МАН-ын бүлэг хуралдана
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр дахин ээлжит бусаар хуралдах гэж байна. Өнөөдрийн хуралдаанаар төсвийн тодотголыг тойрсон асуудлуудыг дахин хэлэлцэж бүлгээс эцсийн байдлаар санал, дүгнэлтээ гаргахаар зэхээд байгаа ажээ. Өнөөдөр бүлгээр татварын асуудлыг голлож ярихаар төлөвлөсөн гэнэ.
Харин бүлгийн хуралдаан хэдэн цагаас эхлэх нь одоогоор тодорхойгүй байна. Ямартаа ч өнөөдөр үдээс өмнө хуралдах байх хэмээн зарим эх сурвалжууд мэдээлж байгаа юм.
Дашрамд дурдахад өчигдөр МАН-ын бүлэг бараг бүтэн өдөржин хуралдсан бөгөөд хурлын дараа бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нар мэдээлэл хийж "Төрийн өмчит компаниудын захирлуудаас бусад төрийн албан хаагчдын цалинг хасахгүй. Засгийн газраас хүүхдийн мөнгийг зорилтот бүлгийн 60 хувьд олгож, 40 хувьд нь 2-3 жилийн дараа боломжит хувилбараар өгөх, Оюутны тэтгэлгийн санг 90 тэрбум төгрөгөөр байгуулах санал оруулж ирснийг МАН-ын бүлэг дахин судлах шаардлагатай гэж үзлээ. Энэ талаар маргааш дахин хуралдаж эцсийн байдлаар шийдэлд хүрнэ" гэсэн юм.
МАН-ын бүлгийн хурлыг цаг тухайд бид эргэн мэдээлэх болно.