АН-ын дарга нэгдүгээр сарын 29-нд тодорно

2017 оны 1 сарын 24

Ардчилсан нам арванхоёрдугаар сарын 6-ны өдөр Их хурлаа хуралдуулж, оны өмнө нэр дэвшигчид сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлсэн. Энэ удаагийн АН-ын даргад нийт таван нэр дэвшигч өрсөлдөж байгаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, АН-ын гишүүн Н.Алтанхуяг, Л.Гантөмөр нар өрсөлдөж, сонгуулийн сурталчилгаагаа 21 аймагт хийсэн. Одоо нэр дэвшигчид нийслэлийн дүүргүүдийн намын хорооны гишүүд, дэмжигчдэд мөрийн хөтөлбөрөө танилцуулж байгаа. Харин нэгдүгээр сард болох намын даргын сонгууль УИХ-ын сонгуулийн адил орон даяар нэгэн зэрэг болох юм.

АН-ын даргыг 176 мянган гишүүн сонгоно

Ардчилсан нам VI их хурлаараа намын гишүүдийнхээ шинэчилсэн бүртгэлийг хийхээр товлосны дагуу 176 мянган гишүүн бүртгэлдээ хамрагдсан. Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан 176 мянган гишүүн намын даргын сонгуульд оролцох эрхтэй болж байгаа. Эдгээр гишүүд 180 мянган гишүүнтэй гэгддэг АН-ын “жинхэнэ” гишүүд мөн эсэхэд олон нийтийн дунд эргэлзээ төрүүлж байсан ч намын гишүүн өөрийн хүсэлтээр өргөдөл бөглөж, жилийн 1200 төгрөгийн татвараа төлсөнөөс шинэчилсэн бүртгэлдээ хамрагдсан учраас энэ бол АН-ын гишүүдийн албан ёсны тоо гэж буй. Нөгөө талаар АН-ын гишүүдийн бүртгэл бодит тоо юу гэдгийг ил болгохын тулд АН гишүүдийнхээ нэрсийг тодорхой болгох шаардлагатай юм. Нэгдүгээр сарын 29-ний өдөр санал хураалт болох учраас АН гишүүдийнх нь бүртгэл шилэн үү эсвэл хөөсрөл үү гэдэг эргэлзээг тайлах боломж, хугацаа нь бий.

Намын дарга болсон ч Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй

Монгол Улс тав дахь удаагаа ард нийтээрээ Ерөнхийлөгчөө сонгох сонгууль ирэх зургадугаар сард болно. Энэ сонгуульд УИХ-д суудал бүхий нам Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй гэж Үндсэн хуульд заасан. Тэгвэл АН-аас УИХ-д есөн гишүүн бүхий бүлэг бий. Хэрэв АН даргаа сонговол намын дарга нэр дэвшинэ гэсэн таамаг олон нийтийн дунд байсан. Тэгвэл намын дүрмэндээ намын дарга Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй гэсэн заалтыг оруулж өгсөн. Өөрөөр хэлбэл, АН-ын таван нэр дэвшигчээс хэн ч намын дарга болсон тав дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжгүй гэсэн үг.

Таван нэр дэвшигч ялагдсан ч хамтарч ажиллана

Намын даргад нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авахдаа хамтын гэрээнд гарын үсэг зурсан. Энэ гэрээнд тусгасанаар таван нэр дэвшигчийн хэн ч ялсан бусад нэр дэвшигчид нь ялагдлаа хүлээн зөвшөөрч хамтарч ажиллана гэж заасан. Мөн АН-ын сонгуулийн хорооноос заасан журмыг дагаж мөрдөнө гэсэн “хатуу” заалттай гэрээнд гарын үсэг зурсан. Бүр тодруулбал, Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг мөрдөх, АН-ын үндсэн дүрэм журмыг дээдлэх, намын даргын сонгуулийг зохион байгуулах журмыг баримтлах, ил тод байдал, шударга ёсыг сахих, намын эв нэгдлийг хангах, зөвшөөрөгдсөн хэлбэрээр сурталчилгаагаа явуулах, бусад нэр дэвшигчдийн эсрэг сөрөг үйл ажиллагаа явуулахгүй байх, АН-ын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагааг явуулахгүй байх, ялалт байгуулсан нэр дэвшигчээ хүлээн зөвшөөрч, эв нэгдэлтэй хамтран ажиллах, АН-ын шинэчлэлийн бодлогод бусад нэр дэвшигчийн шинэлэг санаачлагыг тусгах үүрэг хүлээсэн юм.

АН-ын шинэ дарга том хариуцлага хүлээнэ

Ардчилсан нам намын их хурлаа намын даргын сонгуулийн дараа үргэлжлүүлнэ. Арванхоёрдугаар сард болсон Их хурлаар намын дүрэм, бодлогын шинэчлэл хийнэ гэсэн ч хийж чадаагүй гэдгийг өнгөрсөн хугацаанд өрнөсөн үйл явдлуудаас харж болно. Угтаа АН сонгуульд намаа ялагдуулсан, намын их хурлаа хуралдуулж чадаагүй намын удирдлагууддаа хариуцлага тооцохоос намын шинэчлэлээ эхлүүлнэ гэдэг хүлээлт АН-ын гишүүдэд, ард иргэдэд ч байсан. Гэвч Их хурлаас гарсан шийдвэр, дүрмийн шинэчлэл нэмэх оноо өгөх хүн АН-д, олон нийтийн дунд ч цөөхөн байсан юм. Ямартай намын даргын сонгуулийн дараа намын даргаа батламжлах, намын шинэчлэлээ үргэлжлүүлэх VII их хурлаа хийхээр төлөвлөж байгаа. Энэ хүрээнд намын Үндсэн дүрмийн төслийг шинэчлэх ажлын хэсэг гарч, эцсийн байдлаар гаргаад буй. Энэ дүрэмд намын их хурлаа жил бүр нэгээс доошгүй удаа хуралдуулж байх, эмэгтэйчүүд, залуучуудын квотыг Үндэсний бодлогын зөвлөлд оруулах, намын дэргэд Бодлогын зөвлөлтэй байх, аймаг дүүргийн намын хорооны дарга нар УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй зэрэг хатуу заалтууд оруулж өгчээ. Хамгийн чухал УИХ-д олонхи болж чадаагүй бол намын дарга, дэд тэргүүн, ерөнхий нарийн бичгийн дарга нарыг огцорсонд тооцно гэж тусгажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40268
0 эможи
keyboard_arrow_up