МАН-ын гишүүд хуралдаа ирэхгүй байсаар байнгын хорооны хурлыг хойшлуулав
Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09 цагаас хуралдах товтой байсан ч МАН-ын гишүүд хуралдаа ирэхгүй, хуралдааны ирц бүрдэхгүй байсаар байнгын хорооны хуралдаан хойшиллоо.
Өнөөдрийн Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийг зөвшилцөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх байсан. Мөн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр товлосон байсан юм. Хуралдаанд АН болон бусад намын байнгын хорооны гишүүд цуглаж, МАН-ын гишүүдийг хоёр цаг гучин минутын турш хүлээсэн юм.