Эдийн засгийг идэвхжүүлэх хүрээнд шуурхай хэрэгжүүлэх ажлуудыг онцлон Засгийн газарт үүрэг өгчээ

2014 оны 5 сарын 20

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр  ээлжит хуралдаанаа хийж, Эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоногийн хугацаанд хийгдэх ажлуудтай  холбоотойгоор Ерөнхий сайд, Монголбанкны ерөнхийлөгчийн мэдээлэл болон 2014 онд нийслэлд хийгдэх бүтээн байгуулалтын ажлын талаар удирдлагуудыг сонссон юм. Хэлэлцсэн асуудлын талаар өнөөдөр бүлгийн дарга Д.Эрдэнэбат, дэд дарга С.Одонтуяа, ажлын албаны дарга С.Дэмчиг нар мэдээлэл хийлээ.

Эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоногийн хугацаанд хэрэгжүүлэх ёстой ажлуудаас шуурхай хэрэгжүүлэх ажлуудыг онцлон  бүлгийн гишүүд санал солилцож, Засгийн газарт тодорхой үүрэг өгсөн тухай  Д.Эрдэнэбат дарга мэдээллийн эхэнд хэллээ. Тухайлбал, Үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг худалдан авах, зарим шаардлагагүй импортыг багасгаж,  ухаалаг хэрэглээг бий болгохыг нэн түрүүнд үүрэг болгожээ. Эдийн засгийн өсөлттэй байсан он жилүүдэд үл ойлгогдох тансаг хэрэглээ газар авч байсан.Жишээ нь, 600 мянган төгрөгийн цалинтай төрийн түшмэд 60 сая төгрөгийн үнэтэй машин хөлөглөдөг зэргээс үзэхэд далд эдийн засгийн агуулга байсан гэж  бүлгийн гишүүд дүгнэхэд  хүрсэн. Тиймээс  эдийн засагт хийгдэж буй реформ өнөөдөр үүссэн хүндрэл болоод далд эдийн засгийн тансаг хэрэглээг үгүй болгож, иргэд ухаалаг хэрэглээг сонгож байгаа нь ажиглагдаж байгаа тухай ч тэрбээр хэлсэн юм. 

Төрийн шаардлагагүй хяналт шалгалтыг зогсоох  ажлыг яаравчлах нэн шаардлагатай гэж Ардчилсан намын бүлгийн гишүүд үзсэн. Үүнтэй холбоотойгоор Хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцэх явцад цөөнх бодлогоор эсрэг кноп дарсанд харамсаж буйгаа бүлгийн дарга мөн онцоллоо.Учир нь хэдийгээр олонход анхаарах ёстой зүйл их байгаа ч ард түмний төлөө хийж буй ажилд намын явцуу эрх ашгаа бодож хуулийн төслийг унагадаг байдлаа цөөнх зогсоох хэрэгтэй. Түүнчлэн  хуулийн төслийг дахин өргөн барих шаардлагатай гэж үзсэн тухайгаа бүлгийн дарга мэдээллээ. 

Газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай асуудлыг яаралтай шийдэж,  Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж, алт олборлогчдоо дэмжих нь чухал гэдгийг Засгийн газарт сануулсан байна. Харин орон нутагт хэрэгжүүлэх бодлогын хүрээнд нэн түрүүнд бондын санхүүжилтээр сум дундын сүү боловсруулах үйлдвэрийг байгуулах нь чухал. Мөн аймгийн төвд 1000 айлын орон сууцыг барих ажлыг шуурхайлж,  ипотекийн зээлийг  долоон хувь болгох хэрэгтэй гэдгийг Засгийн газарт үүрэг болгосон байна.

Арилжааны банкуудад  тавих хяналтдаа анхаарахыг санууллаа

Эдийн засгийг идэвхжүүлэх хугацаанд валютын ханшийг тогтвортой барих, төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх нь Монголбанкны үүрэг. Зоосоор авч үзэх юм бол Засгийн газар, Монголбанк нэг зоосны  хоёр тал болох учиртай. Тиймээс хүлээх  хариуцлага ижил байх ёстой гэдгийг бүлгийн гишүүд Монголбанкинд  сануулсан гэдгийг Д.Эрдэнэбат дарга онцоллоо. Засгийн газраас үл хамаарч өөрийн боломж нөөцийг ашиглаж гадны хөрөнгө  оруулалтыг хэрхэн татах талаар санаачилгатай ажиллахыг үүрэг болгожээ. Үүнээс гадна  арилжааны банкуудад тавьж, Засгийн газар болон Монголбанкнаас олгогдсон санхүүжилтийг хэрхэн үр өгөөжтэй зарцуулж байгаа талаар Монголбанк, Эдийн засгийн байнгын хороо хамтарсан шалгалт хийхэд болохгүй юм байхгүй гэдгийг сануулсан тухай Д.Эрдэнэбат дарга хэллээ. Эдийн засгийг идэвхжүүлэхэд арилжааны банкууд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг тэрбээр тодотгосон юм.

Нийслэлд хийгдэх бүтээн байгуулалтыг дэмжихийг ЭЗХ-ийн сайдад үүрэг болголоо

Нийслэлд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажил эрчтэй хийгдэж байгаа ч бизнесийн орчинг ээлтэй болгох, төрийн дарамт шахалтыг багасгах асуудлаар санаачилгатай ажиллах даалгаврыг өгсөн.2014 онд Эдийн засгийн хөгжлийн яамтай хамтран “Гудамж” төслийн ажлыг урагшлуулах, шаардлагатай нэмэлт хөрөнгийг шийдэж өгөхийг ЭЗХ-ийн сайдад үүрэг болгосон.  Үүнээс гадна Туул голын дагуух хурдны замыг барих ажлыг эхлүүлэх нийслэлийн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэж өгөхийг мөн ЭЗХ-ийн сайдад үүрэг болгосон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3234
0 эможи
keyboard_arrow_up