АН-ын гал тогоог хэн барих вэ?
Ардчилсан нам бүх гишүүдийн саналаар тодорсон намын даргаа хоёрдугаар сарын 12-нд хуралдах Их хурлаараа батламжилж, албан ёсоор тамгаа солилцоно.
Шинэ дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ УИХ дахь ардчилсан намын бүлгийн дарга байсан учраас юун түрүүнд бүлгийн даргын ажлаа хүлээлгэж өгнө. Харин түүний оронд есөн гишүүнтэй бүлгийг хэн ахлах бол? Тус намын бүлгийн гишүүдээс Ж.Батзандан бүлгийн дарга болох магадлал өндөр гэсэн албан бус мэдээлэл байна.
Ж.Батзандангийн хувьд намын даргын сунгаанд С.Эрдэнэтэй өрсөлдсөн. Түүний хувьд бүлгийн даргын суудалд битүүхэн горилж яваа. Түүнийгээ ч нотлох мэт “Та бүлгийн дарга болох уу” гэсэн сэтгүүлчийн асуултад “Үгүй” гэж лав хариулаагүй. Тэгэхээр АН-ын бүлгийн даргаар Ж.Батзандан томилогдоно гэсэн таамаг үнэний ортой болж эхэлж байна.
Ардчилсан намын гал тогоог хэн сахих вэ? гэдэг таамаг олон нийтийн сүлжээгээр ч, зарим хэвлэлээр хөвөрч эхэлжээ. Мэдээж намд гал тогоо сахих хүсэлтэй олон хүн бий. АН-ын ерөнхий нарийн бичгийн даргад УИХ-ын гишүүн асан Г.Баярсайхан, Д.Ганхуяг, ШӨХТГ-ын дарга асан О.Магнай, Бүгд найрамдах намын дарга асан Б.Жаргалсайхан гээд намын удирдлагад суухыг хүсэгчдийн жагсаалт цуварч, хэдийнэ хэдэнтээ бор шувуу нисгэж амжжээ.
Ардчилсан нам хоёрдугаар сард болох намын VII их хурлаараа маш том бүтцийн өөрчлөлт хийнэ гэж мэдэгдэж буй. Тэд Үндэсний зөвлөлдөх хороо /ҮЗХ/-ны 228 гишүүнийг татан буулгаж, шинээр томилно гэж мэдэгдээд байгаа. Мөн намын Үндсэн дүрмээ шинэчлэхээр төлөвлөсөн. Энэ дүрмээр АН хоёр дэд дарга, нэг Ерөнхий нарийн бичгийн даргатай болно гэсэн сураг бий. Нөхцөл байдлаас харахад, намын дүрэмд өөрчлөлт оруулж, ҮЗХ-ны гишүүдийг өөрчилсний дараа АН-ын хоёр дэд дарга, генсекийг намын дарга санал болгоно.
АН-ын дарга С.Эрдэнэ намын даргын сонгуульд хамт нэр дэвшсэн дөрвөн нэр дэвшигчээ “Тэд бол миний хамтрагчид” хэмээн мэдэгдэж байсан удаатай. Магадгүй, тэр дөрвөн нэр дэвшигчийн эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй албан тушаалд томилж, хамтран ажиллаж чадвал АН шинэчлэгдэнэ гэж харж байгаа хүн олон бий.
Тэгэхээр VII их хурлын өмнө С.Эрдэнэ даргатай Ардчилсан намын гал тогоог хэн барих вэ гэдэг асуулт илүү тодорхой болох дүр зураг харагдаж байна.