Ардчилсан намын VI Их хурал түр завсарлалаа

2016 оны 12 сарын 06

Соёлын төв өргөөнд болж буй Ардчилсан намын VI Их хурал түр завсарлаад байна. Хурлаар намын даргын илтгэлийг сонссон юм. Үргэлжүүлэн намын дүрмийн шинэчлэлийн төслийг хэлэлцэх ажээ.

Ардчилсан намын шинэтгэлийн хөтөлбөрийг УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин танилцуулав. Тэрбээр “Ардчилсан намд эв нэгдэлтэй байж чадаагүй гэдэг. Гэхдээ эв нэгдэлтэй байна гэдэг МАН шиг муу, муухайгаа нууна гэсэн үг биш ээ. Ардчилсан намын эв нэгдэл бол фракц дагаж гүйх биш дүрмэн дээрээ нэгдэхийг хэлнэ. Ардчилсан нам бүх шатны эрх мэдлээ шат, шатандаа тодорхой болгохгүй бол давхацсан эрх мэдэл хагаралдуулдаг.

Ардчилсан намыг нэг толгойтой болгохын тулд яаж нэг нам болгох вэ гэдгээ шийдэх ёстой. Улс орныг хөгжүүлэх хамгийн гэрэл, гэгээтэй санаачлагыг бид гаргаж чаддаг. Түүнийхээ хэлэлцүүлгийг нам дотроо хийхгүй бол болохгүй байна.  Бид аливаа шийдвэрийг зөвшилцлийн зарчмаар, гэхдээ дүрмээ сахиж, цөөнх болсон нь олонхийн шийдвэрээ дагаж, олонх нь цөөнхүү хүндлэхгүй бол бид цүнх барьсан хүмүүс, фракцид хуваагдсан хүмүүсийн тэмцэлийн талбар болно. 

Ардчилсан намд шинэ салхи хэрэгтэй байна. Тогтмол ус үмхийрдэг. Тиймээс хаалга үүдээ сайн нээх хэрэгтэй. Намын бүртгэлийг цахимжуулж, тэр нь нээлттэй байж хуйвалдааны намаас салах цаг болжээ. Нээлттэй, оролцоотой, цахим ардчилсан нам  гэдэг энэ хурлаас гараад 2017 оны хоёр сард шинэ намын тогтоцтой, шинэ даргатай, шинэ гишүүдтэй болно” гэв.

Шинэтгэлийн хөтөлбөрт АН-ын ҮЗХ-г 330 хүнтэй болгох, Гүйцэтгэх зөвлөлийг Ерөнхий зөвлөл болгох, ҮЗХ-ны гишүүдийн нэг жилийн татварыг таван сая төгрөгөөр тогтоожээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38784
0 эможи
keyboard_arrow_up