НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр мэдээлэл хийлээ
НИТХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр өглөө мэдээлэл хийсэн. Тэд НИТХ нээлттэй үйл ажиллагаа явуулах зарчмаас ухарч, сар бүр хуралдахгүй байгаагаас Улаанбаатар хотын ажил амьдрал, бүтээн байгуулалт тасалдаж байна гэж мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр мэдээлэл хийлээ.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр: “НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү тэргүүлэгчдийг томилохгүй байна гэж мэдээлсэн. Үнэн хэрэгтээ НИТХ-ын анхдугаар хуралдаан долдугаар сарын 6-ны өдөр болсон. Анхдугаар хуралдааны шийдвэрээр тэргүүлэгчдийг сонгох тогтоол гарч, тэргүүлэгчид томилогдсон. Одоо хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэргүүлэгчдийн хурал нийтдээ 5 удаа хуралдаж, 19 асуудал хэлэлцэн, 17 тогтоол шийдвэр гаргасан.
НИТХ-ын нэгдсэн хуралдаан дэгийн дагуу сар бүрийн сүүлийн долоо хоногийн Пүрэв гарагт хуралддаг. Ажлын хороод, дэд хороод бол НИТХ-ын үндсэн дотоод зохион байгуулалтын нэгжүүд байгаа. Хоёрдугаар хуралдаан 8 дугаар сарын сүүлийн долоо хоногт хуралдах ёстой байсан. Хойшилсон шалтгаан нь НИТХ-ын Тэргүүлэгчдийн 8 сарын 17-ны өдрийн 11 тоот тогтоолоор ажлын хороод, дэд хороодын бүтэц хэд байхыг шийдвэрлэсэн. Үүний дараа намын бүлгүүд иргэдийн хурлын төлөөлөгчдөө өөр өөрийн харьяалагдах хороог ирүүлэх ёстой. Үүний дараа нэгдсэн хуралдаанаар тэргүүлэгчдээр хэлэлцэх ёстой байдаг. Өнөөдөр НИТХ-ын АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү энэ саналаа албан бичигээр ирүүлсэн. Саналаа ирүүлсэн учраас маргааш тэргүүлэгчдийн хурлаа зарлан хуралдуулна.” гэж мэдээллээ.