МАХН-аас гарч, МАН-д элсэхээ мэдэгдлээ

2016 оны 5 сарын 04

Төрийн ордноо УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар мэдээлэл хийж  МАХН-аас гарч, МАН-д элсэх шийдвэр гаргасан гэдгээ мэдэгдлээ. Энэхүү өргөдлөө МАХН-ын дарга Н.Энхбаярт өнөөдөр өгөх юм байна. Мөн УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгээс гарна гэдгээ ч хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Ч.Улаан “Үндсэн хуулиндаа ямар ч эргэлзээгүйгээр хуулиудаа нийцүүлж, сонгуулиа шударгаар явуулах хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх учиртай гэж боддог. Тийм учраас өнгөрсөн жилийн өдийгөөс эхлээд сонгуулийн хуулийг боловсронгуй болгох талаар тодорхой санал, санаачлага гаргаж, хуулийн төсөл өргөн барьж “Шударга ёс” эвслийн бүлгийн нэрийн өмнөөс албан ёсны байр сууриа илэрхийлж байсан. Энэ бүхэн Цэцийн дүгнэлтийг хүлээж авснаар хэрэгжих бололцоо нээгдэж байна. Одоо дүгнэлтийг хүлээгээд авчихлаа. Хуульд ямар өөрчлөлт оруулах вэ гэдэг асуудал байна. Цэцийн дүгнэлтийг хүлээн авснаар холимог тогтолцоо үгүйсгэгдэж байна гэж ойлгохгүй байна. Холимог тогтолцоог хэвээр нь хадгалах хуулийн бололцоо байна гэж үзэж байгаа юм. 48 мандаттай, 26 томсгосон тойргоор можаратор системээр сонгууль явуулах энэ хуулийн заалт хүчин төгөлдөр байгаа. 28 мандатыг томсгосон тойргоос пропорцианаль системээр явуулах үүд хаалга нээлттэй байгаа гэж үзэж байна. Сонгуулийн хуудсанд хоёр янзын тэмдэглэгээ хийдэг байсан. Нэгдүгээрт нь можаротор системээр өгөх жагсаалтууд байдаг. Нам болон нэр дэвшигчид тэгээд хүнээ сонгодог. Хоёрдугаарт нь пропорцианаль системээр намын нэр дугуйлдаг байсан. Одоо бид хуулиндаа өөрчлөлт оруулаад намын нэр дугуйлдагийг болиод зөвхөн тухайн намаас нэр дэвшсэн хүнийг сонгож дугуйлах замаар саналаа өгвөл пропорцианаль системийг цаашид мөрдөөд явах бололцоо байна. Хуульд том өөрчлөлт хийхгүйгээр байгаа агуулгад нийцүүлээд холимог системээр явуулах бололцоо байна гэдгийг “Шударга ёс” эвсэл албан ёсны байр сууриа илэрхийлсэн” гэлээ.

Ийнхүү мэдээлэл хийсний дараа УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар сэтгүүлчдийн дараах асуултад хариулт өгсөн юм.

-МАХН-аас гарна гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү. Үнэн бол намаас гарах өргөдлөө өгсөн үү?

-Ч.Улаан: Сонгуулийн системд өөрчлөлт орох нь ойлгомжтой болсон. Хүнээ сонгодог систем рүү явах нь тодорхой. Тойргууд дээр хүчтэй өрсөлдөөн болно. Энэ явцад улс төрийн намууд хүчээ нэгтгэх, сонгогчдын саналыг сарниулахгүй байх ажил хийж байна. Ямартай ч бид хоёр Хувьсгалт намаас гарах өргөдлөө намынхаа даргад өгч байгаа.

-Д.Тэрбишдагва: “Цэцийн дүгнэлт 2016 оны 4 дүгээр сарын 22-нд гарсан. Өнөөдрийг хүртэл Цэцийн дүгнэлтийг яаралтай шийдэж төрийн ажлыг гацаахгүй явуулах ёстой байсан. Тиймээс Шударга ёс эвсэл Цэцийн дүгнэлтээр завсарлага авахыг эсэргүүцэж байсан. Ард иргэдтэй уулзаж байхад 28 жагсаалтыг эсэргүүцэж ярьдаг. 28 хүний дотор төрд ажиллаж үзээгүй хүмүүс орж байна гэж шүүмжилж байгаа. МАХН-аас гарах өргөдлөө бичээд өнөөдөр өгнө. ҮХЦ-ийн дүгнэлтээр “Шударга ёс” эвсэл шударга бус үйлдлээр завсарлага авсан.  Нэг өдрийн ч өмнө ч болов шийдэх ёстой энэ асуудлыг авч хэлэлцэхгүйгээр завсарлага авсныг нь бид буруу үйл ажиллагаа гэж үзэж байгаа.

-Намаасаа гарч байгаа шалтгаан юу вэ?

УИХ-ын гишүүн Ч.Улаан:

-Сонгуульд оролцож байгаа аливаа субъект амжилт гаргахын төлөө ордог. Амжилт гаргахын төлөө бүхий л боломжийг ашиглах учиртай.  Энэ удаа УИХ болон орон нутгийн сонгууль хамтдаа болно. Сүхбаатар аймгийн  МАН, МАХН-ын гишүүд  энэ сонгуульд нэг болж хамтран ажиллая гэдэг саналыг надад тавьсан.   Саналаа хувааж сонгуульд амжилтгүй оролцож байх сургамжаа давтахгүй байя гэж олон удаа тавьж байсан. Сонгуульд нэг зорилго чиглэлтэй улс төрийн намууд хүчээ нэгтгэж, нэгдэж, хамтарч оролцох нь зүйтэй гэдэг байр суурин дээр би хатуу зогсож байгаа. Тийм учраас энэ бололцоог нээх үүднээс МАХН-аасаа гарч МАН-тай хамтарч ажиллахаар шийдсэн байгаа.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

-2012 оны дөрөвдүгээр сард  хэлмэгдүүлэлт гэж айхтар асуудал болсон. 600 орчим цагдаагаар хүрээлүүлж, МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсан. Монголд шударга зүйл байна уу, төрийн гурван өндөрлөгт байсан хүнээ баривчилж болохгүй гэсэн үүднээс бид хэлмэгдүүлэлтийн төлөө 4 жил зүтгэсэн.  Улс төрийн хүчнүүдийн төвлөрөл бий болж байгаа энэ үед МАН, МАХН хоёр сонгуульд хамтарч ажиллах ёстой гэсэн хатуу байр суурийг дөрвөн жил илэрхийлсэн. Хэвлэлийн ярилцага болгондоо хэлж байгаа. Тасарсан мах, үсэрсэн цус, бид. 99.9 хувь нь нэг үзэл бодолтой найзууд байдаг. МАН, МАХН-ын эвсэх асуудлыг зохион байгуулах Ч.Улаан, Ч.Хүрэлбаатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг онц сайн ажилласан. Ажлын хэсэг олон зүйл дээр тохирсны дотор МАХН-д өөрт нь ашигтай хэд хэдэн зүйлийг ажлын хэсгийн ахлагч Ч.Улаан тусгуулсан байлаа. 76 мандатын 25-ыг нь МАХН, 51-ийг нь МАН-аас байхаар тохирсон нь том үзүүлэлт.  Мөн УИХ-ын дарга Ерөнхий сайдын аль нэгийг нь сөөлжүүлж авна. Мөн эвслийн удирдах зөвлөлийг 50:50 хувийн харьцаатай заасан. Улс төрийн бүх хэлмэгдүүлэлтийг зогсоохын төлөө тууштай хамтран ажиллана. МАН, МАХН-ын аль нэг субъектийг сонгуульд оролцуулахгүй байх тохиолдолд хамтдаа тэмцэнэ гэсэн асуудал тус тус яригдсан боловч харамсалтай нь хэрэгжүүлж чадаагүй. Миний бие МАХН-ын бага чуулган дээр МАН, МАХН-ын дарга нар хамтдаа асуудлаа шийд гэсэн асуудал тавьсан.  Бага хурал, чуулганаа завсарлуулаад хоёр намын дарга нар уулзсан. Харамсалтай нь шинэ асуудлыг МАХН-ын дарга тавьсан гэж сонссон.  Энэ мэтчлэн хамгийн сайн хамтарч ажиллаж байсан МАН, МАХН сонгуульд эвсэж орж чадахгүй болсон нь намаасаа гарах нэг үндэслэл. Бид хоёр МАХН, МАН-ыг нэг улс төрийн хүчин болгохын төлөө ажиллана. МАХН-ынхан ИЗНН, Эх орон нам, АН-тай  асуудлаар хамтарч ажилласан. Үр дүн нь хэр байсныг мэдэхгүй.

-“Шударга ёс” эвслээс хоёр гишүүн гарсан тохиолдолд Засгийн газар задрах  уу?

УИХ-ын гишүүн Ч.Улаан:

-Бид хоёр бие даагаад улс төрийн сонголтоо хийсэн улстөрчид. Бодлого үйл ажиллагаа нягт явж ирсэн. Бидний хувьд өөрсдийн итгэл үнэмшлээр намынхаа дүрмийн дагуу энэ асуудлаа тавьж байгаа. Хэлж ярих үгээ, хийх ажлаа хүн болгоноор алхам тутамдаа заалгаад байх улстөрчид биш гэдгийг та бүхэн маань эрхбиш болгооно биз ээ. Эвслийн бүлгээс гарснаас Засаг задрахгүй байх бололцоо байгаа гэж ойлгож байна.

-МАН-д хэзээ элсэх вэ?

-Бид албан ёсоор МАН-д хүсэлтээ гаргаж дүрмийн дагуу гишүүнчлэлээ сэргээнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32662
0 эможи
keyboard_arrow_up