Д.Эрдэнэбат: Фракц гэдэг ойлголтыг эрх ашгийн нэгдэл болгосон нь бидний алдаа байсан
АН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж буй УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр АН-ын орон нутгийн сонгуулийн төв штабын менежерээр томилогдоод байгаа билээ.
Д.Эрдэнэбат:
“АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс шийдвэр гаргаж намайг Орон нутгийн сонгуулийн менежерээр томилсон. Орон нутгийн сонгууль бол зөвхөн АН төдийгүй ардчиллыг дэмждэг бусад улс төрийн хүчний хувьд онцгой чухал ач холбогдолтой сонгууль юм.
МАН үнэмлэхүй олонхын саналыг парламентад авч, үйл ажиллагаагаа эхлэхдээ улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд яаран дүн шинжилгээ хийж улс орны амьдралд үл эргэлзэх байдлыг бий болгосон нь орон нутгийн сонгуулийн үйл явцыг ээдрээтэй болгож байна.
Яагаад гэвэл хэдийгээр АН-ыг муулах гэж үйл ажиллагаагаа явуулсан боловч эргээгээд ард түмний амьдралыг муужруулах чиглэл рүү хэлтийсэн нь байж болошгүй зүйл юм.
Орон нутгийн сонгууль бидний хувьд Ардын намын хийсэн олон ухралтыг зогсоох хариуцлагатай сонголтын өмнө ирсэн гэж ойлгож байгаа. Тэгэхээр АН-ын сонгуулийн штабын гол зорилго үүнд тулгуурлагдана. Өнөөдрийн байдлаар орон нутгийн сонгуульд 15 мянга гаруй нэр дэвшигч бүртгүүлснээс 7,500 нь АН-аас нэр дэвшигч байна.
Орон нутгийн сонгуульд оролцоход зарим хүндрэлтэй зүйл байгаа. Тухайлбал, ялихгүй зүйлээр шалтаглаж нэр дэвшигчийг бүртгэхгүй байх, сонгуулийн хорооны бүтцэд нэг талын олонхыг барих зэрэг маргаантай зүйл олон бий. Үүнийг хууль хяналтын байгууллага шалгаад шийдвэрээ гаргах байх. Фракц гэдэг ойлголтыг эрх ашгийн нэгдэл болгосон нь бидний алдаа байсан. Гэхдээ сонгуулийн штаб өнөөдөр бүх нэр дэвшигчээ дэмжих, орон нутгийн сонгуульд зохион байгуулалттай орох бэлтгэл ажлаа үндсэндээ эхэллээ гэж ойлгож болно. Орон нутгийн сонгуультай холбоотойгоор эргэлзээ дагуулж байгаа нэг том асуудал бий. Энэ бол бүртгэл, шилжилт хөдөлгөөн тухай асуудал юм.
АН-ын шинэчлэлийн асуудалд олон хүн санаагаа чилээж байгаа. Нэг чулуунд бүдэрсэн хүн хоёр дахиа бүдэрвэл ухаантай хүний шинж яав ч биш. АН-д алдаа оноо олон байсан. Гэхдээ нээлттэй нам байсан.
Эрх ашигтаа хөтлөгдөж бидний алдаан дээр дөрөөлсөн 2016 оны сонгууль бидэнд сөрөг үр дүн авчирсан. Тийм учраас бид шинэчлэлийн асуудлаа орон нутгийн сонгуулийн үед ч алдагдуулахгүй.
2000 оны арванхоёрдугаар сарын 6-нд анх Ардчилсан нам байгуулагдсан. 16 жилийн нүүр үзэж байна. 16 жилийн дараа буюу 2016 оны арванхоёрдугаар сарын 6-нд бид Их хурлаа хийхээр төлөвлөсөн. Ард иргэд АН-ыг шинэ даргатай болоосой гэж хүлээж байна гэж бодохгүй байна. Харин АН шинэ бодлоготой, шинэ үйл ажиллагаатай болоосой гэж ард түмэн хүлээж байгаа.
АН-ын шинэчлэл бол зөвхөн намын шинэчлэл биш Монгол Улсын улс төрийн тогтолцооны бодлогын шинэчлэл байх болно гэж бид үзэж байгаа.
Их хурлаараа бид шинэ дүрмээ батална. Орон нутгийн сонгуулийн дараа шинэ дүрмийнхээ хэлэлцүүлгийг нийт гишүүд дэмжигчдийнхээ дунд хийх нь зүйтэй гэж үзэж байгаа. Мөн намын даргын асуудлыг шударга өрсөлдөөнөөр нийт гишүүдийн дундаас гаргах нь зөв гэж харж байна.