Л.Эрхэмбаяр: Аль фракц ямар хүчтэйгээс үл шалтгаалж намын удирдлагууд сонгогддог болно
Ардчилсан намын ҮЗХ-ны 48-р хурал өчигдөр Төрийн ордны Их танхимд болж өндөрлөсөн. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж, Б.Гарамгайбаатар, АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нар мэдээлэл хийлээ.
Л.Эрхэмбаярын хэлснээр энэ удаагийн хурлаар Гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан "Ардчилсан намын шинэчилсэн дүрмийг боловсруулах ажлын хэсэг байгуулах, Ардчилсан намын Их хурлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулах" саналыг хэлэлцэж, гишүүдийн олонхи дэмжсэн байна. Ингэснээр дүрмийн төсөл боловсруулах ажлын хэсгийг ҮЗХ-ны гишүүн, УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж, Их хурал зохион байгуулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат тус тус ахлахаар болжээ.
Мөн хурлаар АН-ын дарга З.Энхболдын "Намын даргаас чөлөөлөгдөх өргөдөл"-ийг хэлэлцэх байсан боловч уг асуудлыг хэлэлцээгүй байна. Тиймээс АН-ын даргыг сунгаагаар шийдвэрлэх хүртэлх хугацаанд намын удирдлагууд нь ажлаа үргэлжлүүлэн хийх аж. Харин АН-ын Их хурал ирэх сарын 06-ны өдөр болох бөгөөд тухайн өдөр Ардчилсан намын үзэл баримтлал болон Үндсэн дүрмийг баталж намын даргын асуудлыг хэлэлцэхээр болжээ.
Ийн мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
АН Их хурлаараа шинэ дүрмээ баталсны дараа аль бүлэглэл, фракц ямар хүчтэйгээс үл шалтгаалж намын удирдлагууд сонгогддог тогтолцоог бий болгоно.
-АН сайн дүрэмтэй гэж ярьдаг. Тэгвэл дүрмээ биелүүлдэггүй, намынхаа шинэчлэлд оролцдоггүй гишүүддээ ямар хариуцлага тооцох вэ. Энэ тухай ҮЗХ-ны хурал дээрээ ярьсан уу?
Ш.Түвдэндорж: -Намын Их хурлаар хэлэлцэх шинэ дүрэмд хариуцлагын асуудлыг хөндсөн санал оруулна. Өмнөх дүрмийн хувьд сайн дүрэм. Гэхдээ хариуцлага тооцох асуудалд дээр нэлээд олон шат дамжлагатай механизм байсан. Тиймээс ажлын хэсэг дээр нэг зүйл дээр гишүүд санал нэгдэж байгаа. Юу гэхээр, хэрвээ тухайн гишүүн намын дүрмийг зөрчсөн тохиолдолд түүнд нь таарсан хариуцлагыг цагаан дээр хараар бичээд ямар нэгэн шат дамжлагагүйгээр шууд хариуцлага тооцдог схемд оруулъя гэж ярьж байгаа. Хэрвээ хариуцлага тооцдог байгууллага нь хариуцлага тооцож чадахгүй байвал мөн огцордог байхаар ярьж байна. Шагнал, урамшууллын асуудал ч ялгаагүй ийм байдлаар явна.
-Танай намд хамгийн их шүүмжлэл дагуулдаг зүйл бол фракц хоорондын зөрчилдөөн. Тэр утгаараа аль олон хүнтэй, эсвэл аль хүчтэй фракцаас намын дарга болох хүн сонгогдох магадлалтай байдаг. Энэ байдал өөрчлөгдөх болов уу?
Л.Эрхэмбаяр: -Мэдээж өөрчлөгдөнө. АН Их хурлаараа шинэ дүрмээ баталсны дараа аль бүлэглэл, фракц ямар хүчтэйгээс үл шалтгаалж намын удирдлагууд сонгогддог тогтолцоог бий болгоно. Энэ үйл ажиллагааг таслан зогсооно. Өөрөөр хэлбэл, бүх сонгууль үндсэндээ намын анхан шатны гишүүдээс санал авч байж шийдэгдэнэ. Угаасаа анхан, дунд шатны гишүүдийг бүгдийг нь фракц, бүлэглэлүүд өөртөө элсүүлэх боломжгүй. АН-ын энэ шинэчлэл бол Монгол Улсын улс төрийн намуудын шинэчлэлийн өнгийг тодорхойлсон байх ёстой.