Үдээс өмнөх хуралдааныг завсарлууллаа
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Монгол Улсын иргэний харьяаллын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж дэмжлээ. Гишүүдийн 81.8 хувийн саналаар дээрх хууль болон дагалдах хуулийн төслүүдийг Хуульзүйн байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм. Ийнхүү тус хуулийг хэлэлцэж дуусаад чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлууллаа.
Мөн үдээс хойшхи хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж магадгүй байгаа юм. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг өнгөрөгч лхагва гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх байсан ч “Шударга ёс” эвслийн бүлгээс тав хоногийн завсарлага авсан. Тэгвэл УИХ-ын дарга З.Энхболд болоод цөөнгүй гишүүдийн зүгээс тус бүлгийн гишүүдэд хандаж “Бүлгийн гишүүдэд завсарлага авсан асуудлаа хэлэлцээд өнөөдөр өглөө гэхэд завсарлагаа дуусгахыг сануулсан. Гэтэл эвслийн бүлэг энэ талаар хэлэлцээгүй байна. Иймээс үдээс өмнөдөө байр сууриа нэгтгээд үдээс хойш гэхэд завсарлагааг дуусгаж, цэцийн дүгнэлтийг хэлэлцэх шаардлагатай байна. Тэгэхгүй бол хугацаа маш бага үлдсэн” гэж хүссэн юм.