АН-ыг шинэчлэх залуусын хөдөлгөөнөөс шаардлага хүргүүлнэ
"Нээлттэй Ардчилсан нам-шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөн"-өөс АН-ын дотоод шинэчлэлтэй холбогдуулан мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр Ардчилсан намын шинэчлэлийн дүрмийн төслийг олон нийтэд ил болгохыг АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс шаардаж буйгаа илэрхийллээ.
"АН-ын шинэчлэлтэй холбоотой маш олон санаачлагууд улс орон даяар өрнөж байна. АН-ын даргад нэр дэвшигчид өөрсдийн байр суурийг илэрхийлж хөтөлбөрүүдээ танилцуулж байгаа хэдий ч олон нийтийн өмнө нээлттэй, хүмүүсийн тэгш оролцоог хангасан, АН ямар байх вэ гэсэн хэлэлцүүлгүүд хийх шаардлагатай байна" гэв.
Одоогийн байдлаар АН-ын шинэ дүрмийг хэлэлцэж байгаа таваас зургаан газар байгаа бөгөөд тус намын арваннэгдүгээр сарын 16-ны өдөр болох ҮЗХ-ны хурлаас өмнө олон нийтэд зориулж АН-ын demparty.mn сайтад дүрмийн төслийг тавихыг шаардаж байна гэсэн юм.
Энэхүү шаардлага нь зөвхөн Нээлттэй Ардчилсан нам-шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөнөөр хязгаарлагдахгүй Ардчилсан намын олон мянган энгийн гишүүдийн шаардлага гэнэ.