УИХ-ын гишүүн С.Ганбаатар ХҮНамын дарга боллоо
Хөдөлмөрийн үндэсний намын ээлжит бус Их хурал өчигдөр, өнөөдөр Улаанбаатар хотод болж байна. Тус Их хуралд 21 аймаг, есөн дүүргийн намын анхан шатны хороодын дарга, тэргүүлэгч, гишүүд болох 342 төлөөлөгч оролцож, цаг үеийн асуудлаар илтгэл тавьж, санал солилцсон байна. Мөн намын Төв хорооны хурлын үеэр тус намын дарга С.Боргил намын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ. Тэрээр “Олон нийтэд илүү танигдсан, ХҮН намыг сонгуульд авч орох туршлагатай, улстөрч намын даргын ажлыг хийх нь зүйтэй” гэсэн хүсэлтээ ХҮН намын Ерөнхий нарын бичгийн дарга Т.Доржхандад өгөөд төв хорооны гишүүдэд хандан намын даргад УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг санал болгожээ. Бие даан нэр дэвшиж УИХ-д сонгогдсон С.Ганбаатар гишүүн ХҮН намд элсээд удаагүй байгаа билээ. Ийн санал хураалтаар С.Ганбаатар 98 хувийн саналаар ХҮН намын даргаар сонгогдов.
ХҮН намын ээлжит бус их хурал өнөөдөр хоёр дахь өдрөө Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт үргэлжлэн хуралдах бөгөөд хурлын үеэр ХҮН намын шинэ дарга С.Ганбаатар андгай өргөх юм байна.