Завханд АН, Өвөрхангайд МАН ялах уу?
УИХ-ын сонгуульд “сойж” байгаа намуудын нэр дэвшигчид хэр үр дүнтэй оролцох талаар янз бүрийн таамаглал олон нийтийн дунд ид өрнөж байна. Улс төрийн шинжээчдийн хувьд аль нам хэдэн суудал авах, хэн хаана ялалт байгуулах талаар урьдчилсан байдлаар хариугаа хэдийн гаргачихаад байгаа билээ. Зарим нэг хүмүүс ч өөр хоорондоо хэн хаана ялалт байгуулах вэ хэмээн бооцоо тавиад эхэлсэн гэх. Нэр дэвшигчид болон тойргуудын өнгийг News агентлаг өдөр бүр тойрог тус бүрээр тоймлон хүргэж байна.
ЗАВХАН АЙМАГ: ХОЁР МАНДАТТАЙ. УИХ-ЫН 17,18 ДУГААР ТОЙРОГ.
Ардчилсан намаас Я.Санжмятав, З.Нарантуяа гэсэн туршлагатай улстөрчдөө явуулж байгаа бол МАН-аас Б.Энхболд, Ш.Батсамбуу гэсэн хөрөнгөлөг бизнесменүүдийг сойж байна. Түүнчлэн МАН-аас “урвасан” нөхдүүд болох Д.Балдан-Очир МАХН-аас, Ш.Сайхансамбуу Тусгаар тогтнол, эв нэгдлийн намаас Завханд өрсөлдөнө.
Улстөрч үү, бизнесмэн үү, мянгат малчин уу?
Асгат, Баянтэс, Баянхайрхан, Идэр, Их-Уул, Нөмрөг, Сонгино, Тосонцэнгэл, Тэлмэн, Тэс, Түдэвтэй, Цэцэн-Уул, Яруу сумуудад буюу УИХ-ын 17 дугаар тойрогт Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Я.Санжмятавыг, Монгол Ардын намаас “Сонор трейд”-ын эзэн Б.Энхболд, МАХН-аас Д.Балдан-Очирыг нэр дэвшүүлсэн. Я.Санжмятав нь УИХ-д хоёр удаа сонгогдсон. Завхан аймгийн Засаг дарга хийж явсан, Шинэчлэлийн Засгийн газрын үед Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсан нэгэн. Сайд байхдаа 999 морин хуурчийн тоглолтыг, мөн “Өсвөрийн монгол шатар-9999”наадмыг зохион байгуулж байснаас өөр хийсэн, гавьсан ажил бага.
Харин МАН-аас нэр дэвшсэн Б.Энхболд улс төрийн хүрээнд танигдаагүй, “Сонор трейд”-ын эзэн гэдгийг нь бизнесийн хүрээнийхэн л мэднэ. Нутгийнхан нь түүнийг морь уядаг, махны үйлдвэртэй гэхээс өөрөөр таних “тэмдэг” ховор. Үнэндээ улс төрд өрсөлдөнө гэдэг наадам морь уяхаас тэр өөр гэдгийг тэрбээр мэдэж байгаа биз. Улс төр дэх Монгол Улсын манлай уяачийн тоог нэмээр нэмнэ үү гэхээс “манлай” улстөрч болно гэж хэлэхэд хэцүү.
МАХН-аас нэр дэвшигч Д.Балдан-Очир өмнөх сонгуулиар нутагтаа өрсөлдөөд өвдөг шороодсон нэгэн. Өнгөрсөн дөрвөн жил улс төрд харагдах нь битгий хэл бараа сураггүй талийсан тэрбээр гэнэт л Н.Энхбаярын хормой хотноос зүүгдэж Завхан аймагт нэр дэвших эрх олж авсан. Гэсэн ч нутгийнхаа “мянгат малчин”-д завханчууд итгэл үзүүлэх эсэх нь эргэлзээтэй. Учир нь, өмнөх сонгуулиар өвдөг шороодсоноос хойш нутагтаа үзэгдэж харагдаагүй гэж шүүмжлэх хүмүүс ч байгаа.
Ах, дүү захын наймаачид хоорондоо “зад” өрсөлдөнө
УИХ-ын 18 дугаа тойрог буюу Завханы Алдархаан, Отгон, Шилүүстэй, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Дөрвөлжин, Ургамал, Завханмандал, Сантмаргац, Эрдэнэхайрхан сум, Улиастай сумын 1, 2, 3, 4, 5, 6 дугаар багийн нутагт Ардчилсан намаас З.Нарантуяаг, Монгол Ардын намаас Ш.Батсамбууг, ТТЭНН-аас Ш.Сайхансамбуу, МАХН-аас Б.Батхуяг нар өрсөлдөж байна.
З.Нарантуяагийн хувьд Завхан аймагт өмнө нь нэр дэвшиж байсан, нутгийн унаган охин. Төрийн албанд насаараа ажилласан туршлагатай, мөн Ардчилсан нам дотроо нэр цэвэр эмэгтэйчүүдийн нэг. Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байсан, сайн эдийн засагч гэгддэг. Түүнийг нутгийнхан нь дэмжих магадлал өндөр байна. Учир нь, Монгол Ардын намаас нэр дэвшиж буй Ш.Батсамбуу, ТТЭНН-аас нэр дэвшиж байгаа Ш.Сайхансамбуу нар зулай зулайгаа гишгэж төрсөн ах дүү нар. Гэвч, хөрөнгө мөнгөнөөс болоод “хонь, чоно” болчихоод байгаа тэд бие, биенийхээ саналыг хуваах нь тодорхой. Нэг эхээс төрсөн хэрнээ хөрөнгө мөнгөнөөс болж тангараг тасрахад хүрсэн ах, дүү “Нарантуул”-ын боссууд завханчуудын эрх ашгийг хангана гэж итгэхэд хэцүү.
Тус тойрогт Б.Батхуяг гэж олонд байтугай Завхандаа ч танигдаагүй нэгэн МАХН-аас өрсөлдөж буй юм.
ӨВӨРХАНГАЙ: ГУРВАН МАНДАТТАЙ. УИХ-ЫН 19,20,21 ДҮГЭЭР ТОЙРОГ
Ардчилсан намаас БОНХАЖ-ын сайд, МҮАН-ын угшилтай Н.Батцэрэгийг, мөн “Дэлгэрэх хүнс” компанийн захирал Д.Жаргал, АН-ын бүлгийн албаны дарга асан С.Дэмчиг гэх шинэ хүмүүсийг сойж байгаа бол Монгол Ардын нам нутгийн уугуул, хуучин гишүүдээ сойж байна.
Н.Батцэрэг үү, Я.Содбаатар уу?
Хужирт, Зүүнбаян-Улаан, Уянга, Бат-Өлзий, Хархорин сум буюу УИХ-ын 19 дүгээр тойрогт Ардчилсан намаас Н.Батцэрэг, МАН-аас Я.Содбаатар нар өрсөлдөж байна. МҮАН нь Ардчилсан намыг дэмжихээр болсон тул Н.Батцэрэг намаасаа гарч АН-ын нэр дээр тус тойрогт өрсөлдөж байна. Н.Батцэрэг өмнөх сонгуулиар“Шударга ёс” эвслээс жагсаалтаар УИХ-д гарч ирсэн. Тус бүлгийн нэрээр сайд болсон хүн. Улстөрд хуучин ч, Өвөрхангайд шинэ хүн.
МАН-аас нэр дэвшиж байгаа Я.Содбаатар мөн өмнөх сонгуулиар жагсаалтаар гишүүн болж байсан. Өнгөрсөн дөрвөн жилд тулхтай улстөрч гэдгээ харуулж чадсан. МАН-ын залуус дотроо нэр хүнд сайтай. 2008 онд нутагтаа өрсөлдөөд өвдөг шороодсон тэрбээр дахин нутагта даагаа нэхэхээр шийджээ. МАХН-аас Б.Эрдэнэбилэгт гэх хүн нэр дэвшиж буй. Тэрбээр нутагтаа ч төдийлөн танигдаагүй нэгэн аж.
Засаг дарга уу, бизнесмен үү?
Арвайхээр, Тарагт сум буюу УИХ-ын 20 дугаар тойрогт Ардчилсан намаас “Дэлгэрэх хүнс” компанийн захирал Д.Жаргал гэх эмэгтэй, Монгол Ардын намаас аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн нар өрсөлдөхөөр болж байна. Уг нь АН-ын ҮЗХ-ноосоо нэр дэвших эрхээ Ч.Даваабаяр авсан ч учир битүүлэг шалтгаанаар Гүйцэтгэх зөвлөл нэрийг нь татсан гэх. Үүнийхээ дараа тэрбээр намаасаа гарах өргөдлөө өгсөн нь нэр дэвших эрхээсээ зүгээр ч нэг татгалзаагүйг харуулж байна. Өнгөрсөн дөрвөн жил Өвөрхангайд нэр дэвшихээр тойргоо багагүй тордсон атлаа гэнэт Гүйцэтгэх зөвлөл дээрээ нэрээ татсаныг нь хэвлэлээр янз бүрээр тайлбарлаж байна. Түүний оронд АН-аас Д.Жаргал гэх бизнесмен эмэгтэй нэр дэвшихээр болжээ. Тэрбээр өмнө нь МАН-ын гишүүн байсан бөгөөд Ардчилсан намд “урвасан” нэгэн юм байна.
Түүнтэй Монгол Ардын намаас халз тулах хүн бол Д.Тогтохсүрэн. Аймгийн Засаг дарга. Тэрбээр эрх мэдлээ ашиглан хууль бусаар аймгийн “А” зэрэглэлийн бүсэд хамаардаг байсан газрыг “Баянтээг” нэртэй уул уурхайн компанийн захирал Н.Ганболдод худалдсан гэсэн дуулианд нэр холбогдож явсан. Мөн өнгөрсөн сар шинийн баяраар 2000 шахам цаг тооны бичиг хэвлүүлж, айлуудад тараасан, төсвийн мөнгөнөөс гурван сая 490200 төгрөг гаргуулж Өвөрхангай аймгийн Ганданпунцоглин хийдэд хэвлүүлсэн гэж тус аймгийн АН-ынхан буруутгаж байсан юм. МАХН-аас мөн л олон танигдаагүй Ё.Бямбатогтох гэх хүн мөнтус тойрогт өрсөлдөж байгаа.
Бүрд, Есөнзүйл, Өлзийт, Баян-Өндөр, Сант, Баянгол, Төгрөг, Гучин-Ус, Богд, Баруунбаян-Улаан, Нарийнтээл, Хайрхандулаан сум буюу УИХ-ын 21 дүгээр тойрогт АН-аас С.Дэмчиг, МАН-аас Хөдөлмөрийн сайд асан С.Чинзориг, МАХН-аас Ч.Цэндээ нэр дэвшжээ. Гол өрсөлдөөн С.Дэмчиг, С.Чинзориг нарын дунд болох болов уу. Гэхдээ С.Чинзориг бол нутагтаа шинэ хүн биш. Учир нь, өмнөх сонгуулиар нутагтаа нэр дэвшиж ялалт байгуулсан ч Г.Батхүү, Д.Зоригт хоёр саналыг нь луйвардаж, УИХ-д луйвраар гарч ирсэн гэгддэг. Тиймээс ч Д.Зоригт, Г.Батхүү хоёр хоёулаа Өвөрхангайгаас зугатаж, нийслэлд “шигдээд” байгаа. С.Дэмчиг бол анх удаа УИХ-д нэр дэвшиж байгаа залуу улстөрч. АН-ын бүлгийн ажлын албаны дарга гэдгээрээ намдаа танигдсан уу гэхээс олонд танигдаагүй нэгэн.
Ийнхүү, УИХ-ын 17,18,19,20,21 дүгээр тойрогт нэр дэвшигчдийг харахад Завхан АН, Өвөрхангайд МАН ялах магадлалтай байна. Гэхдээ “Аавын хүүгийн аз мэднэ, алтан шооны нүх мэднэ” гэсэн үг бий.