2008,2012 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчид уулзав

2014 оны 5 сарын 28

Улсын Их Хурал дахь бие даагч гишүүд  өнөөдөр /2014.05.28/ өнгөрсөн УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшсэн хүмүүсийн  төлөөлөлтэй уулзав.

Бие даагч гишүүдийн  УИХ дахь  үүрэг оролцоо, цаашдын хийх ажлын талаар санал солилцсон тус уулзалтад УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон 2008, 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн Иргэний хөдөлгөөний намын дэд дарга Ж.Занаа, УИХ-ын гишүүн асан Д.Энхтайван нарын  бусад бие даан нэр дэвшигчид оролцож санал хэлэв.

Бие даагч нэр дэвшигчдийн төлөөллүүд “Улс төрийн намын тухай”  хуулийн шинэчилсэн найруулгыг түргэвчлэх шаардлагатай гэдэг дээр санал нэгдсэн. Түүнчлэн нэн яаралтай өргөн барьж, батлах шаардлагатай  хуулийн  төслүүдийн талаар яриа өрнүүлж, санал солилцов.

Иргэний хөдөлгөөний намын дэд дарга Ж.Занаа, ард түмний эзэмшил бүхий ой мод, агаар, ус, газар нутаг, байгалийн баялаг болсон өмч хөрөнгийг хуулиар зохицуулсан тусгай хуультай байх шаардлагатай. “Газрын тухай хууль” болон “Ашигт малтмалын тухай хууль” ард нийтийн эрх ашгийг хамгаалж чадахгүй байна хэмээн онцлоод уул уурхай, газар эзэмшихтэй холбоотой хэрэг маргаан их байгаа нь “Төрийн нийтийн өмчийн тухай” хууль байхгүйтэй холбоотой хэмээв.

Мөн УИХ-ын гишүүн асан Д.Энхтайван, авилгатай тэмцэх бодлого дутагдаж буйг дурдаад энэ асуудлыг зохицуулсан “Хувийн мөрдөгчийн тухай” хуулийг боловсруулж өргөн мэдүүлэх хэрэгтэй. Хүн бүр авилгын асуудалд хяналт тавих эрх нээлттэй байх, ялангуяа сэтгүүлчдэд эрх үүсгэх шаардлагатай хэмээн санал хэлэв.

УИХ дахь бие даагч гишүүдийг төлөөлж УИХ-ын гишүүн С.Ганбаатар уулзалтын төгсгөлд  “Улс төрийн намын тухай”  хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолыг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэгт багтаж буй гишүүний хувьд  энэ удаагийн уулзалтаас гарсан үнэтэй санал дүгнэлтийг шинэчилсэн найруулгад тусгана гэв.

УИХ дахь бие даагч гишүүдийн санаачилсан энэхүү уулзалт “Монгол хүний төлөө” уриан дор явагдсан бөгөөд өнгөрсөн онуудад УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн хүмүүсийн төлөөлөл 20 гаруй хүн  оролцлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3627
0 эможи
keyboard_arrow_up