АРДЧИЛДСАН НАМЫН бүлэг ажлаа тайлагналаа
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн удирдлага 2015 оны намрын ээлжит чуулган болон 2016оны ээлжит бус чуулганаар хэлэлцсэн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ талаар бүлгийн дэд дарга Б.Гарамгайбаатар хэлэхдээ:
УИХ-ын 2015 оны намрын ээлжит чуулган ажлын 90 хоног үргэлжилж, нэгдсэн хуралдаан 38 удаа, байнгын хороо болон дэд хороо 131 удаа хуралдаж, нийт 412 хууль, 65 тогтоол хэлэлцсэн байна. Эдгээр хуулийн дотор бие даасан хууль 26, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 347, хууль хүчингүй болгох тухай хууль 28, Олон улсын гэрээ, конвенци сорёхон батлах, нэгдэн орох тухай хууль 11 байна.
Ардчилсан намын бүлэг намрын ээлжит чуулганы хугацаанд нийт 21удаа 38 цагаар хуралдаж, 98 асуудал хэлэлцэн, зарим шаардлагатай хууль, УИХ-ын бусад шийдвэртэй холбогдуулан бүлгээс ажлын хэсэг байгуулан ажилласан байна.
Өнгөрсөн хугацаанд Ардчилсан нам гол хуулиуд дээр идэвх санаачилгатай ажиллалаа. Тухайлбал, намрын чуулганаар Монгол Улс Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийг баталсан. Энэ бол маш чухал. Мөн намын бүлгийн дарга нараар ахлуулсан Тогтвортой хөгжлийн урт хугацааны бодлогын үзэл баримтлалыг боловсруулан баталлаа.
Мөн хуульзүй болон нийгмийн салбарын томоохон хуулиудыг гаргалаа. Түүнчлэн малчдыг үйлдвэрлэгч хэмээн хүлээн зөвшөөрсөн нь Ардчилсан намын томоохон ололт юм гэлээ.
С.Одонтуяа: Энэ удаагийн чуулганаар нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх олон чухал хууль баталлаа
АН-ын бүлгээс олон чухал хууль санаачилж баталлаа.Үүний нэг нь Хамтын тэтгэврийн тухай хууль юм. Энэ хууль бага тэтгэвэр авдаг, эмзэг бүлгийн ахмадуудад ихээхэн өгөөжтэй хууль болсон. Мөн Хүүхдийн эрх, Хүүхэд хамгааллын тухай хуулиудыг баталлаа. Өмнө нь хүүхдийн эрх олонтаа зөрчигдөж байсан ч шүүхээр шийдэгдэж байсан нь маш цөөхөн. Эдгээр хууль батлагдсанаар хүүхдийн эрхийг хангах, хамгаалах харилцаа олон улсын түвшинд нийцэх хэмжээнд зохицуулагдаж байна. Эдгээр хуулийг батлахдаа монгол уламжлал, зан заншилд суурилсан.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хууль батлагдаад хэрэгжиж эхэлсэн. Малчдын тэтгэврийг тогтоохдоо ажилласан жилийг 1,2 жилээр нэмэгдүүлэн тооцох тухай хуулийг баталлаа. Ер нь энэ удаагийн чуулганаар нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх олон чухал хуулийг баталж чадсанд сэтгэлхангалуун байгаа. Өмнө нь гэр бүл, хүүхэд, эмэгтэйчүүдийн асуудлыг жижиг зүйл хэмээн орхигдуулж ирсэн. Энэ нь олон жилийн туршид маш олон тулгамдсан асуудал хуримтлагдах нөхцөл болсон байдаг.
Ж.Батзандан: Шоронжсон Эрүүгийн хуулийг халж, хүний эрхийг дээдэлсэн Эрүүгийн хуультай боллоо
Намрын чуулганаар хэлэлцэн баталсан нэг чухал хууль бол Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга юм. Ардчилсан нам 2012 оны сонгуульд оролцохдоо социалист маягийн шоронжсон эрүүгийн хуулийг халж, орчин үеийн, хүний эрхийг дээдэлсэн Эрүүгийн хуультай болно гэсэн амлалт өгч байсан. 2002 онд батлагдсан Эрүүгийн хуулиар ялын үндсэн төрөл бол хорих ял байсан. Бид хорих ялаас аль болох татгалзаж, үндсэн ялыг чиглэлийг олшруулж, төрөлжүүлсэн, сонгодог ялын системийг хуульчилж өгсөн.
Олон улсад эрүүгийн эрхзүйн үндсэн гурван дүрэм байдаг. 1.Ромын эрүүгийн эрхзүйн дүрэм, 2.Авилгын эсрэг НҮБ-ын конвенци, Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг конвенци. Эдгээр олон улсын эрүүгийн хэм хэмжээнд Монгол Улсын Эрүүгийн тухай хууль бүрэн нийцэж байгаа. Эрүүгийн эрхзүйн шинэчлэлийн нэг гол концефци бол аль болох хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийг хамгаалах харилцааг зохицуулж өгсөн. 2002 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэг үйлдсэн этгээд шоронд явдаг, хохирсон этгээд хохирсон чигээрээ үлддэг байсан. Харин одоо гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөөд, хохирлыг барагдуулсан бол ял хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх бололцоо нээгдсэн. Ер нь Монгол Улсын эрүүгийн эрхзүй шинэ шатанд гарсан. Хүний эрхийг хамгаалах чиглэлд дорвитой өөрчлөлтүүд хийгдсэн. Өмнө нь нэг хүнд 2-3 удаа ял оноодог, давтан гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хүндрүүлдэг гэх мэт социалист хэв магяийн эрүүгийн тогтолцоо үйлчилдэг байсан. Одоогийн эрүүгийн хуулиар нэг удаагийн үйлдэлд нэг л удаа ял оноодог шинэ дэвшил гарсан юм. Тухайлбал, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийн зорчих эрхийг хязгаарладаг гэх. Барууны орнуудад үүнийг гэрийн хорио гэж нэрлэдэг.
Эрүүгийн эрх зүйн өөрчлөлттэй холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг өөрчилж байгаа. Мөн Зөрчлийн тухай хуулийг батлан гаргасан. 2002 оноос хойш захиргааны хариуцлагын тухай хууль байсан. Зөрчлийг 250 гаруй хуулиар зохицуулдаг байсан бол одоо нэг стандарттай боллоо. Дараагийн нэг том хууль нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг батлан гаргалаа. Энэ хуульд захиргааны хэрэг, маргаан бүхэлдээ багтаж, нэгдсэн нэг стандартад орж байгаа. Захиргааны ерөнхий хуулийг мөн баталсан. Энэ мэт намрын чуулганаар олон хууль батлан гаргалаа. Эрх зүйн салбарт чухал өөрчлөлт шинэчлэлт хийгдэж соцалист хэв маягийн эрх зүйн тогтолцоог халлаа. Улмаар хүний эрхийг дээдэлсэн шинэ эрх зүйн орчныг бий болгож чадсан гэж бодож байна.
Ардчилсан намын бүлгийн удирдлагууд сэтгүүлчдийн асуултад хариуллаа Цэцийн даргыг чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй гэв
Ээлжит бус чуулган зарлаад нэг асуудал хэлэлцээд завсарлалаа. Энэ нь тийм чухал асуудал байсан уу?
Б.Гарамгайбаатар: Ээлжит бус чуулганаар ганц асуудал хэлэлцэнэ гэж төвлөгөөнд ороогүй. Даргын зөвлөлийн хурлаар 20 гаруй асуудал хэлэлцэхээр оруулсан. Энэ үеэр нам бүрийн төлөөлөл саналаа хэлж олонхийн шийдвэрээр хэлэлцэх асуудлын жагсаалт гарсан. Эдгээр асуудлуудаас МАН зөвхөн Үндсэн хуулийн цэцтэй холбоотой асуудалыг сонгож аваад ээлжит бус чуулганд орохгүй байх шийдвэр гаргасан. Мөн МАХН адил шийдвэр гаргасан. Үүний улмаас ээлжит бус чуулган хугацаандаа эхэлж чадаагүй удсан учраас ямар асуудлуудаа ээлжит бус чуулганаар хэлэлцэх, ямар асуудлуудаа хойшлуулах тухай зөвшилцөлийг хийсэний үндсэн дээр чуулган завсарласан.
-Хаврын чуулганаар хэлэлцэх хамгийн чухал хуулиуд гэвэл?
-Хаврын чуулганаар хамгийн чухал асуудлын нэг нь татварын эрх зүйн орчныг өөрчлөх байгаа.
-Үндсэн хуулийн даргыг эгүүлэн татсан нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж маргаан дагуулах магадлалтай байгаа. Ээлжит бус чуулганаар Үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргасан уу?
Ж.Батзандан: Эгүүлэн татах хууль эрх зүйн үндэслэл нь маш тодорхой байгаа. Хууль зөрчсөн гэж үзвэл санал болгосон байгууллагынх нь саналаар, эсвэл УИХ өөрөө эгүүлэн татах боломжтой. УИХ-ын даргаас Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зоригтод нэгдүгээр сарын 26-нд бичиг явуулсан байгаа. Түүнд ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанаа нь хууль зөрчсөн. Хүчин төгөлдөр болоогүй хуульд цэц маргаан үүсгэсэн байна гэж дурдсан. Тэгэхээр хууль хүчин төгөлдөр болоогүй байхад аливаа шүүх маргаан үүсгэх ямар ч бололцоогүй. Хоёрдугаарт, хүчин төгөлдөр бус хуулийг хэрэглэх ямар ч боломжгүй байдаг. Тэгэхээр хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр УИХ Улсын дээд шүүхийн дарга Ц.Зоригтоос саналыг нь авахаар албан бичиг явуулсан. Хариуд нь “Энэ асуудал дээр тусгайлсан санал байхгүй. УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд энэ асуудлаа шийд” гэсэн бичиг ирсэн. Ингээд УИХ Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр эгүүлэн татсан. Энд хууль зөрчсөн ямар ч үйлдэл байхгүй. “Унасан бөхөд шалтаг мундахгүй” гэж нэг үг бий. Ер нь монголын төрд хариуцлагаа хүлээж чаддаг албан хаагчид байх хэрэгтэй.
-Хүчин төгөлдөр болоогүй хууль дээр маргаан үүсгэсэн гэдэг нь эгүүлэн татах шалтгаан мөн үү? Наана нь өөр хариуцлагын арга хэмжээ авч болоогүй юм уу?
Б.Гарамгайбаатар: Үндсэн хууль зөрчсөн, зөрчөөгүй талаарх мэдээллийг сая Ж.Батзандан гишүүн тодорхой хэлчихлээ. Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн 4-т Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн хууль зөрчсөн бол Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал эгүүлэн татаж болно гэсэн заалт бий. Хууль хүчин төгөлдөр болоогүй, төрийн мэдээлэлд хэвлэгдээгүй, үйлчилж эхлээгүй байхад иргэний гомдлоор урьдчилаад Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг гаргаснаараа Үндсэн хуулийн цэц өөрөө хууль зөрчсөн. Үүнийг нь УИХ Улсын дээд шүүхтэй зөвлөлдөөд эгүүлэн татах шийдвэр гарсан. Энд ямар нэг хууль зөрчсөн үйлдэл байхгүй.
Ж.Батзандан: Хэвлэлээр “Үндсэн хуулийн цэц даргагүй боллоо” гэсэн мэдээлэл их цацагдаж байна. Тэгэхээр Үндсэн хуулийн цэцийн дарга нь ажлаа өгвөл яах вэ гэсэн зохицуулалт хуульд маш тодорхой байгаа. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн Зургаадугаар зүйлд “Цэцийн дарга огцорсон тохиолдолд цэцэд хамгийн удаан ажилласан гишүүн, хэрвээ энэ шаардлагыг хэд хэдэн гишүүн нэгэн адил хангаж байгаа бол хамгийн ахмад гишүүн Цэцийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж болно” гэж заасан байгаа. Одоогийн байдлаар Цэцийн гишүүдээс хамгийн ахмад нь Н.Жанцан гишүүн байна. Иймээс Үндсэн хуулийн цэц үйл ажиллагаагаа хэвийн явуулах бүрэн боломжтой гэдгийг хэлмээр байна.
Б.Гарамгайбаатар: УИХ хийх ажлаа хийгээд дуусгачихсан. Одоо Улсын дээд шүүх нэрээ оруулж ирэх ёстой. Тэр үед нь УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах боломжтой.
-Сая МАН-ын бүлэг мэдээлэл хийхдээ Улсын дээд шүүхийн гишүүд хуралдаж шийдвэр гаргаагүй гэдгийг хэллээ. Үүнийг тодруулбал?
Б.Гарамгайбаатар: Улсын дээд шүүхийн дарга бол Улсын дээд шүүхийг төлөөлж байгаа. Улсын дээд шүүхийн даргын тамга, гарын үсэгтэй бичиг ирсэн. Тэд хуралдаж шийдвэрээ гаргасан байж таарна.
Ж.Батзандан: Шүүхийн хуульд Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч нь Дээд шүүхийг гадаад, дотоодод төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн заалт байгаа. Тэгэхээр Ц.Зоригт дарга бол Улсын дээд шүүхийг бүрэн төлөөлөх эрхтэй этгээд гэж уншигдаж байна. Ер нь Цэцийн гишүүнийг эргүүлэн татах асуудал дээр Улсын дээд шүүх бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдах ёстой гэсэн хуулийн зохицуулалт байхгүй.