1500 бизнес эрхлэгч МАН-ын бүлэгт хандлаа

2016 оны 3 сарын 16

Монголын ноос ноолуурын холбоо, Монголын хүнсний худалдаа эрхлэгчдийн нэгдсэн холбоо, "Да хүрээ трейд" ХХК-ийн Түрээслэгч иргэдийн үйлдвэрчний эвлэлийн хороо, "Нарантуул трейд" ХХК-ийн Түрээслэгч иргэдийн үйлдвэрчний эвлэлийн хороо, Монголын кафе бар рестораны үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбооны 1500 гаруй бизнес эрхлэгч Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын тухай хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор тэдэнд учирч буй хүндрэл бэрхшээл, санал хүсэлтээ УИХ дахь МАН-ын бүлэгт хаяглан ирүүлсээр байна.

Мөн Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт дэлгүүр ажиллуулдаг иргэд ханджээ. Эдгээр бизнес эрхлэгчдийн хүсэлтээр МАН-ын бүлгээс зохион байгуулсан "НӨАТ-ын хуулийн хэрэгжилт, бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал" сэдэвт хэлэлцүүлэгт нийслэлийн худалдааны төв, хүнс барааны захуудад худалдаа эрхлэгчид иргэд, найман нэрийн барааны дэлгүүр, хоршоо ажиллуулдаг иргэдийн төлөөлөл оролцов. Хэлэлцүүлэгт УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Ч.Хүрэлбаатар, Б.Бат-Эрдэнэ, Л.Энх-Амгалан нар оролцож, иргэд, аж ахуйн нэгжүүдийн төлөөллийн санал бодлыг сонсож, шийдэх арга зам, гарцын талаар ярилцав.

Эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ үед НӨАТ-ын хууль жижиг бизнес эрхлэгчдэд тун халтай тусч байгааг хэлэлцүүлэгт оролцсон иргэд ярив. Бизнес эрхлэгчид өр зээлийн сүлжээнд орсон, өнөөг хүртэл төрөөс юм хүсэлгүй өөрсдийнхөө амьдрал ахуйг боломжийн хэмжээнд авч явж ирсэн, гэтэл НӨАТ-ын хуулийг хэрэгжүүлэх нэрийн дор төр бизнес эрхлэгчид, улмаар иргэдийн халаас руу гар дүрж, "шахааны бизнес" хийж байна хэмээн шүүмжиллээ. Бизнес эрхлэгчдийн хувьд улсад татвар төлөх үүрэг хариуцлагаа ухамсарладаг, төлөхөд ч бэлэн байна. Гэхдээ дарамт шахалтгүй төлмөөр байна гэж саналаа хэлцгээлээ.
Кассын машин, баримт хэвлэх төхөөрөмж, бар код уншигч, интернэт модемыг худалдан авахад дор хаяж хоёр сая төгрөгийн зардал гаргаж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор татварын байгууллагаас ирэх дарамт ихэсч, орлого хумигдах, дэлгүүр хоршоогоо хаах, ажлын байраа алдахад хүрээд байгаагаа иргэд төр засагт уламжилсан юм.


Хэлэлцүүлгийн үеэр бизнес эрхлэгчид НӨАТ-ын хуулийг батлахдаа худалдаа эрхлэгчдийн санал бодлыг сонсоогүй, ямар сөрөг үр дагавар гарахыг урьдчилан тооцоогүй гэж шүүмжилсэн. Бэлтгэл ажлыг сайтар базаасны дараа хуулийг үе шаттай хэрэгжүүлэх шаардлагатай байсныг онцлов. Монголын ноос ноолуурын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн н.Эрдэнэтуяа НӨАТ-ын хууль тус салбарт үл ойлголцох байдал үүсгэсэн гэлээ. Хуульд экспортод гаргах угаасан, самнасан ноолуурыг НӨАТ-ын 10 хувийн татвараас чөлөөлнө гэсэн ч дараагийн заалтад нь чөлөөлөхгүй гэж тусгасан. Иймд зөрчилдсөн хоёр заалтыг нэг тийш болгох, НӨАТ-ын хуулийн 14.1.4-т заасан "мах, сүү, өндөг" гэсний ард "ноос, ноолуур" гэдэг нэмж оруулах саналтай байгаагаа илэрхийлэв. НӨАТ-ын хуулийн дээрх заалтаас болж малчдын нуруун дээр ирэх ачаалал нэмэгдэх, ноос ноолуурын үнэ мах, арьс ширийнх шиг унах эрсдэлтэй, үүнд нэн даруй зохицуулалт шаардагдаж буйг иргэн н.Эрдэнэбат УИХ-ын гишүүдэд уламжиллаа.

Энэ үеэр бизнес эрхлэгчид НӨАТ-ын татварт жишиг татвар бий болгох саналыг тавьсан юм. Ингэхдээ хотын А, Б зэрэглэлийн бүсэд оршиж байгаагаасаа шалтгаалж энэхүү татварын хэмжээ өөр, өөр байвал ард иргэд, бизнес эрхлэгчдэд ирэх татварын ачаалал багасна, үүнийг дагаад улсад ирэх татварын орлого ихсэх боломжтой гэж байв. Түүнчлэн НӨАТ-ын хэрэгжилтээс үүдсэн бизнес эрхлэгчдэд учирч буй дарамтыг багасгах зорилгоор энэ хуульд яаралтай нэмэлт, өөрчлөлт хийхийг шаардаж, алдаа мадгийг залруулахын төлөө тэмцэхээ илэрхийлсэн. НӨАТ-ын хуультай холбоотой асуудал зөвхөн нийслэлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, иргэдэд бус орон нутагт ч тулгамдаж байгааг УИХ-ын гишүүдийг нийслэлийн дүүргүүд, аймгууд, тойрогтоо ажиллах үеэр иргэд сануулж, залруулахыг хүссэн байна. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлгээс бизнес эрхлэгчдийн санал бодол, хүсэлтийг бүлгийн хуралдаанаараа хэлэлцэж, энэ асуудлыг шийдэх арга зам, гарцыг эрэлхийлж, дорвитой арга хэмжээ авах ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30152
0 эможи
keyboard_arrow_up