ҮЗХ-ны хурлаар АН-ын ДАРГА, ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчдийг томилж магадгүй
-АН-ЫН ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Э.БАТ-ҮҮЛ ТОМИЛОГДОЖ МАГАДГҮЙ БАЙНА-
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо маргааш 14:00 цагаас хуралдана. Энэ удаагийн ҮЗХ-ны хурлаар ямар асуудлууд хэлэлцэх эсэх нь хэвлэлийнхэн бидэнд албан ёсоор ирээгүй байна.
Ямартай ч намын даргын үүрэг гүйцэтгэгчийг дахин сонгох тухай мэдээлэл байна. Учир нь Д.Эрдэнэбат үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон ч татгалзсан аж. Учир нь үүрэг гүйцэтгэгч намын даргын сонгуульд өрсөлдөхгүй байх зарчим баритладаг ажээ. Намын даргын үүрэг гүйцэтгэгчийг дагаад Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийг томилж магадгүй байна. Мөн ирэх аравдугаар сард болох орон нутгийн сонгуульд хэрхэн оролцох зэргийг хэлэлцэж магадгүй гэх яриа бий.
Түүнчлэн намын дүрмээ шинэчлэх ёстой гэдгийг намын гишүүд нь шаардах болсон. Тиймээс энэ удаагийн хурлаар намын дүрмийн шинэчлэлийн асуудал сөхөгдөх бололтой. ҮЗХ-ны бүх гишүүдийн гуравны хоёр хувийн саналаар намын дүрмийг өөрчлөх эсэхийг шийддэг аж. Энэ удаагийн хуралдаанд ирцийн асуудлыг чухалчлахгүй бөгөөд намын дүрмийг өөрчлөх боломжтой гэдгийг зарим гишүүд хэлж байна. Учир нь өнгөрсөн долдугаар сард хуралдсан ҮЗХ-ны хуралдааны ирцээр энэ удаагийн ҮЗХ-ны хурлыг үргэлжлүүлэх юм байна.
Мөн ирэх арванхоёрдугаар сарын 6-нд Их хурлын бэлтгэл ажлыг хэрхэн хангах тухай асуудлыг ч хэлэлцэх аж. Ойрын хугацаанд болох орон нутгийн сонгуульд намаа хэн удирдан оролцохыг энэ удаагийн ҮЗХ-ны хурлаар шийдэж магадгүй юм.
Энэ удаагийн ҮЗХ-ны хурлаар сонгогдсон намын даргын үүрэг гүйцэтгэгч ирэх арванхоёрдугаар сард болох АН-ын Их хурлаар ажлаа тайлагнан дараагийн даргад хүлээлгэж өгөх аж. Харин энэ удаагийн ҮЗХ-ны хурлаар сонгогдох намын даргын түр үүрэг гүйцэтгэгчид Э.Бат-Үүлийн нэр яригдаж байгаа юм байна.
Э.Бат-Үүл мэдээлэл хийх үеэрээ: “Намын даргын ажлыг хий гэвэл, татгалзахгүй. Учир нь намаа шинэчлэх ажлаас ухрахгүй” гэх тайлбарыг өгсөн билээ. Харин Их хурлаар баталгаажих намын даргад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, Л.Болд, Г.Батхүү нарын нэр яригдаж байгаа ч аль нэг нь намынхаа гишүүдийн дунд санал нэгтэйгээр дэмжигдэж чадахгүй байгаа аж.