АН-ын VI Их хурал хоёр дахь өдрөө үргэлжилнэ
АН-ын VI Их хурал өнөөдөр хоёр дахь өдрөө Соёлын төв өргөөнд үргэлжилж, Үндсэн дүрэм, журмын нэмэлт, өөрчлөлтийг баталснаар өндөрлөнө.
Өчигдөр тус Их хурлаар АН-ын шинэчлэлийн хөтөлбөрийг хэлэлцэж, намын дарга З.Энхболд Улс төрийн илтгэл тавьсан юм. Тэрбээр илтгэлдээ улс орны эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, АН-ын засаг барих үедээ хийж хэрэгжүүлсэн ажил, сонгуульд ялагдсан талаарх дүгнэлт зэргийг нэгтгэн хэлсэн бөгөөд төгсгөлд нь "Миний бие АН-ын даргын албыг хүлээн авч хоёр жил ажиллаад өнөөдөр намын дүрмийн дагуу ажлаа өгөх гэж байгаа энэ цаг мөчид намын шинэтгэлийн хөтөлбөрийг хэлэлцэж батлах их хурлын индрээс эрхэм журмын нөхөддөө хандан дараахь саналуудыг дэвшүүлж байна. Энэ бүхнийг намын дүрэмдээ баталгаажуулах нь намын шинэтгэлийн амин сүнс нь юм.
Нэгдүгээрт, Намын бүх шатны байгууллага толгойлж сонгуульд орсон намын дарга нар тухайн шатны засаг даргаар шууд томилогдон ажилладаг тогтолцоог намын дүрмэнд тодорхой суулгаж, зөрчсөн тохиолдолд дээд шатны байгууллага нь батламжилдаггүй байх тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй.
Хоёрдугаарт, Сонгуульд ялагдсан тохиолдолд бүх шатны намын удирдлага ямар ч маргаангүйгээр өргөдлөө өгч чөлөөлөгдөх бөгөөд дараагийн 4 жилд тухайн шатныхаа намын удирдлагад өрсөлдөхгүй байх ёс зүйн дэг жаягийг хэвшүүлэх хэрэгтэй.
Гуравдугаарт, Нам бол төрийн эрх мэдлийн төлөө өрсөлддөг субъектийн хувьд улс үндэстний үндэсний аюулгүй байдлын баталгаа болж өөрөө цэвэр ариун байх үүрэгтэй.
Дөрөвдүгээрт, Нам нээлттэй байхын хамт намын дотоод сахилга, дэг жаяг хатуу чанд байж, дүрмийн хэрэгжилтэд тавих хяналт ил тод хариуцлагатай байх зохицуулалтыг намын дүрэмд сайтар тусгавал зохино" гээд "2016 оны УИХ-ын сонгуулийн дүнд МАН УИХ-д олонхи болж, Засгийн газрыг дангаараа байгуулсан, бид ирэх жилүүдэд хүчтэй сөрөг хүчин байж тэдний амлалтыг байнга сануулж, амлалтаа ягштал биелүүлэхийг байнга шаардах болно" гэсэн юм.
Ингээд илтгэлийн дараа АН-ын шинэтгэлийн хөтөлбөрийг УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин танилцуулсны дараа үдээс хойшхи хуралдаан хаалттай өрнөсөн бөгөөд энэ үеэр намын дарга асан Н.Алтанхуяг болон намын бусад гишүүд Улс төрийн илтгэл тавьж, шинэтгэлийн хөтөлбөрийн талаарх санал шүүмжлэлээ хэлж, санал зөрөлдсөн маргаан цөөнгүй өрнүүлжээ. Тухайлбал, МУГЖ Д.Сосорбарам хэлсэн үгэндээ "Ийм Ардчиллын төлөө яваагүй" хэмээн бухимдаж, намаасаа гарахаа мэдэгдэн, танхимыг орхисон байна. Мөн УИХ-ын гишүүн Л.Болд “Хүний эрхийг хангах чиглэлээр АН тууштай бодлого дэвшүүлж, ажиллах шаардлага тулгараад байна” хэмээн Их хурлын гишүүддээ уриалжээ.
АН-ын дарга асан, Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн илтгэл мөн төлөөлөгчдийн анхаарлыг нэлээд татжээ. Тэрбээр илтгэлийнхээ эхэнд Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулсан АН-ын гишүүдийг буруутгахгүй гээд "АН-д өгсөн Монголын ард түмний итгэлийг хэдхэн хүн үгүй хийсэн. 2012 онд манай намыг олонхи болох үед намайг Ерөнхий сайд болгохгүй, намын даргын ажлаа өг гэж шаардаж байсан. Шинэчлэлийн Засгийн газрын хийсэн ажил нь АН-ын хийсэн ажил гэж харагдах ёстой гэдгийг би үргэлж хэлдэг байсан юм. Аль ч нам гарсан хэдхэн хүн хождог нам дамнасан бүлэглэл тогтолцоо бий болгохын тулд намайг шахаж гаргасан. Бид “Хүн шиг амьдарч улс шиг хөгжье” гэж хэлж байсан ч хэдхэн хүнээс болоод хийж эхэлсэн ажлаа дуусгаж чадаагүй. Бид 1990 онд ганцхан хүний эрх ашиг, хязгааргүй тачаалыг хангахын төлөө Ардчилсан хөдөлгөөнд яваагүй. Та бүхэн ч яваагүй” гэжээ.
Үүнээс гадна үдээс хойшхи хуралдаанд 60 гаруй гишүүн саналаа хэлж, санал шүүмжлэл өрнүүлсэн бөгөөд 21.00 цагийн үед өндөрлөсөн юм. Харин өнөөдөр АН-ын Үндсэн дүрэм, журмын нэмэлт, өөрчлөлтийг танилцуулж, санал шүүмжлэл, хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд хуралдааны төгсгөлд Үндсэн дүрэм, журмын нэмэлт, өөрчлөлтийг батлахаар төлөвлөөд байна. Мөн АН-ын Хяналтын ерөнхий хороо буюу Үндсэн дүрмийн хороо болон АН-ын Дотоод сонгуулийн хороог байгуулах аж.
Дашрамд дурдахад АН-ын IV Их хурал 2009 онд, V Их хурал 2013 онд тус тус хуралдсан юм.