АН-ын ҮЗХ энэ сарын 27-нд хуралдана
АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо энэ сарын 27-нд хуралдахаар товоо гаргажээ. Уг хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэхээр болсон байна.
Тухайлбал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 25-нд хуралдсан Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар ИЗНН болон МҮАН-тай нэгдэх асуудлыг хэлэлцсэн.
Тиймээс энэ удаагийн Үндэсний зөвлөлдөх хурлаар уг асуудлыг тодорхой болгож, тэдгээр намын төлөөллийг Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл, Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүнчлэлийн хэдэн хувьд оруулах, УИХ-д нэр дэвших квотыг тодорхой тогтоох, уг асуудлыг Ардчилсан намын дүрэмд тусгах зэрэг асуудлыг хэлэлцэх юм. Мөн сонгуулийн жил учир бэлтгэл ажлын талаар ч ярилцах аж.
АН-ын даргаар З.Энхболд сонгогдсоноос хойш анх удаа ҮЗХ-гоо хуралдуулж байгаа юм. Өнгөрсөн намар Ч.Сайханбилэг ҮЗХ-гоо хуралдуулахыг удирдлагуудаасаа шаардаж байсан юм.