МАН: Дотоодын цэрэг байгуулахыг дэмжив
УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа өнөөдөр /2017.01.16/ Засгийн газраас өргөн мэдүүлсэн Цагдаагийн албаны тухай, Дотоодын цэргийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд дэмжжээ. Ингэхдээ эдгээр төслүүдийг яаралтай УИХ-аар хэлэлцэн батлах шаардлагатай гэж үзсэн байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Г.Занданшатар нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Дотоодын цэргийн тухай хуулийн төслийн хүрээнд цагдаагийн байгууллагын харьяанд дотоодын цэргийг байгуулахаар заасан юм.
Улс орны чухал обьектыг хамгаалах, мөн үймээн самуун гарахад цагдаагийн байгууллагын харьяан дахь дотоодын цэрэг хамгаалж, хэв журам сахиулж ирсэн. Энэ тогтолцоо 1922 оноос эхтэй бөгөөд 1992 он хүртэл Нийгмийг аюулаас хамгаалах яамны харьяанд, 1992 оноос 2014 он хүртэл цагдаагийн байгууллагын харьяанд зохицуулагдаж иржээ.
Өмнөх УИХ-аар холбогдох хуулийг шинэчлэн баталснаар 2014 оноос цагдаагийн байгууллагын харьяанд байсан дотоодын цэрэг татан буугдсан аж. Чиг үүргийг нь цагдаа хариуцаж ирсэн.
Холбогдох мэргэжлийн байгууллагуудын судалгаагаар дотоодын цэргийг сэргээх шаардлагатай гэж үзсэн, мөн улсын онц чухал обьектыг дотоодын цэргээр хамгаалуулах нь эдийн засгийн талаасаа ч хэмнэлттэй гэнэ. Иймээс УИХ дахь МАН-ын бүлэг дотоодын цэрэг байгуулахыг дэмжсэн байна.
Мөн бүлгийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Мал амьтны эрүүл мэндийн тухай болон холбогдох бусад хуулийн төсөл, Малын генетик нөөцийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд дэмжжээ.
Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, малын гаралтай түүхий эдийг боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгон гаргахад дээрх хуулийн төслүүд ач холбогдол өгнө гэж үзсэн байна.
Түүнчлэн бүлгээр УИХ-ын гишүүн Г.Занданшатар нарын санаачилсан Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжсэн байна.
Шийдвэр гаргахад төвшинд иргэдийн оролцоог хангахад дээрх хууль чухал ач холбогдолтой хэмээн бүлэг үзжээ.