Н.Энхбаяр дахин сэргэх сүүлийн гарцаа МАН-ыг гэж сонгов уу
МАХН-ын Удирдах зөвлөл өгчигдөр хуралдаанаа хийлээ. Уг хуралдаанаар ирэх сонгуулийн талаар олон зүйлийг ярилцсан байна.
Тэдний хуралдааны гол зорилго нь ирсэн сонгуульд аль намтай хамтарч оролцох талаар ярилцжээ. МАХН-ынхан МАН болон Ногоон намтай хамтарч ажиллах санал гаргахаар тогтсон байна. Тиймээс уг шийдвэрийн хүрээнд МАН-тай сонгуульд хамтран ажиллах эсэхийг судлах, яриа хэлэлцээ хийх Ажлын хэсгийг байгуулжээ. Ингээд уг ажлын хэсэг нь Ч.Улаан, О.Баасанхүү, Ж.Эрдэнэжамъян, Б.Тулга нарын бүрэлдэхүүнтэй байгуулагдсан талаар тус намын нарийн бичгийн дарга Эрдэнэжамъян өөрийн твиттер хуудснаа жиргэлээ.
Ямартаа ч тэд АН-ын зүгээс ирэх дарамт шахалтаас бултахын тулд, өөрсдийгөө хүчтэй болгохын тулд ирэх сонгуульд дээрх хоёр намын аль нэгтэй нь хамтарч оролцох нь зүйтэй гэдгээ ойлгосон бололтой. Харин МАН тэдний саналыг хүлээн авч, Ногоон нам шийдвэрээ баталгаажуулах уу гэдэг сонирхолтой байна.
МАН-ын зүгээс тэдэнд тавих нөхцөл нь хэрэв эвсэж сонгуульд орлоо гэхэд эвслийн дийлэнх эрх мэдлийг авах болон эвслийг толгойлох бодлого барина гэж эх сурвалжууд мэдээлж байгаа. Харин Ногоон намын хувьд нам дотроо эвсэл болон нэгдэх талаарх нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүй бужигнаж яваа. Ингээд ажлын хэсэг бүх асуудлыг шийднэ. Хэрэв тохироонд хүрч чадахгүй бол АН-ынханд МАХН ялагдах магадлалтай. З.Энхболд тэргүүтэй АН-ынхан МАХН-ыг ойрын өдрүүдэд засгаас хөөж гаргаж магадгүй нөхцөл байдал үүссэн. Удирдлагуудын түвшинд дээрх шийдлийг ярилцаад эхэлсэн гэдгийг эх сурвалжууд мэдээлж байгаа. Энэ сонгуулиар АН-ын барих гол бодлого нь МАХН тэргүүтэй жижиг намуудад нэг ч суудал өгөхгүй байх. Улмаар хүч ойролцоо яваа МАН-тай сонгуулийн дараа хамтарч засаг байгуулна гэдэг хар зургийг гаргасан гэнэ. Тиймээс хамгийн их хор үзүүлж болох Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ыг "намнахаар" онилжээ.
Н.Энхбаяр даргыг нь Шадар сайд болгоно гэж молигодсон даруйд нь МАХН-ынхан засгаас гарч, Шийдлийн Засгийн газрыг бужигнуулах талаар ярилцаж эхэлсэнтэй холбоотойгоор АН-ынхан өөрсдөө түрүүлж хөдлөх нь зөв гэж үзсэн байх ч талтай. Үүнээс хамгаалахын тулд З.Энхболдод МАХН-ын хүчийг сорж байгаад хүчгүйдүүлээд сонгуульд оролцуулж унагах болон байдал эвгүйтвэл намыг нь татан буулгаад, Н.Энхбаярыг шоронд хийх гэсэн хоёр арга л байгаа. Тэд өнгөрсөн дөрвөн жилийн турш Н.Энхбаяртай эвсэх гээд, нэгдэх гээд, найрамдах гээд үнэндээ чадахгүй гэдгээ ухаарсан. Тиймээс түүнийг аль болох улс төрөөс хол байлгах нь зүйтэй гэж ярилцсан гэнэ.
Ингээд дээрх бүгдээс сэргийлэхийн тулд Н.Энхбаяр тохироонд хүрч чадахгүй байсан МАН-тай нэгдэх асуудлыг сонгуулиар хамтарч эвсэл болох болгон өөрчилж оруулж ирлээ. Өнгөрсөн намраас хойш яригдсан хоёр намын эвсэх, нэгдэх асуудал "төрсөн өдрөө" хамтарч тэмдэглэхээс цаашаа хэтэрсэнгүй. Харин ажлын хэсэг ямархуу ажиллахаас шалтгаалж МАХН "аврагдах" гарцаа олж магадгүй юм. Ямартаа ч үйл явдал хэрхэн өрнөхийг хамтдаа харцгаая.