З.Энхболд: 180 мянга гаруй хүнээс нэг л хүн АН-ын даргад өрсөлдөх эрхгүй
АН-ын даргад өрсөлдөх хүмүүсийг бүртгэж байна. Тодруулбал, бүртгэл энэ сарын 10-наас буюу өнгөрсөн бямба гарагаас эхэлжээ. Бүртгүүлсэн иргэдийн сурталчилгаа энэ сарын 19-нөөс албан ёсоор эхлэх аж. АН-ын даргын сунгаанд оролцож буй хүмүүст ямар нэгэн шалгуур тавихгүй гэж АН-ын дарга З.Энхболд өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдээллээрээ мэдэгдсэн. Тэгэхээр АН-ын даргад нэрээ дэвшүүлэх нь АН-ын бүх гишүүдэд нээлттэй юм байна.
Хэдийгээр бүх гишүүдэд нээлттэй боловч нэг л хүнд АН-ын даргын суудал хаалттай байна. Тодруулбал, энэ тухай АН-ын дарга З.Энхболд "АН-ын 180 мянга гаруй гишүүнд АН-ын даргын сунгаанд оролцох эрх бүрэн нээлттэй. Ганц л хүнд хаалттай. Тэр хүн нь би. Учир нь сонгуулийн үр дүнгээс болж би хариуцлага хүлээх учиртай. Хэдийгээр АН-ын даргаас огцрох өргөдлөө өгсөн боловч намын шинэ даргыг сонготол намайг даргаа хийж бай гэсэн учраас одоо хүртэл хэвээрээ байна" гэлээ.
Намын даргын сонгууль нэг сарын турш үргэлжилж, нэгдүгээр сарын 19-нд дуусах юм байна. Шинээр сонгогдсон намын даргаа долдугаар Их хурлаараа батламжлах аж.