УИХ дахь АН-ын бүлэг Засгийн газрын 100 хоногт дүгнэлт өглөө
УИХ дахь АН-ын бүлгээс хэвлэлийн бага хурал хийлээ. Мэргэжлийн Засгийн газрын 100 хоног, Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгосон тухай болон Орон нутгийн сонгуулийн талаар бүлгийн дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, дэд дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Ажлын албаны дарга Д.Золжаргал, АН-ын Орон нутгийн сонгуулийн Бүртгэл хариуцсан ажлын хэсгийн ахлагч С.Төмөрхүү болон Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аким нар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
Хурлын эхэнд УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзандан Орон нутгийн сонгууль болон сонгогчдын бүртгэлийн асуудлыг танилцуулаад "2016 оны орон нутгийн сонгуулийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулах талаар АН-ын бүлгээс ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсэгт ирсэн хүсэлт, гомдол, зөрчлийн талаарх саналуудыг Оюуны өмчийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Сонгуулийн ерөнхий хороо, Тагнуулын ерөнхий газарт хүргүүлсэн" гэлээ. Үүнд "Зарим сум, дүүрэгт шүүхийн шийдвэр гараад байхад саналын хуудас хэвлэгдсэн гэх шалтгаанаар Ардчилсан намаас нэр дэвшигчдийг бүртгэхгүй байгааг бүртгэх, Хуулийн дагуу нэг иргэн нэг л хэсэгт зөвхөн хурууны хээг таниулан санал өгөх боломжтой байлгах, сонгогчдын санал өгсөн эсэх байдлыг тэмдэглэх, хурууны тэмдэглэгээг ашиглах асуудлын хүрээнд 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Улсын Бүртгэл, Статистикийн ерөнхий газрын дарга С.Мэндсайханы аймаг, дүүргийн сонгуулийн хороонд явуулсан 1/8196 албан тоотын дагуу 73,000 иргэн хурууны хээ таниулахгүй зөвхөн иргэний үнэмлэхээр санал өгүүлсэн асуудлыг давтан гаргуулахгүй байх
" зэрэг саналуудыг тусгажээ.
Мөн УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ болон Ажлын албаны дарга Д.Золжаргал нар өмнөх Засгийн газрын батласан Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгосонд УИХ дахь АН-ын бүлгээс гаргасан дүгнэлтийг танилцууллаа. Мэдээллийн үеэр Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аким " Ахмадууд бид залуу насандаа улс эх орныхоо төлөө хийж, бүтээж, түүнээсээ татвар төлдөг байсан. Гэтэл ихэнх нь тэтгэврийн насанд хүрч чадалгүй, эс бол цөөн хэдэн жил тэтгэвэр аваад хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг. Хамтын тэтгэврийн тухай хуулиар тэтгэврээ авч чадахгүй хүмүүс ар, гэр, хань ижилдээ өвлүүлэн үлдээх боломжтой байсан. Гэтэл энэ хуулийг хүчингүй болгож байгаа нь Үндсэн хуулийн гурван заалтыг зөрчиж байна гэж үзээд хэсэг ахмадууд Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Тодруулбал, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 19 дүгээр зүлийн 19.1-ийг зөрчсөн учраас Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Сонгуулийн үр дүнгээр төр засаг солигдох нь хамаагүй ганцхан төрийн залгамж чанартай, өмнөх засгийнхаа хийж хэрэгжүүлж байсан зөв, зүйтэй ажлыг үргэлжлүүлэх ёстой.
Улстөрчдийн үл ойлголцол, залгамж чанаргүй байдлын золиос ард түмэн болох ёсгүй. Тэтгэвэр бол бидний насан туршдаа хуримтлуулсан хувийн өмч. Энэ өмч хөрөнгийг өвлүүлэх эхний алхам нь Хамтын тэтгэврийн тухай хууль байсан. Үүнийг шинэ засаг гараад хүчингүй болгож болохгүй” хэмээв.
Түүнчлэн "2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд бүрдсэн МАН-ын Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газрыг ураг төрөл, хамаатан садан, уяачдын, давхар дээлтэй “Мэргэжлийн бус” Засгийн газар байгуулагдсан" гээд Мэргэжлийн Засгийн газрын 100 хоногт АН-н бүлгээс гаргасан дүгнэлтийг АН-ын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзандан танилцуулж өмнөх Засгийн газар болон одоогийн Засгийн газар 100 хоногт хэрхэн ажилласан тухай мэдээллээ.