна.
АН-ыг бодлогын институцын хэмжээнд үйл ажиллагаа явуулах, засгийн эрх авлаа гэхэд бэлтгэгдсэн боловсон хүчнээр төрийн албыг бүрдүүлэх чадвартай улс төрийн хүчин болгож төлөвшүүлэхийн төлөө ажиллана. Мундаг гээд байгаа өнөөгийн эрх баригчид өнгөрсөн долоон сарын хугацаанд юу хийв. Томилгоог нь хар. Явуулж буй улс төрийн бодлогыг нь хар. Хэвийн явж байсан эдийн засгийг элгээр нь хэвтүүллээ шүү дээ.
Эдний томилгоо, явуулж буй бодлогыг хараад би зориуд ингээд байгаа юм болов уу гэж гайхсан. Гэтэл байгаа нь л энэ юм гэдэг нь харагдлаа. МАН-д манайхаас илүү гарах юу ч байхгүй. Нэгэнт бусдын алдааг харж байгаа бол түүнийг нь давтах ёсгүй. Бид төрийн алба хаших чадвартай, өндөр хэмжээнд бэлтгэгдсэн боловсролтой, ёсзүйтэй боловсон хүчнээ яаралтай бэлдэх хэрэгтэй. 2020 онд төрийн эрх авлаа гэхэд өнөөгийн эрх баригчид шиг тохиолдлын томилгоо хийхгүй.
Мөн засаглалын шинэ бүтцийг яаралтай боловсруулж, “Бид 2020 онд засгийн эрх авбал ийм бүтэцтэй ажиллана. Ийм бодлого хэрэгжүүлнэ” гэдгээ олон нийтэд ил тод зарлах ёстой. Намаа гишүүдийнхээ оролцоотой болгож чадсан АН төрийг иргэдийн оролцоотой болгож, иргэний ардчилсан төр байгуулж чадна. Энэ миний зорилго.
-Засаглалын шинэ бүтэц танилцуулна гэлээ. Танд бодож боловсруулчихсан тодорхой санал байна уу?
-Одоо л эхэлж байна. Би намын дарга болонгуутаа бүгдийг бодож боловсруулж амжихгүй шүү дээ. Надад хугацаа хэрэгтэй. Судалгаа хийж, дүгнэлт гаргаж байж төрийн тогтолцоо, засаглалын шинэчлэлийн бүтцийг тодорхойлно. Үүнийг ганц Эрдэнийн толгойгоор хийчихгүй. Мэргэжлийн хүмүүсийг оролцуулсан баг, байгууллага ажиллана.
-Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдвал ямар нэг хариуцлага хүлээхгүй гэсэн утгатай мэдэгдэл хийсэн тань шүүмжлэлд өртөөд байна.
-Би ганцаараа ийм зүйл яриагүй. Улс төрийн намуудын жишиг энэ. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан гээд хариуцлага хүлээсэн дарга аль намд байдаг юм бэ. Тийм жишиг байхгүй. Манайх парламентын засаглалтай улс. Парламентад олонх болж байж, бодлогоо хэрэгжүүлэх боломжтой болох