7000 гишүүнтэйгээ баяраа тэмдэглэлээ

2016 оны 4 сарын 11

Нийслэлийн Ардчилсан нам “Улаанбаатарын хавар” баяраа есөн дүүргийн 7000 орчим гишүүнтэйгээ өнгөрсөн Бямба гарагт “Буянт-Ухаа” спорт цогцолборт тэмдэглэн өнгөрүүллээ.


Одоогоос 26 жилийн өмнө буюу 1990 оны дөрөвдүгээр сарын 7, 8-ны өдөр Монголын Ардчилсан нам Анхдугаар их хуралдаанаа хийсэн. Энэхүү хуралдаанаараа намынхаа анхны даргаар Э.Бат-Үүлийг сонгож, ардчилсан, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санааг тунхаглаж байлаа. Тэгвэл энэхүү түүхэн өдрөө Үндсэн дүрэмдээ намын баярын өдөр болгон жил бүр тэмдэглэж байхаар тусгасан байдаг.

Нийслэлийн Ардчилсан нам энэ жилээс эхлэн намын баярын өдрөө “Улаанбаатарын хавар” нэртэйгээр тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн юм.

Нийслэлчүүд өнгөрсөн 2012 оны сонгуулиар Ардчилсан намд нийслэлд бодлого, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж олгосон билээ. Тэд ч “Улаанбаатарын хавар” баярынхаа үеэр өнгөрсөн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, цаашид ямар ажил хийх талаар гишүүд дэмжигчдээсээ санал асууснаа дүгнэв.
 

С.Амарсанаа: Цагаан морин жилийн хавар эрх чѳлѳѳний анхны хавар байлаа

Тэртээ 26 жилийн өмнө нийгмийг сэрээсэн “Хонхны дуу”-гаар “Улаанбаатарын хавар” баяр эхэлж, ардчиллын анхдагчдын нэг СГЗ, сэтгүүлч С.Амарсанаагийн дурсамж яриагаар үргэлжлэв. Тэрээр “...Цагаан морин жилийн хавар эрх чѳлѳѳний анхны хавар байлаа. Монголчууд бид тэмцэж олсон эрх чѳлѳѳнийхѳѳ амтыг анх удаагаа мэдэрч, оргилсон их баяр хѳѳрѳѳ барьж дийлэхгүй хѳѳрѳн баясч байснаа эргэн дурсахад сайхан байна, сэтгэл хѳдѳлж байна” хэмээн дурсамж өгүүллээ.
 

П.Нүрзэд: Хийсэн бүтээснээ дүгнэж, хийх ажлаа төлөвлөж байна

Нийслэлийн АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэд “Улаанбаатарын хавар” баярын арга хэмжээг албан ёсоор нээснийг зарлалаа. Тэрээр “...Хавар бол урин сайхан, ирж яваа цаг. Жавар харьж, цаг наашилж, өдөр уртсаж, ургамал нахиалж хүн бүхний сэтгэлд гэгээн сайхан бодол төрдөг улирал. Хавар бол ажил ундарч, бүтээн байгуулалт өрнөдөг цаг. Чухам энэ үед, ийм өдөр Нийслэлийн Ардчилсан нам “Улаанбаатарын хавар” нэртэйгээр баяраа тэмдэглэж байна. Баяр тэмдэглэхийн сацуу хийсэн бүтээснээ дүгнэж, хийх ажлаа төлөвлөж байна...” хэмээв.
 

З.Энхболд: АН шинийг санаачлагч, хэрэгжүүлэгч гэдгийг хийсэн ажил, тогтоосон жишгээрээ нотоллоо

УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд баярын үеэр  “...Нийслэлд үнэмлэхүй ялсан манай баг өнгөрсөн дөрвөн жилд эрч хүчтэй, сайн ажиллаж, Улаанбаатар хотод эрс шинэчлэл, өөрчлөлтийг хийж чадлаа. Бат-Үүл баатараар ахлуулсан нийслэлийн шинэчлэлийн багт баяр хүргэе.  Та бүхэн АН шинийг санаачлагч, хэрэгжүүлэгч гэдгийг хийсэн ажил, тогтоосон жишгээрээ нотоллоо. Улс, нийслэлийн түүхэнд анх удаа гэж онцлогдох олон ажлыг эхлүүлж чадсан юм” хэмээн өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаас авто зам, дэд бүтцийн шинэчлэл, авлигын эсрэг нийслэлээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийг сайшаасан юм.
 

Нийслэлийн Ардчилсан намыг “Эрх чөлөөний одон”-гоор шагналаа

АН-ын Ерөнхий нарийн бичгийн үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр Нийслэлийн АН-ыг намын дээд шагнал “Эрх чөлөөний одон”-гоор шагнасан тогтоолыг уншиж танилцууллаа. Улаанбаатар хотод хийж хэрэгжүүлсэн шинэчлэл, өөрчлөлтийн олон ажлуудыг үнэлж, энэхүү шагналыг хүртээв.
 

Д.Баттулга: Гишүүд, дэмжигчдийнхээ саналыг цаашдын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгана

“Улаанбаатарын хавар” баярын хүрээнд Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл нийслэлд хийсэн есөн ажлын талаар гишүүд, дэмжигчдээсээ санал авч, хэрхэн үнэлж буйг мэдэхээр захидал илгээсэн. Нийслэлийн 300 мянга гаруй иргэн эдгээр ажлыг үнэлж, саналаа ирүүлснийг нэгтгэж буйг дуулгаад НИТХ-ын дарга Д.Баттулга урьдчилсан дүнг танилцуулав.

Намын гишүүд, дэмжигчид 50-59 хувь хүртэлх үнэлгээгээр нийслэлд хийгдсэн ажлуудыг үнэлжээ. Тухайлбал, асуулгад дурдсан ажлаас хамгийн өндөр үнэлгээ авсан ажлаар “Авлигагүй Улаанбаатар, Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг нэрлэжээ. “Гудамж” төсөл, авто замын шинэчлэл, түгжрэл бууруулах цогц арга хэмжээ 51 хувь, гэр хорооллын дахин төлөвлөлт 53 хувь, хот тохижилт, цэцэрлэгжүүлэлт 49 хувь, “Найрсаг Улаанбаатар” нийслэлийн аялал жуулчлалыг дэмжих цогц хөтөлбөр 49, шинэ цэцэрлэг, сургууль барьсан ажил 57 хувийн үнэлгээ авчээ.

Гишүүд, дэмжигчдийн өгсөн энэхүү үнэлгээ, саналыг цаашдынхаа үйл ажиллагааны хөтөлбөр, хийх ажилдаа тусгаж ажиллах болно гэдгийг НИТХ-ын дарга Д.Баттулга танилцуулгынхаа төгсгөлд онцолсон юм.
 

Э.Бат-Үүл: Улаанбаатарт АСЕМ болохыг анд нөхөд, эрх чөлөөний төлөө тэмцэгчид минь харсан ч болоосой

Нийслэлийн АН-ын дарга өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа “Бид бүтээн байгуулалтын “бослого” хийсэн хэмээн тодотгосон юм.
Тэрээр “Би “Хонхны дуу”-гаа сонсч суухдаа нэг зүйл бодож суулаа.  2016 оны долдугаар сарын 15-нд Ази, Европын төр, Засгийн газрын тэргүүнүүд Монголд их хуралдай хийх гэж байна. Энэ бол гайхамшиг. Монголын эзэнт гүрэн байх үед Хэрлэнгийн хөдөө аралд Чингис хааны зарласан Их хуралдайд Ази, Европын ноёд, вангууд ирж чуулдаг байсан. Тийм үйл явдал 800 жилийн дараа манай нийслэл хотод болох гэж байна. Цогтсайхан маань, Зоригоо маань, нөхөд маань ийм эрхтэй байхын төлөө тэмцэж явсан. Энэ АСЕМ-ыг нөхөд минь харсан ч болоосой гэж бодож байлаа. 1911 онд үндэсний эрх чөлөөний төлөө тэмцсэн Манлай баатар Дамдинсүрэн, Чин ван Ханддорж, Сайн ноён хан Намнансүрэн нар энэ АСЕМ-ыг харсан ч болоосой. Чингис хаан маань энэ цаг хугацааг харсан ч болоосой гэж хэлмээр байна. Гэхдээ тэд тэнгэрээс бүгдийг харж байгаа гэж бодож байна...” гэлээ.
 

26 жилийн ойгоор 26 залуу гишүүн бат илэрхийлээ гардав


Тэртээ 1990 онд нийгмийг сэрээсэн “Хонхны дуу”-гаар баяраа эхлүүлж, 26 настай, шижигнэсэн 26 залуугаар гишүүдийнхээ эгнээг тэлснээр баярын арга хэмжээ өндөрлөсөн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31404
0 эможи
keyboard_arrow_up