Ардчилсан залуучууд эв нэгдлийг эрхэмлэж байна
Ардчилсан намын даргын сунгаанд өрсөлдөж буй таван эрхмийн намын гишүүд, дэмжигчдэдээ мөрийн хөтөлбөрөө танилцуулах уулзалт өнгөрөгч бямба гарагт Хөвсгөл аймгийн Мөрөн хотод үргэлжиллээ.
Энэ үед Ардчилсан залуучуудын холбооны төлөөлөл нэр дэвшигчдэд амжилт хүсч, эх орон, тусгаар тогтнол, шударга ёсны төлөө цогтой тэмцэгч Чингүнжавтай холбоотой домгийг бэлгэдсэний дээр орчин цагт сэтгэл ханамжтай, таатай байгаагаа илэрхийлэх нэгэн хэлбэр болсон LIKE буюу эрхий хурууны хэлбэр бүхий дурсгалын зүйлийг хадгалууллаа. Хөвсгөл аймгийн Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн Ц.Түмэнбаяр хэлэхдээ “Ардчилсан намын даргын сонгууль бол намын шинэчлэлийн нэгээхэн хэсэг бөгөөд эвээ эрхэмлэн хамтдаа сурталчилгаагаа хийж байгаа нэр дэвшигчдэд талархаж байна. Энэ таван лидерийн хэн нь ч ялсан гэсэн Ардчилсан залуучуудын холбоо хамтарч ажиллах болно. Сонгуулийн дараа ялсан нь эрхий хуруу болж, ялагдсан нь атгасан гар шиг хамтарч ажиллаарай” хэмээн захисан юм.
Дашрамд дурдахад, Хотгойдын засаг ноён Чингүнжавыг Манжууд 81 улайсгасан зоосны нүхээр махыг нь цувуулан тамлан алсан гэдэг. Цогцсыг нь манжийн хааны ордны баруун хаалга орчимд хаяж хүмүүсээр гишгүүлэн доромжилсон бөгөөд Чингүнжавын шадар цэргүүдийн нэг нь нууцаар дагаж Бээжинд ирэн, эрхий хурууг нь авч төрсөн нутагт нь авчирч оршоосон түүхтэй.