С.Одонтуяа: Жагсаалтад орох боломжтой ч Баянгол дүүрэгтээ нэр дэвших бодолтой байна
Өнгөрөгч даваа гаригт Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дөрөөдүгээр дээд чуулган болж УИХ-ын гишүүн С.Одонтуяа тус холбооны тэргүүнээр сонгогдсон билээ. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны шинэ тэргүүнээр сонгогдсонд баяр хүргэе. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнийг сонгох өрсөлдөөн нэлээд ширүүн болсон гэж дуулдсан?
-Манай Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дөрөвдүгээр дээд чуулган өнгөрөгч даваа гаригт Төрийн ордонд хуралдсан. Чуулганаараа бид “Монгол хүн 2020” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар эмэгтэйчүүддээ танилцуулсан. Ардчилсан намын “Монгол хүн 2020” хөтөлбөрөө Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо мөрийн хөтөлбөрөө болгон ажилладаг юм. Тухайлбал, “Эрүүл чийрэг монгол эмэгтэй”, “Эрдэм боловсролтой монгол эмэгтэй", “Ажилтай, орлоготой монгол эмэгтэй” гээд эмэгтэйчүүдийнхээ хүрээнд үйл ажиллагаа явуулж байна.
Мөн эмэгтэй гишүүдийн зүгээс хууль эрх зүйн орчны хүрээнд эмэгтэйчүүд, хүүхэд, гэр бүл рүү чиглэсэн ямар хууль, тогтоомжийг батлуулсан бэ гэдгээ тайлагнасан. Чуулганы төлөөлөгчид манай эмэгтэй гишүүдийн хийсэн ажил болон санаачилсан хуулийн төслийг дэмжиж, сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. Эмэгтэйчүүдийн бүлэг сайн ажиллаж байгаа гэсэн. Тэр утгаараа дараа дараагийн эмэгтэйчүүд улс төрд орж ирэхэд эмэгтэйчүүдийн манлайлал чухал юм гэдгийг чуулганы төлөөлөгчид хэлж байсан.
Чуулганы хамгийн хүнд хэсэг нь Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд нэр дэвших сонгууль байлаа. Өмнө нь манай нэртэй улстөрч Б.Дэлгэрмаа энэ холбооны тэргүүнээр ажиллаж байсан. Мөн УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл даргаар нь ажиллаж байгаад өөрөө өргөдлөө өгсөн тул шинээр тэргүүнийг сонгохоор болсон. Санал хураалтад чуулганы 650 гаруй төлөөлөгч саналаа өгсөн.
-Хоёр удаа санал хураалт явуулсан гээд байгаа бил үү?
-Эхний санал хураалтаар би 319 санал авч ялсан хэдий ч 50+1 гэдэг намын дүрмээр явах ёстой гээд дахин санал хураалт болсон. Тэр орой болчихсон хойно 650 хүнийг дахин санал хураалтад оролцуулна гэдэг хүнд байсан. Гэхдээ хамгийн сайхан нь манай эмэгтэйчүүд эхэлснээ заавал дуусгах ёстой гээд бүгдээрээ сонгуульд орсон. Хоёр дахь санал хураалтаар хоёр хүн өрсөлдсөн болохоор нэлээд өрсөлдөөнтэй байсан.
Энэ өрсөлдөөн юуг харуулж байна гэхээр АН чадалтай, чадвартай эмэгтэйчүүд олонтой юм байна. УИХ-ын гишүүнтэйгээ ингэж өрсөлдөж байна гэдэг бол өрсөлдөх чадвартай юм байна гэдгийг харуулж байгаа юм. Тэд маань өөрсдөө тойрогт нэр дэвшихэд ялаад гарч ирэх боломжтой бүсгүйчүүд байна хэмээн бахархаж суулаа. Харин хоёр дахь удаагийн санал хураалтаар 315 санал авч хоёр хүнээр ялсан ч миний нэг санал хүчингүй болж нэг саналаар ялсан. Нэг саналаар ялна гэдэг сонин л юм байна лээ.
-Санал хураалт явагдах үеэр мөнгө тараасан гэдэг яриа гарсан байна лээ?
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр тийм зүйл явсан гэдгийг хүн надад хэлж байсан. Яг юу гарсныг нь мэдэхгүй л байна.
-Та Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр сонгогдсон. Удахгүй сонгууль болно. Ер нь цаашид ямар хөтөлбөрийн хүрээнд ажиллах вэ?
-Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо бол Монголын нийт эмэгтэйчүүдийн хөгжлийг манлайлж ажиллах ёстой гэж боддог. Тэр үүрэг хариуцлага ч гэсэн ирж байна. Тиймээс бид НҮБ-аас батлан гаргасан Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд тусгасан заалтуудыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. “Монгол хүн 2020” хөтөлбөрийн хүрээнд ажиллах ёстой. Энэ нь Монголын эмэгтэйчүүд, гэр бүлийн төлөө хийж байгаа ажил. Үүнийг бид манлайлах ёстой. Нөгөө талаараа аливаа улс төрийн намын гол зорилго сонгуульд ялалт байгуулах байдаг. Тиймээс бид 2016 оны сонгуульд ялалт байгуулахад Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо маш сайн бэлдэх ёстой.
Би чуулганы үеэр хурлын танхимд суугаа төлөөлөгчдөө хараад бахархсан. Сум, аймаг, дүүрэг, нийслэлийн ИТХ-д эмэгтэйчүүд олноороо байна. Манайх дүрэмдээ чуулганы төлөөлөгч гээд хэдэн хүн сонгоод ирэх биш сонгуульд бодит ялалт байгуулсан хүмүүст мандат өгч байгаа. Ийм үр дүнтэй хүмүүс хуралд ирдэг болохоор төлөөлөгч дээр ямар нэгэн маргаан гардаггүй. Төлөөлөгчид тэр дарга явуулчихаж гэж ярьдаг байх аа. Манай дээр тийм зүйл байдаггүй. Энэ эмэгтэйчүүд эрч хүч, хүсэл эрмэлзэл, чадалтай байна. Гагцхүү нэгдсэн удирдамж, хөтөлбөрөөр хангаад хэрэгтэй сургалтуудыг нь явуулж, үр дүнд хүргэх ажлуудыг нэн яаралтай хийх ёстой. Манай эмэгтэйчүүдэд чадвар бий ч эмэгтэй улстөрчийн манлайллыг хэрхэн биелүүлэх вэ.
Яаж эрэгтэй хүмүүстэй улс төрд өрсөлдөх вэ, өөрсдийг нь сонгож буй иргэдэд хэрэгтэй, хүсэн хүлээсэн зүйлийг нь хийвэл дэмжлэг авах уу гэсэн зүйлс дээр сургалт явуулах туйлын шаардлагатай юм билээ. Миний хувьд “Хатуу дэд бүтэц ба ялалт”, “Зөөлөн дэд бүтэц ба ялалт” гэсэн хоёр хэсэгтэй мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн.
-Жаахан дэлгэрүүлэхгүй юу?
-“Хатуу дэд бүтэц ба ялалт” гэдэг нь АН-ын үед ямар том замын бүтээн байгуулалт хийгдсэнийг хэлж байгаа юм. Бид уулзаж ярилцах, зөвлөгөөн, хэлэлцүүлэг хийхэд маш том боломж бүрдсэн байна. Үүнийгээ ашиглаж чадах юм бол бид ялалт байгуулж чадна. Орон нутгийн төлөөлөгчидтэй урд өдөр нь ярихад хөдөө байна гэсэн бол маргааш нь хотод ирчихсэн гүйж явдаг. Энэ чинь зам сайн болсных шүү дээ. Тиймээс бид байнга уулзаж, хэлэлцүүлэг, зөвлөгөөн хийх боломж нээгдсэн. Харин нөгөөх нь гэвэл би бүх аймаг, суманд очиж өөрийн биеэр ажиллах боломжгүй тул фэйсбүүкийн групп бий болгоно.
“Бүгдээрээ найзууд болъё” гэдэг уриа дэвшүүлсэн. Найзууд болноо гэдэг чинь бие биенээ илүү таних боломж олдоно. Нэгнийгээ зоригжуулахаас эхлээд онлайнаар сургалтууд хийж болохоор байгаа юм. Нэг цэгээс бүх хүнийг удирдамжаар хангах боломж юм билээ. Энэ хөтөлбөр маань эмэгтэйчүүдэд таалагдсан. Мөн нэг удирдамжаар хангахаас эхлээд ажлаа цаг тухай бүрт нь хийвэл ялалт байгуулдаг гэдгийг баримттай ярьж өгсөн. Баянгол дүүрэгт гэхэд Ерөнхийлөгчийн хоёр сонгууль дараалан ялалт байгуулсан. 2009 онд 25 мянган санал авч байсан бол 2013 онд 45 мянган санал авсан. Баянгол дүүрэг бол гурван аймаг нэгтгэсэн хэмжээний саналыг авч чаддаг.
2012 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулсны 50 хувь нь эмэгтэй, НЙТХ-д 100 хувь ялалт байгуулсны 75 хувь нь эмэгтэй, дүүргийн ИТХ-ын хуралд 100 хувь ялалт байгуулсны 50 хувь нь эмэгтэй, хороодын Засаг даргыг томилох сонгуульд 100 хувь ялалт байгуулсны 50 хувь нь эмэгтэй гээд үзэхээр манай Баянгол дүүрэг эмэгтэйчүүдээ, эмэгтэй улстөрчдөө бэлдэж гаргадаг өөрсдийн туршлагатай. Энэ туршлагаа ардчилсан эмэгтэйчүүддээ зааж, сургах ажлыг эхлүүлнэ.
-Таныг Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн болсноор намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болно гээд байгаа шүү дээ. Нэг талаасаа шагнал юм биш үү?
-Хүмүүс шагнал гэж хараад байгаа юм билээ. Би Баянгол гэдэг өөрийн тойрогтой. С.Эрдэнэ гишүүн бид хоёр өнгөрсөн гурван жилиин хугацаанд тойрогтоо олон эмнэлэг, сургууль, цэцэрлэг барьж, замын өргөтгөл хийсэн. Тиймээс энэ бол шагнал биш.
Өнгөрсөн сонгуулиар жагсаалтад орохгүй тул өмнө нь тойргоос сонгогдсон гишүүдэд жагсаалт нээлттэй байгаа. Би бүлгийн дэд даргынхаа хувиар жагсаалтад орох боломж бий. Гэсэн ч би Баянгол дүүргийн иргэдийнхээ төлөө ажиллаж байгаа. Иргэд маань ч гэсэн надад итгэж, найддаг. Тиймээс би Баянгол дүүрэгтээ нэр дэвших бодолтой байна.
-Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооныхон танд ямар захиа, даалгавар өгсөн бэ?
-Манай нам 2012 оны сонгуулийн өмнө “Монгол хүн 2020” гээд орон даяар хэлэлцүүлэг хийснийг санаж байгаа байх. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо орон даяар хэлэлцүүлэг хийхдээ таван үндсэн асуудлын хүрээнд хэлэлцүүлэг мөн хийсэн. Хөдөө орон нутгийн, хотын эмэгтэйчүүд юу хүсээд байгаа юм гэдгийг нь судалсан. Нэгэнт ингээд мөрийн хөтөлбөр гарсан болохоор түүнийхээ хүрээнд ажиллаж байгаа. УИХ-аар Эрүү, Зөрчлийн хуулийг батлахад хүүхдийн эрх, гэр бүлийн хүчирхийллийн заалтуудыг хуулиндаа оруулж өгсөн.
Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцогдохоор Монголын төр анх удаа хуульчиллаа. Хүүхдийн эрхийг зөрчсөн хүмүүст хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг чангатгасан бол Зөрчлийн хуулиар олон заалтыг зохицуулахаар болсон. Тийм учраас бид Гэр бүлийн тухай хуульдаа маш чухал заалтуудыг оруулж өгөх ёстой. Яавал гэр бүл бат бөх, аз жаргалтай байх вэ гэдгийг уг хуулиараа зохицуулна.
Мөн миний ахалж байгаа Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын хууль байна. Энэ бол маш чухал хууль юм. Саяхан Хамтын тэтгэврийн тухай хуулийг баталсан. Уг хуулийг баталснаар эмэгтэйчүүдэд үнэхээр ач холбогдолтой. Эмэгтэй хүмүүс хүүхдээ хардаг, цалин бага байдаг тул тэтгэвэр нь бага тогтоогдож, ажилласан жил тасардаг. Харин нөхөр нь өндөр цалинтай байдаг. Нөхөр нь нас барсан тохиолдолд эмэгтэй хүн шууд ядуурлын түвшинд ордог. Тиймээс хамтын тэтгэвэр гэдэг маш чухал. Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль гэхэд хотод гэхээсээ илүүтэйгээр хөдөө орон нутагт ач холбогдол өндөр байх юм. Цэцэрлэгээс алслагдсан сум, баг, отроор явж буй үед хүүхдийг нь харах хүнгүй болдог. Тиймээс хуулийн зохицуулалтаараа үүнийг шийдэж өгсөн.