Д.Тэрбишдагва: МАН, МАХН хамтрах ёстой
ИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва өнөөдөр Төрийн ордны “Г” танхимд мэдээлэл хийлээ. Тэрбээр чуулган завсарлах хугацаанд ард түмэнтэйгээ уулзаад нэлээд завгүй байгаа аж. Ард түмний амьдрал ихээхэн туйлдаж байгааг тэрбээр хэллээ. “Иргэд “набор” буюу таван цул авч иддэг болжээ. Эдийн засгийн өсөлт саарч дифляцид ороод байгаа энэ хүнд үед жижиг дунд үйлдвэр эрхлэгчид мөнгөгүй болж, өрөнд орохын хажуугаар НӨАТ-ын хуулиар далайлгаж байгаа нь зохисгүй” хэмээн Д.Тэрбишдагва хэллээ. Тэрбээр сэтгүүлчдийн дараах асуултад хариулт өглөө.
-МАХН, МАН ирэх сонгуульд эвсч орох тухай яригдаж байна. Энэ асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?
-Хоёр намын хамтын ажиллагаа эвтэй байх ёстой гэсэн ард түмний хүсэл эрмэлзэл байна. Би 2015 оны дөрөвдүгээр сард “Өдрийн сонин”-д ярилцлага өгөхдөө МАН, МАХН хамтрах ёстой гэж хэлж байсан. АН-ынхан ч манай хоёр нам эвсч сонгуульд оролцохыг дэмжиж байна.
-Танай нам Эрүүл мэнд, спортын сайдын асуудлыг хэрхэн шийдэх вэ?
-Сайдыг томилох ёстой. Одоогийн байдлаар энэ салбар сайдгүй ч биш түр орлон гүйцэтгэгчтэй байна. Шадар сайдын ажил их байгаа хэдий ч эрүүл мэндийн салбарыг давхар удирдаж байгааг зөв гэж үздэггүй. Тиймээс би Ерөнхий сайдтай утсаар ярьж Эрүүл мэнд, спортын сайдыг яаралтай томилох ёстой гэж саналаа хэлсэн. Онцгойлон анхаарна гэсэн хариу өгсөн.
Т.ДАВААНЯМ