Гарцгүй ИЗНН
Сонгуулийн ерөнхий хороо ИЗНН-ын сонгуульд оролцох хүсэлтийг бүртгэхээс татгалзсан. Бичиг баримтын бүрдүүлэлтэй холбон тайлбарлаж буй уг шалтгаан нь цаанаа захиалгатай байж болохыг эх сурвалжууд онцолж буй юм.
Харин ИЗНН-ын зүгээс сонгуулийн байгууллагын энэ шийдвэрийг эсэргүүцэж, сонгогдох эрхэнд халдсан хэмээн шүүхэн хандаад байсан. Одоогоор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх уг асуудалд хэрэг үүсгэн, СЕХ-г хариуцагчаар татсан байна. Гэвч ИЗНН-ын хуулийн хүрээнд асуудлаа шийдүүлэх хооронд сонгуулийн хуулийн бусад товлолт хугацаанууд өнгөрөхөөр харагдаж буй.
Нөгөө талд ИЗНН эрх баригч намд тойргийн таван мандат, НИТХ-д гурван эрх олгохыг санал болгосон асуудал шийдлээ хүлээж байгаа юм. АН-ын ҮЗХ-гоор шийдэгдэх тус асуудал ч мөн нааштайгаар шийдэгдэнэ гэхэд бэрх. Нэгэнт ИЗНН-ын гол ноён нуруу болсоор ирсэн С.Оюун гишүүн сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ зарласан. Тиймээс ИЗНН-д санхүүгийн хувьд харьцангуй чадамжтай, АН-ынхантай тохиролцоо үүсгээд явах эрхэм цөөхөн байгаа юм.