ИЗНН-д “Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга”-ыг гардуулав
МҮЭХ-ноос “Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичгийг боловсруулж, өнөөдөр ИЗНН-ын дарга Ц.Ганхуягт гардуулав.
Баримт бичигт сонгуульд оролцох улс төрийн нам, эвслүүд нийгмийн өмнө тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр мөрийн хөтөлбөрөө боловсруулах 5 саналыг тусгасан байна. Үүнд, нам, эвслүүд иргэдэд үйлчлэх үүргээ биелүүлдэг тогтвортой төрийг бий болгох, эдийн засгийн хөгжлийн зөв бодлого хэрэгжүүлэх, зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах болон нийгмийн түншлэлийг хөгжүүлэх зэрэг багтжээ.
МҮЭХ-ны 450 мянган гишүүний саналыг нэгтгэж, баримт бичигт тусгажээ. Иргэдийн зүгээс ажлын байрны баталгаа, цалин орлогын нэмэгдэл, төрийн албаны тогтвортой байдал, эв нэгдлийг чухалчилах чиглэлд гол анхаарлаа хандуулахын нам, эвслүүдээс хүссэн гэдгийг МЕЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар баримт бичгийг гардуулах үеэр онцлов.
ИЗНН нь байгаль орчин, экологийн тэнцвэртэй байдалд тулгуурлан эх орноо хөгжүүлэх бодлого баримталж ажилладаг бөгөөд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулж байгаа энэ үед иргэдийн санал хүсэлтийг тусгасан бичиг баримтыг хүлээж авсан нь чухал алхам боллоо гэдгийг тус намын дарга Ц.Ганхуяг хэлэв. Мөн тэрбээр, иргэдийн саналыг мөрийн хөтөлбөртөө тусгаж, нийгмийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллана гэгдгээ илэрхийллээ.
Уг баримт бичгийг энэ оны нэгдүгээр сараас эхлэн сонгуульд оролцох улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчдэд гардуулж эхэлсэн билээ. Одоогоор МАН, МАХН, Шударга ёс эвсэл, ХҮН, ИЗНН-д баримт бичгийг гардуулаад байгаа юм.