М.Энхсайхан: Илүү том эвсэл байгуулж сонгуульд оролцохоор яриа өрнүүлж байна

2016 оны 3 сарын 16

-МҮАН-ыг “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын Эх орон намтай эвсч 2016 оны сонгуульд өрсөлдөхөөр болж байгаа тухай яригдаж байна. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
 
МҮАН-ын даргын хувьд ирэх сонгуульд хэрхэн оролцох талаар улс төрийн олон намуудтай шууд яриа хийж байгаа. Миний хувьд сонгуульд оролцож байсан түүх маань дандаа л эвсэл байгуулж явсан түүх байдаг юм. “Ардчилсан Холбоо” эвсэл, “Эх орон, Ардчилал” эвсэл, “Шударга ёс” эвсэл бүгд сонгуульд амжилттай оролцож байсан. Миний өчүүхэн хөдөлмөр тэнд байгаа. Энэ туршлага дээрээ тулгуурлаад илүү том Их Эвсэл байгуулах гэж яриа өдөж байгаа. Тийм  ч шаардлага амьдралаас урган гарч байгаа. Нэг хоёр намын бус нэлээд олон намын эвсэл байвал зөв болох байх. Яагаад гэвэл цаг үеийн шаардлага тийм байгаа гэж бодож байна. Эдийн засаг хямраад зогсохгүй дампуурсан улс орон болох аюул ойрхон байна. Сонгуулийн дараа байгуулагдах Засгийн газар Монголын түүхэнд тохиогоогүй хүндрэл бэрхшээлтэй тулгарах нь ойлгомжтой байгаа. Бондын болон өр, зээл төлөх том асуудалтай тулгарна. Энэ цаг үед Засгийн газар илүү “мэргэжлийн байх” шаардлагатай. Дээр нь улс төрийн хувьд тогтвортой байхын тулд “Их Эвслийн” байх дүр зураг одооноос харагдаж байгаа. Өөрөө чадахгүй, өрөөлийг ажил хийгэдэггүй тийм хүмүүс том намуудын дээр гарвал улс орны ирээдүй бүрхэг болох нь гарцаагүй. Иймээс эвсэлдэх асуудлыг соёл болгохын төлөө МҮАН ажиллах болно. Түүний үлгэрлэл нь сонгуульд урд урдынхаас илүү том эвсэл байгуулж оролцох явдал юм. Бүтэх эсэх нь цаг хугацааны асуудал гэж бодож байна.


 
-Ер нь танай намд энэ удаагийн сонгуульд яаж оролцох вэ. “Шударга ёс” эвсэл эсвэл МАХН-тай нэгдэж сонгуульд өрсөлдөх хувилбарыг ч яриад байна. АН танай намтай хамтарч ажиллах хүсэлтээ ч хүргүүлсэн шүү дээ?
 
Дээр хэлсэнчлэн илүү өргөн Эвсэл Монголын ирээдүйн эрх ашигт нийцнэ хэмээн бодож байна. МҮАН үзэл санаа, бодлогын хувьд бүх намуудтай хамтарч ажиллахад бэлэн. Түүнээс биш хэн нэгнээс бурууг хайж, хэн нэгнийг адалж Засгаас хөөдөг араншинг зөвшөөрөхгүй байгаа юм. 


 
-Таван толгойг эргэлтэд оруулахаар хичээж ажиллаж байгаа нь зарим хүнд таалагдахгүй байгаа бололтой. Үүнээс улбаалж таныг намын даргын суудлаа Н.Батцэрэгт өг гэх утгатай шаардлагыг МАХН-ын дарга Н.Энхбаяр тавьсан гэдэг?
 
Сургаар би ажил хийдэггүй. Анх удаагаа ийм юм сонсож байна. Тийм юм болоогүй байхаа.


 
-Таван толгой мега төсөл нийгэм, эдийн засгийн маш чухал ач холбогдолтой учрааас олон нийтийн төдийгүй улс төрчдийн анхаарлыг татаж байгаа сэдэв. Таван толгойн асуудал ер нь ямар шатандаа явж байгаа вэ?
 
Тавантолгой овогтой 2 төсөл байна. Цахилгаан станцын төсөл нь урагштай явж байгаа. Японы хөрөнгө оруулагч тодорсон. Урд өмнө өгсөн техникийн болон арилжааны даалгаврын дагуу асуудлуудыг илүү нарийн цэгцэлж тохиролцох үе шат эхэлж байна. Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах асуудлыг 5 дугаар сард багтааж хийх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Нүүрсний төслийн хувьд цаг хугацаа алдсан. Нүүрсний зах зээлийн байдал бидний хувьд таагүй болсон нь энэ төсөл нэг хэсэгтээ хойш тавигдах байдлыг бий болгосон. Цаг хугацаатай уралдаж ажиллахгүй бол гай болдогын жишээ болж үлдэж байна. 


 
-Мега төслүүд ер нь ямар яваа вэ. Саад учирч урагшлахгүй байгаа шалтгаанууд гэвэл юу юу байна вэ?

 
Мегатөсөл өөрийн арга зүй, хөрөнгө мөнгө шаардсан ажил байдаг. Манайд мегатөсөл цөөхөн. Харин мегамөрөөдөл их байгаа. Нийт хөрөнгө оруулалтын наад зах нь 3 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө мөнгийг бэлтгэл ажилд зарцуулах шаардлагатай байдаг. Мегатөсөл гэдгийг тэрбум доллараас их хөрөнгө оруулалт шаардсан төслийг хэлдэг гэж үзвэл бэлтгэл ажилд нь 30 сая ам. доллар зарцуулах шаардлагатай болно. Тийм их мөнгийг манай төр засаг байтугай, хувийнхан гаргаж чадахгүй. Хамгийн том бэрхшээл нь мөнгө болж хувирна. Дараа нь мегатөслийг хөөрөл баясал алдаг. Манайхан мегатөслийг мегамөрөөдөл болтол нь рекламдсан сайн кино хийж чаддаг, төслийг хийж сураагүй байгаа. Дээр нь төр, хувийн хэвшлийнхэн нэг бодлогоор ажиллаж сураагүй. Ингээд нэрлээд байвал зөндөө шалтгаан бий. Энэ бол өөрөө бие даасан хичээлийн материал юм. 


 
-Эдийн засгийн ийм хүнд үед эдгээр төслүүдийн санхүүжилтийг босгох боломж хэр байгаа вэ байгаа?
 
Монголын эдийн засаг муудаж, зээлжих зэрэглэл буурсан нь Монгол улсыг эрсдэлтэй орны тоонд оруулж гадныхан улам бүр хөрөнгө оруулахаас айж байгаа. Иймээс одоохондоо бидний хөрөнгө босгох чадамж маш муу байгаа. Өр үүсгэдэг бонд зээл биш, ирээдүйд өр үүсгэдэггүй гадаадын хөрөнгө оруулалтыг татах хамгийн эхний нөхцөл бол эдийн засгийн бодлогоо зөв гольдрилд оруулж үзүүлэлтээ сайжруулах явдал юм. Үрэлгэн сэтгэлгээтэй, хөрөнгө оруулагчаа нүд үзүүрлэсэн байдалтай байвал байдал дээрдэхгүй. Өөрийн эрх ашгаа хамгаалж гадныхантай хамтарч ажиллах бололцоогоо бий болгохын тулд юуны өмнө эдийн засгийн прагматик үзэлтэй байх хэрэгтэй байна. 
 


-2017 оноос их өр төлж эхэлнэ. Зээлээ төлөхөд хүндрэл бэрхшээл гарах нь тодорхой. Гэхдээ ирэх хүндрэлийг багасгах арга зам бий байлгүй?

Яг өнөөгийн энэ байдлаараа бол бид тавьсан өрөө төлж чадахгүй. Дампуурахгүйн тулд дахин зээл авч өр тавих шаардлага гарна. Миний бодоход ОУВС-тай илүү нягт хамтарч ажиллах хэрэгтэй байгаа. Стэндбай хөтөлбөрт орж хямд зээл авах шаардлага бий. Сонгуулийн дараа байгуулагдах Засгийн газарт тулгарах хамгийн эхний асуудал энэ байх боловуу. Жилийн өмнө энэ хөтөлбөрт орж болохоор байсан. Энэ хөтөлбөрт ороогүй явж байгаагийн эдийн засгийн алдагдал нь бараг 100 сая ам. доллартай тэнцэж байна гэсэн тооцоо ч байгаа.


 
-Мазаалай бондын сураг гараад тасарчихлаа. Уг бонд юу болов?

 
Сангийн сайдаас асуух асуулт байна. Монгол эрсдэлтэй орны тоонд орж байгаа тул аливаа бонд, зээлийн хүү хэт өндөр болсон нь бэрхшээл бий болгож байгаа. 


 
-Та Таван толгой төсөл амжилттай хэрэгжвэл манайх нүүрсээрээ дэлхийд том нийлүүлэгч орон болно гэж ярьж байсан. Гэтэл сүүлийн үед нүүрс бол ирээдүй биш гэсэн зүйл яригдах боллоо?
 
Нүүрсний үнэ зах зээл дээр унасан. Мөддөө сэргэхгүй өнгө аястай байгаа. Юун ирээдүй. Байгаа хэдээ яаж амь зуулгах вэ гэдэг асуудалтай тулгараад байна.  ТТ төсөл урагш ахисан бол манай эдийн засгийн хямралыг зөөлөвчлөхөөр байлаа. Харамсалтай нь болсонгүй. Хямралыг бие дээрээ өвдөлт болгон мэдрэх сайнгүй л байна шүү. Уул нь үүнийг урдчилан харж зайлсхийх бодлогыг гаргахын тулд л төрийн түшээд байдаг. Чадсангүй дээ. 


 
-Таны хувьд Монгол Улс аль салбараа барьж, анхаарлаа хандуулбал хөгжлийн чигээ зөв гаргана гэж боддог вэ?
 
Манайхан сонгууль дөхөхөөр хөгжлийн үндэс нь уламжлалт аж ахуй гэж хэлээд байдаг. Хөдөө аж ахуйгаа дэмжих нь гарцаагүй. Гэвч махаа зараад, арьс, ноосоо зараад уул уурхай хөгжихгүй. Хөдөө аж ахуйгаас олох мөнгө нь идэж уухад л хүрэлцэх биз. Мал дагасан монголчуудад мэдээж сайхан. Гэвч хүн амын иэнх нь хот, суурин агзрын хүмүүс. Тэдний болон нийт олноороо амьдралаа дээшлүүлье, тэгээд олсон орлогоороо хөдөө аж ахуйгаа өөд нь татья гэвэл уул уурхай л хөгжлийн гол салбар юм. Уул уурхайн салбар унахад л махны үнэ мөн л унана. Уламжлалт аж ахуй унана. Уул уурхайн салбарт алдсан алдаанаасаа суралцаж уул уурхайн засаглалаа шинэчлэх хэрэгтэй болсон байгаа. Энэ талаар бэлээхэн зөвлөмж материал бий. Би зах зухаас нь яриад л байгаа. Сонгуульд орж байгаа хүмүүс анхаараасай гэж бодож байна. 


 
-Баялгаа шүтвэл ирээдүйгүй, газрын баялгийн түүхий эдийн үнэ унавал манай улсын эдийн засаг дагаж унаж байгааг харж байна. Таныхаар бид энэ эдийн засгийн хямралаас гарахын тулд ямар алхам хийх хэрэгтэй вэ?
 
Байгалийн баялаг ихтэй гэж хэлэгддэг дэлхийн 53 орон байдаг. Гэхдээ тэднийг баян гэдэг утгаар нь энэ үгийг хэлээгүй юм билээ. ОУВС-ийн аргачлалаар экспортынх нь 20 хувиас дээш нь уул уурхайн бүтээгдэхүүн байвал тэдгээр орныг “баялаг ихтэй” гэсэн байдаг. Хэрэг дээрээ баян биш уул уурхайгаас хараат гэсэн үг юм. Байгалийн баялагтай гэдэг орнуудын нэг хавтгай дөрвөлжин метр нутгийн газрын хэвлийд байгаа баялгийг үнэлгээнд оруулбал 25 000 ам доллар гэсэн тоо бий. Манайд энэ үзүүлэлт 1 ам долларт ч хүрэхгүй. 
 
Газрын гүнд байгаа ордыг бид өхөөрдөөд баялаг энээ тэрээ гэж нэрлэдэг. Яг эдийн засгийн утгаараа бол газрын гадарга дээр гарч ирээд хүмүүсийн амьдралд хэрэг болбол түүнийг баялаг гэж хэлж болно. Газрын гадарга дээр гаргахын тулд ихээхэн зардал гаргах шаардлагатай. Тийм хөрөнгө мөнгө нь бидэнд байхгүй. Техник, технологи ч бас ярвигтай. Ийм л учраас улс орнууд гадаадын хөрөнгө оруулалтын төлөө уралддаг. Гэтэл манайд энэ талын ойлголт маш муу. Хямралаас гарахын тулд тархи толгой өөрчлөгдөхгүй бол бид мөнхийн харахуйд унах аюул байнаа. 


 
-Хямрал 2023 он хүртэл үргэлжилнэ гэж буй. Зарим эдийн засагчид уул уурхайгаа огт зогсоохгүйгээр гал залгуулаад явбал хямрал дуусах цагт Монголын уул уурхай өөрийн гэсэн байр суурь, капиталтай болчихно гэж үздэг юм билээ?
 
Уул уурхайн засаглалыг хэрхэн өөрчлөх, ямар систем, хэлхээ бүхий шийдвэр гаргах вэ гэдэг талаар манайхан бодож байгаа нь сайн хэрэг. Алдаанаас суралцаад урагш ахих бололцоо бидэнд бий гэдэгтэй санал нэг байна.


 
-Сонгууль хаяанд ирчихлээ. Гэтэл Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал яригдаад байгаа. Сонгууль болохоос өмнө зургаан сарын дотор уг хуулиар оролдвол ёс зүйгүй үйлдэл болно гэж зарим судлаачид онцолж байна л даа. Үүнд таны байр суурийг сонсвол?
 
УИХ-аас баталсан Хүний эрхийн үндэсний хөтөлбөрт сонгууль болохоос хагас жмлийн өмнө хуульд өөрчлөлт оруулахгүй гэсэн байдаг. Энэ хөтөлбөрийг УИХ баталсан. Баталсан шийдвэрээ тэд зөрчихгүй байлгүй дээ. 


 
Эх сурвалж: "Өдрийн сонин"

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30204
0 эможи
keyboard_arrow_up