С.Ганбаатарын шийдвэрийг ХҮН-ын Төв хороо дэмжжээ
Хөдөлмөрийн Үндэсний Намын төв хорооны хурлын үеэр намын дарга С.Боргил намын даргын үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байна. Тэрээр хүсэлтэндээ : “Олон нийтэд илүү танигдсан, ХҮН-ыг сонгуульд авч орох туршлагатай, улс төрч намын даргын ажлыг хийх нь зүйтэй” гэж бичсэн бөгөөд намын даргад С.Ганбаатарыг өөрөө санал болгожээ.
Улмаар УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг ХҮН намын даргаар сонгохыг ХҮН-ий төв хорооны гишүүдийн 98 хувь нь дэмжжээ. Харин ХҮН-ын дэд даргаар С.Боргил, Б.Найдалаа нарыг сонгосон байна. Өнөөдөр уг асуудлыг Хөдөлмөрийн Үндэсний Намын их хурлаар хэлэлцэн шийдэж, албан ёсны шийдвэр болгон, баталгаажууллаа. Мөн ХҮН-ын дарга С.Ганбаатар намын их хурлынхаа үеэр "ЗА" андгай өргөсөн юм.
Их хурлын үеэр ХҮН-ын дарга С.Ганбаатар илтгэл тавьсан бөгөөд энэ үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшинэ, энэ бол бидний хоёр дахь ялалт байх болно хэмээн албан ёсоор зарлав.